АРХИТЕКТУРЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРСОН 11,668 БАРИЛГА, 3941 ЭЗЭМШИГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОЛОО
Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж буй бөгөөд эхний шийдвэрүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Ерөнхий сайдын нэг тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд "Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийн ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллүүдийг shilen.gov.mn/ системд байршуулсныг танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын нийт 8804 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn/-нд өнөөдрөөс ил тод байршуулж байна.
Аймгуудад 15 жилийн хугацаанд 165 улсын комисс ажиллаж 4721 дүгнэлт, нийслэлд 105 улсын комисс ажиллаж, 3683 дүгнэлтийг гаргасан.
Барилга байгууламжийн эзлэхүүн, төрөл, хийцээс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр нь ангилдаг.
Энэ хүрээнд нийслэлд
Тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй-336
Таваас есөн давхар буюу дунд төвөгшилтэй-1280
Есөөс 16 давхар буюу өндөр төвөгшилтэй-560
16-аас дээш давхар буюу онцгой төвөгшилтэй-57 барилгад дүгнэлт гаргасан.
Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектурын төлөвлөлтөд орсон 11,668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна" гэв.
Өнөөдрийн хурлаар
- Нийслэлд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,
- Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,
- Шил ажиллагааны талаар,
- Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно
Сэтгэгдэл