Хүйтэн дайнаас хойших хамгийн нүсэр цэргийн парад Варшавт боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Хөрш Украинд дайн болж буй энэ үед батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэхийг зорьж буй Польш улс цэрэг армийн сүр хүчээ харуулах зорилгоор нийслэл Варшав хотод мягмар гарагт томоохон цэргийн парад хийжээ.

Зэвсэгт хүчний парадыг 1920 оны Варшавын тулалдааны ойг тохиолдуулан хийсэн байна. Тухайн үед Польшийн цэргүүд Европ руу давшиж байсан большевик цэргүүдийг бутцохиж байсан түүхтэй.

“Наймдугаар сарын 15-ний өдөр бол Варшавын тулалдаанд ялалт байгуулсан баатруудад хүндэтгэл үзүүлэх, эх орноо хамгаалж буй эдүгээ цагийн дайчдад талархал илэрхийлэх өдөр төдийгүй сүр хүчээ харуулах, улс орныхоо хил хязгаарыг ямар ч эргэлзээгүйгээр хамгаалж чадах хүчирхэг зэвсэгт хүчнийг бид цогцлоон бий болгоод буйг харуулах хамгийн тохиромжтой өдөр мөн” гэдгийг Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак онцлон тэмдэглэлээ.

Парадын үеэр юу үзүүлэв?

Польш болон НАТО-гийн эвслийн бусад улсуудын 2000 орчим цэрэг парадад оролцжээ.

Энэ үеэр 200 нэгж цэргийн техникийг үзүүлсэн ба Варшавын тэнгэрт “Black Hawk” нисдэг тэрэгнүүд, “F-16”, “FA-50” сөнөөгч онгоцнууд нисэж байлаа. Зэвсэг техникүүдийн дотор АНУ-д үйлдвэрлэсэн “M1A1 Abrams” танк, БНСУ-ын “K2” танк, “K9” өөрөө явагч их буу, артиллерийн “HIMARS” систем, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем, Польшид үйлдвэрлэсэн “Borsuk” явган цэргийн байлдааны машин байв.

НАТО-гийн гишүүн Польш улс Оросын эсрэг дайнд Украиныг дэмжиж байгаа юм.

“Хууль ба шударга ёс” намын /PiS/ тэргүүлсэн тус улсын Засгийн газар байлдааны бэлэн байдлыг хангахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд танк, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, сөнөөгч онгоц худалдан авахад 16 тэрбум гаруй ам.доллар /14.6 тэрбум евро/ зарцуулжээ.

“PiS” нам энэ онд зэвсэгт хүчний бүтцийг хоёр дахин тэлж, ДНБ-ний 4 орчим хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулна гэж амлаад байгаа юм.

Батлан хамгаалах зардлыг эрс өсгөсөн нь

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда цэрэг армийн хэрэгцээ шаардлагыг эн тэргүүнд тавьж байгаагүй өмнөх засгийн газруудыг шүүмжилжээ. “Сүүлийн найман жил бол Польшийн армийг сэргээн босгох цаг үе байлаа. Өмнө нь үүний эсрэг байр суурьтай байж, Польшийн цэргийн зардлыг танаж байсан” гэж тэрбээр хэлэв. Харин сөрөг хүчнийхний зүгээс "улс төрийн ашиг хонжоо олохын тулд цэрэг армийг ашиглаж байна" хэмээн засгийн газрыг шүүмжилжээ. Польшт ирэх 10 дугаар сард бүх нийтийн сонгууль болох бөгөөд “PiS” нам гурав дахь удаагаа ялалт байгуулахыг эрмэлзэж байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

НАТО-гүй бол юү ч биш. [66.181.181.141] 2023-08-16 20:22:07

Польшууд жоохон улсаа мэдээд энэ 1920 оны үйл явдлыг далимдуулж сүржигнэж байнадоо. НАТО-гийн хүчээр л Оростой тэмцэхэд бэлэн гэж сая наасан байсан. Польш нь дангаараа өчүүхэн гэдэгээ мэддэг юм байнлээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.