Гэр бүл судлаач Ж.Баясгалан: Хүн өөрийнхөө төлөө гэхээс илүү хэн нэгний төлөө өөрчлөгдөж чаддаг
Гэр бүл судлаач Ж.Баясгалантай ярилцлаа.
-Зарим хүмүүс гадны хүмүүстэй тун сайхан харилцдаг хэрнээ, гэр бүлийнхэндээ хамгийн таагүй зан араншингаа гаргадаг талаар яриагаа эхэлье.
-Гэр бүл судлаачдын зүгээс, ханиа сонгохдоо хамгийн түрүүнд өөрт тань болон найз нөхдөдөө яаж хандаж буйгаар биш, гэр бүл болон хайртай дотны хүмүүстээ хэрхэн хандаж буйгаар нь дүгнэлт хийхийг зөвлөдөг. Яагаад гэхээр хүний үндсэн хэв шинж, сэтгэл зүйн байдал, дотоод харизм ямар ч хаалтгүйгээр илэрдэг харилцаа бол гэр бүлийн орчин байдаг. Бид нийгмийн орчинд ихэвчлэн карьер, ажлын амжилт гэх мэт хамаг сайхнаараа бусадтай харилцдаг. Өөрт нь хандаж буй хандлагаар, сайн хүн, сайхан хүн байна гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Гэр бүлийнхэндээ ямар зан араншин гаргаж буйгаар нь тэр хүний жинхэнэ араншинг тодорхойлж болдог. Энэ бол эхний шалтгаан. Нөгөөтэйгүүр, бас тодорхой шалтгаанууд байж болно. Дараагийнх нь, нийгмийн стресс, бухимдал, ажлын ачааллаа зөв тайлж чадаагүй тохиолдолд уур бухимдлын хохирогч орчин гэр бүл болчихоод байдаг. Гуравдугаар шалтгаан нь, гэр бүлийн харилцааны мөчлөгүүд байдаг.
Дунджаар арван жилээс дээш хугацаагаар амьдарч буй хосуудад тохиолддог. Урт хугацаанд амьдралын төлөө хичээж зүтгэсний дараах тодорхой амжилт, амьдралын өөрчлөлтийн нөлөө буюу хуримтлагдсан стресс бухимдлын нөлөө. Дөрөвдүгээрт, анхны мэдрэмжүүдээс алсрах тусам хосуудын хооронд зөрчил, их бага үл ойлголцлууд үүсч эхэлдэг. Тиймээс харилцаанд муухай зан ааш гаргах зэргээр илэрнэ. Тавдугаарт, хүний сэтгэлзүйн дөрвөн хэв шинж бас нөлөөлнө. Хүн эдгээр шалтгаануудыг ухамсарлаж хамгийн эрхэм ертөнц болох гэр бүлдээ сайн сайхан зангаа гаргаж, хайрлаж байх нь үр хүүхдэдээ өгч байгаа аз жаргал.
-Аливаа харилцаанд мэдрэмжтэй байх гэдэг нь суралцдаг зүйл үү, эсвэл төрөлхийн өгөгдөл үү. Мэдрэмж гэж юу вэ?
-Мэдрэмж гэдэг нь ямар цаг хугацаанд, хаана, юу хэлэх, юу үйлдэхээ тодорхой мэддэг байхыг хэлнэ. Мөн сонсож ойлгох чадварыг хэлнэ. Бүх хүнд мэдрэмж байдаг. Хүн гэдэг өөрчлөгдөж болдог, өөрчлөгдөх боломжтойгоороо бусад амьтдаас ялгардаг онцлогтой. Мэдрэмжийг хөгжүүлэх эсэх нь хувь хүний асуудал. Харилцааны асуудал дээр мэдрэмжийг заавал хөгжүүлээсэй гэж зөвлөдөг. Харилцааны арга техникийг суралцах боломжтой. Хүний тархи өөрийгөө хамгаалах механизм автоматаар ажиллаж, өөрт нь зөвлөх үйлдлийг шууд хүлээж авахгүй байх нь бий. Тулгасан, шаардсан, буруутгасан өнгөөр эхэлсэн харьцаанаас эерэг үр дүн гарах боломжгүй. Энд нэг харилцааны алтан дүрэм байдаг нь эхлээд нэгээс хоёр зүйлийг сайтар магт. Энэ нь сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгож, алдаагаа олж харах боломжийг өгдөг. Дараагийн үг зөвлөмжийг хүлээж авахад бэлтгэгддэг.
-Та нэгнээ сонсож ойлгох чадварыг бас мэдрэмж гэлээ. Энэ талаар тодруулбал?
-Хосуудын болон хүмүүс хоорондоо ярилцдаг уу гэхээр ярилцдаг гэх боловч нэгнийгээ сонсох тал дээр алдаа гаргаж байгаагаа анзаардаггүй. Тодруулбал, нөгөө хүнээ сонсож байх үедээ дотроо зөвхөн өөрийн хариултыг л бодож байдаг. Хошиноор хэлэхэд, сөрсөн базаа буюу тухайн хүнээ яаж давсан хариулт хэлэх талаар л бодож байдаг гэсэн үг. Энэ алдааг гаргадаг учраас ярилцах үед амжилт олдоггүй. Тэгэхээр сонсоно гэдэг нь, өөрийнхөө хариултыг бодох биш, өөрийн зүрх сэтгэлийг хоослоод миний хань, миний эхнэр, нөхөр, хүүхэд юу хэлэхийг, юунд шаналж зовоод байгааг ойлгож мэдрэхийг хичээх нь сонсож ойлгох чадвар. Энэ бол мэдрэмжийн нэг чухал хэлбэр гэж тодорхойлсон байна. Заавал өөрийгөө батлах, нотлох хариултаас илүү нөгөө хүнийг мэдрэх нь эрхэм чанар.
-Хүний зан араншингийн суурь гэр бүлийн хүмүүжил гэдэг. Нэгэнт бага насандаа авч чадаагүй гэр бүлийн суурь хүмүүжлийг хожим нь олж авах боломжтой юу?
- Гэр бүлийн суурь боловсролыг нөхөж олж авах сургалтын систем гэж хаана ч байхгүй. Хувь хүний хэв шинж, суурь хүмүүжлийг бий болгодог орчин бол гэр бүл. Бага насанд суусан суурь хүмүүжил бол барагтайд өөрчлөгддөггүй гэж үздэг. Ялангуяа гэр бүл дэх сөрөг зан үйл үр хүүхдэд өвлөгдөх магадлал 50 хувь гэж үздэг. Сөрөг зан үйл гэдэг нь архидалт архидалт, хэрүүл зөрчлөөс зөрчил маргаан, салалтаас салалт өвлөгдөх магадлал өндөр гэсэн үг. Монгол Улсад гэр бүлийн боловсролыг цэцэрлэг, сургууль, Их, дээд сургуулийн алинд ч сургалтаар олгодоггүй учраас зөвхөн гэр бүлээсээ л авдаг. Тэгэхээр эцэг эхчүүд бол үр хүүхдийнхээ хэн болох, хүн байх гэдэг суурийг олгодог. Гэр бүл бол амьдралын хамгийн том сургууль гэдгийг ухамсарлах нь чухал. Гэхдээ гэр бүлийн суурь хүмүүжил олж аваагүй гээд бүх зүйл боломжгүй гэсэн үг биш. Мэдээ мэдээллээр дамжуулан суралцах, өөрчлөгдөх, ахих дэвших боломжууд мэдээж бий.
-Та хүн өөрчлөгдөх боломжтой байдаг гэлээ. Ямар тохиолдолд өөрчлөгддөг юм бол?
-Хүн өөрийнхөө төлөө, өөрөө хүсвэл өөрчлөгддөг гэсэн ташаа ойлголт байдаг. Харин хүн өөрийнхөө төлөө гэхээс илүү хэн нэг хүний төлөө өөрчлөгдөж чаддаг гэж үздэг. Тэр дундаа хайртай хүнийхээ төлөө ямар ч өөрчлөлтийг хийхэд бэлэн байдаг. Хайр байгаа үед өөрчлөлтийг хийж чаддаг. Хайр гэдэг гайхалтай хүчтэй зүйл.
-Гэр бүл салалтад юу нөлөөлж байна. Бат бөх гэр бүл байхын тулд хамгийн чухал зүйл юу вэ?
-Салалтад нөлөөлөх олон шалтгаан бий. Хосуудад зөвлөхөд, анх яаж сэтгэл татагдаж, хайрлаж, хүндэлж, ямар мэдрэмжүүд төрүүлж байснаа үргэлж санаж илэрхийлж байх нь хосуудын харилцааг бат бөх сайхнаар авч үлддэг. Хэзээ ч орхиж болохгүй зүйл бол анх эхэлсэн харилцаа хандлагын мэдрэмж юм. Мөн томчууд, хүүхдүүд гэлтгүй гэр бүлийн харилцаанд урамшуулах байдал чухал харилцааны хэлбэр. Одоогийн нийгэмд хаа сайгүй “буллидэлт” явагдаж байна. Сайн муу явсан, сайхан муухай байсан, гадаад орчинд, ажил, сургууль дээр ч буллидэж байна. Ямар нэг үйлдэл хийсэн хийгээгүй, буруутгал шүүмжлэлд өртөж байдаг болжээ. Харин гэр бүл бол ямар нэг буруутгал хүлээхгүй, сэтгэл зүйн болоод бие махбодын хувьд хамгийн тайван таатай орчин байх ёстой. Гэтэл гэртээ ороод дахиад чи ийм, тийм, тэгсэнгүй ингэсэнгүй гэх буруутгалууд мэдрээд, буллидүүлээд ирэхээр сэтгэл зүйн хувьд уналтад орж, сэтгэл гутрал, стрессийн гүн мухардалд хүргэдэг. Цаашлаад амиа хорлолтод хүргэх нь ч бий. Тэгэхээр гэр бүл хэмээх нандин орчинд тайвшрах, хамгаалагдах мэдрэмж авдаг байхын тулд урамшуулах, зоригжуулах харилцааг эрхэмлэх нь чухал. Бас нэг зөрчлийн шалтгаан нь ялгаатай байдал. Хүйс, боловсрол, үзэл бодол, төрсөн өссөн орчны ялгаа гэх мэт. Энэ тохиолдолд гэр бүлийн харилцааны чухал зарчим бол уян хатан зан чанар. Таны ямар ч ялгаатай байдлаас үл хамааран, нөгөө хүнээ түрүүлж бодох, өөрийнхөө оронд тавьж үзэх, хүлээн зөвшөөрөх мэдрэмжтэй, уян хатан зан чанар нь бат бөх гэр бүлийг үүсгэж чаддаг. Эсрэгээрээ би ийм л хүн, надад та нар дасан зохиц гэсэн хатуу зан чанараар гэр бүлийн харилцааг бат бөх байлгах хэцүү. Гэр бүлүүд асуудлыг шийдэхэд хэцүү үед мэргэжлийн хүмүүст ханддаг болсон нь зөв шийдэлд хүргэж байгаа.
-Тэгвэл гэр бүлээс гадуурх харилцаа юунаас үүсдэг вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн эхэнд, урт удаан хугацаагаар хол ажиллаж амьдрах байдал. Энэ нь мэдрэмжийн холбоосууд холддог гэсэн үг. Ээнэгшлийн онолоор тайлбарлаж болно. Хүүхэд яагаад ээждээ илүү дотно байдаг вэ гэхээр төрсөн цагаас нь бие организмын хамгийн ойр дотно хүрэлцэх мэдрэмжид үргэлж ойрхон байдаг учраас. Үүнийг ээнэгшил гэдэг. Ээнэгшлийн үйл явц идэвхтэй байх тусам мэдрэмжийн холбоосууд сайжирдаг гэсэн үг. Тиймээс хосуудын хувьд хамт байх, хүрэлцэх шүргэлцэх харилцаанууд нь их байх тусам ээнэгшлийн холбоосуудыг нэмэгдүүлдэг. Энэ зөвхөн бэлгийн харилцааны асуудал биш. Холбоосууд багасах тусам гэр бүлээс гадуурх харилцааны суурь явагдаж эхэлдэг гэж болно. 2000 оноос өмнө гэр бүл салалтын шалтгаан архидалт, хүчирхийлэл, эдийн засгийн асуудал, хадмуудын нөлөөлөл гэх мэт давамгайлж байсан бол үүнээс хойших шалтгаануудын эхний байранд урт удаан хугацаанд хол байх гэдэг хэлбэр орж ирсэн. Тэгэхээр хосууд хамтдаа байх цагийг тогтмол гаргаж, мэдрэмжийн холбоосуудаа идэвхтэй байлгахыг зөвлөдөг. Энэ нь заавал үнэтэй ресторан, аялал ч байх албагүй. Хоёр биедээ цаг гаргаж хамтдаа алхдаг байсан ч болно шүү дээ. Сүүлийн үед монгол гэр бүлүүд хэтэрхий хүүхэд төвтэй болоод байгаа нь буруу юм. Хүүхдээ анхаарах нь хариуцлага мөн ч гэсэн хамгийн түрүүнд хоёр биедээ илүү анхаарал хандуулбал хүүхдэдээ аяндаа зөв хүмүүжил олгож буй хэлбэр.
-Одоогийн залуусын гэр бүл төлөвлөлт ямархуу чиг хандлагатай байгаа вэ. Энэ насны залуусын хувьд анхаарах асуудал юу байна?
-Гэрлэлтийн дундаж наслалт урьд нь 23-24 байсан бол одоо 27-28 нас хүрч байна гэж үзэж байна. Манай улсын хувьд нөхөн үржихүйн нас 35 хүртэл гэж үзэж байгаа болохоор энэ нь хүн амын өсөлтөд сөрөг нөлөөтэй. Монгол хүний дундаж харьцангуй өсч, 66-75 гэж үздэг болсон. Нийгэм ерөнхийдөө өөрчлөгдөж байна. Одоогийн залуус эрүүл эко амьдралын зөв хэмнэл, алкахолоос татгалзах байдал гэх мэт давуу талууд маш их байгаа. Гэхдээ моногами гэр бүл буюу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэр бүлээ батлуулах, соёлт гэр бүлийн тогтвортой амьдралд ач холбогдол өгөх нь багасч байна. Нэгнийхээ өмнө хариуцлага хүлээх дургүй, гэр бүл батлуулах хүсэлгүй байгаа нь бас нэг өрөөсгөл хандлага гэж болно. Гэхдээ өөрчлөлтийг таамаглах боломжгүй. Гэр бүлээ эрхэмлэх соёлыг эцэг эхийн үлгэр дуурайлаас өвлөж байдаг.
-Хүүхэд залуус гэр бүлийн боловсролыг цахим дахь мэдээллээр ойлгож байгаа тал бий юу. Энэ нь ямар нөлөөтэй вэ?
-Цахим ертөнц бага насны хүүхдүүдэд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгийн наад зах нь бэлгийн харилцаанд эрт орж байгаа зэргээс харж болно. Хувь хүний үндсэн эрх биш учраас хүүхдүүдийн хувьд хязгаарлах нь зүйтэй.Арга хэмжээг авч байж эерэг үр дүнд хүрнэ. Томчуудын хувьд ухамсарт сонголтыг өөрсдөө хийх хэрэгтэй.
-Томчууд ер нь хүүхдийг үл хүндэтгэх хандлагатай байдаг. Аав, ээжийн үүрэг хариуцлага, тэгш оролцооны тухай та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүүхдийн хандлага, харилцааны асуудал бол эцэг эхчүүдтэй шууд холбоотой. Ийм судалгаа байдаг. Аав хүн гэр бүлдээ хэлдэг үгсийн сангаар хүүхдийн ярианы хэл баяжигдаж, ээж хүний ярианы өнгөөр мөн адил ярианы өнгө нь тогтож хэвшиж байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ анзаараад үзэх хэрэгтэй. Аав дуугүй хүн байвал хүүхдүүд тодорхой хэмжээгээр үгийн баялаг тааруу байх, хараалын үг хэлдэг бол хүүхдүүд мөн адил байх ёстой хэвийн зүйл мэт хүлээж авах гэх мэт. Хүүхэдтэйгээ харилцах тал дээр анхаарахаас илүү материаллаг зүйлсэд илүү ач холбогдол өгч байгаа нь харагддаг. Жишээ хэлэхэд, ширээний номыг харахад хүүхдийн ном, гэр бүлийн харилцааны талаар уншихаас илүү яаж баяжих вэ, яаж амжилтад хүрэх вэ зэрэг ном байгаа харагддаг. Эцэг эхчүүд энэ тал дээр дүгнэлт хийх нь хүүхдийнхээ ирээдүйн амьдралын суурийг бэлтгэж байна гэсэн үг юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.ДАРИЙМ


































































Сэтгэгдэл