ЗӨВЛӨМЖ: НЭГДҮГЭЭР АНГИД ОРОХ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр буюу цахимаар зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотой заавар мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газраас өглөө.
-Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?
-Зөвхөн 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
-Элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?
Та бүхэн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг гурван аргаар бүртгүүлэх боломжтой.
- Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
- Гар утасны E-Mongolia аппликэйшн
- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. Үүний тулд хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай.
-Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?
2023 оны наймдугаар сарын 15-ны 09:00 цагаас наймдугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэл баталгаажуулах үйлдлийн дараалал
- Үйлчилгээнүүд цонхны Боловсрол хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэсэгт хандан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн мэдээлэл харагдана.
- Элсэгчийн хувийн мэдээллийг системээс харуулах бөгөөд хүсэлт илгээнэ.
- Хүсэлт илгээснээр хүүхдийн бүртгэлтэй хаяг харагдах ба эцэг, эх, асран хамгаалагчийн хариулсан асуулгад үндэслэн асуулгад тухайн хүүхдийн хамран сургах тойргын дагуу бүртгэгдэх сургуулийн мэдээлэл харуулна.
- Элсэлтийн төлөв хэсэгт дараах төлөвүүд харуулна.
4.1.1 Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу.
4.1.2 Төлөв 2: “Хянагдаж байгаа” - Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.
4.1.3 Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” - Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна.
4.1.4 Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Жишээлбэл тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзсан байна.
4.1.5 Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой” - Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.
4.1.6 Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” - Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой.
4.1.7 Төлөв 7: “Элсэлт батлагдсан” төлөв харуулна.
Сэтгэгдэл