С.ЦОЛМОН: РОМЫН ПАПЫН АЙЛЧЛАЛААР ШАШНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨӨС ГАДНА ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХ БОЛОМЖТОЙ

Aдмин / Нүүр

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлахтай холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор С.Цолмонтой уулзаж Монголын их хаад, Ромын Ватикантай харилцаа холбоотой байсан талаар товч тодруулга авлаа.


-Ромын католик сүм хийдийн тэргүүн Францис тун удахгүй манай улсад айлчлахаар товлогджээ. Тэрбээр манай улсад айлчилснаар ямар ач холбогдолтой вэ?

-Манай улс даян дэлхийд энх тайван байдлыг тогтоох, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож аюулгүй байдлыг сахин хамгаалах, зэвсэг хураах, хүний эрхийг хамгаалах зэрэг асуудлаар олон санал санаачилга гаргаж дэлхийн улс орнуудын дэмжлэгийг олж олон талт хамтын ажиллагааг тогтвортой явуулж ирснээрээ олон улсад нэр хүндтэй улсын тоонд зүй ёсоор ордог.

2023 онд манай оронд дэлхийн томоохон улс орны төрийн тэргүүн, удирдагчид ээлж дараалан айлчилсан нь үүний томоохон баталгаа гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байгаа тухай Монгол болон олон орны хэвлэлүүд онцолж байна.

Энэ нь манай хоёр орны түүхэн харилцаа, улс түмнүүдийн харилцан ойлголцол энх тайвнаар зэрэгцэн орших, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээрээ ач холбогдолтой юм.

Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

-Папын очсон газар бүрд асар олон хүн цугладаг. Манай улсад анх удаа айлчилж ирэх Францисийг дагаж Монголд гадаадын хичнээн мянган хүн ирэх бол. Аялал жуулчлалын салбарт жин дарж чадах уу?

-Энэ асуултыг миний хувьд хариулахад төвөгтэй асуулт байна. Та нартай л адил хэвлэлээс авсан мэдээлэлтэй байна. Папыг дагалдан албан ёсоор 1300 хүн, мөн олон улсын сэтгүүлчид, мөн сүсэгтнүүд зэрэг маш олон хүн дагалдаж ирэх болов уу. Энэ нь Монгол орныг зөвөөр сурталчлах, танин мэдэхэд ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна.

-Манай улсын хүн амын 50-иас илүү хувь нь буддын шашинтай. Харин 1500 гаруй католик шашинтан байдаг гэсэн судалгаа бий. Францисийн хувьд “Хамтдаа найдацгаая” гэсэн уриатайгаар манай улсад айлчилна гэдгээ зарласан. Энэ нь юуг хэлж байна вэ?

-Монголын их хаадын Төрийн бодлого нь шашин шүтлэг, угсаа гарвалаар нь ялгаварлан өөрсдийн үзэл бодлыг тулгадаггүй байснаараа амжилтад хүрч шашин соёлын, угсаа гарвалын асар их ялгаатай том эзэнт гүрнийг 200 гаруй жил захирч чадсан байдаг.

Дэлхийн шашны томоохон удирдагчид ч даян дэлхийд энх тайван тогтоох, хүн төрөлхтний ирээдүйг амар амгалан байлгахын төлөө шашнаар ялгаварлан гадуурхахыг урьтал болголгүй эв эеийг хичээж сайн үйлсийг дэлгэрүүлэхийн төлөө хүмүүсийг хүчээ нэгтгэхийг уриалдаг.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд короновирусын цар тахлын халдвар хэнийг ч ялгалгүй дэлхийн бүх улс орныг хамарсан. Тиймээс хамтаараа сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж ирээдүйдээ итгэж амьдрахыг уриалсан хэрэг юм болов уу гэж бодож байна.

-Монгол Улсад католик шашны сүм байгуулагдсаны болон Монгол Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой тохиож байна. Харин түүхээс харахад тэртээх XIII зуунд католик сүмийн элч төлөөлөгчид Монголд ирж байсан гэдэг. Манай хоёр орны эртний уламжлалт харилцааны талаар та дэлгэрүүлэхгүй юу?

-1992 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улс Ватикантай албан ёсны дипломат харилцаа тогтоосон билээ. Гэхдээ Монголын эзэнт гүрний их хаад, Ромын Ватикантай XIII зууны үеэс харилцаатай байсан түүхэн уламжлалтай.

XIII зуунд Ромын Пап IV Инносентийн захидлыг Монголын их хаанд хүргэхээр илгээгдсэн элч Плано Карпини нь Францын Лион хотоос 1245 оны дөрөвдүгээр сарын16-нд гарч дорно зүгийг зорин элдэв саад бэрхшээлийг даван туулж явсаар жилийн дараа Каспийн тэнгисийн ойролцоо орших Бат ханы ордонд иржээ.

Плано Карпини Бат ханд Ромын Папын захидлыг гардуулах гэхэд тэрээр Хархорумд удахгүй Их хаан өргөмжлөгдөх гэж байгаа тул түүнд захидлыг барих нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Тэрээр тийм хол газар явж чадахгүй хэмээн бэрхшээл тоочсон ч Бат ханы ятгалгаар шинээр өргөмжлөгдөх гэж буй их хаанд Папын захидлыг өргөн барихаар Монголын Эзэнт улсын нийслэл Хархорумыг зорин хөдөлжээ. Плано Карпини Бат хааны өргөөнөөс1246 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарч 1246 оны зургадугаар сарын 16 хүртэл өмнөхөөс бараг хоёр дахин их замыг хоёрхон сарын хугацаанд туулж өртөөгөөр гайхамшигтай хурдтай явсан тухайгаа “Монголчуудын түүх” хэмээх аяллын тэмдэглэлдээ бичсэн байдаг. Өөрийн эрхшээл нөлөөг өрнө зүгт тэлж байсан Монголын эрх баригчдын үйл ажиллагаа нь, Европ улмаар дорно зүг рүү нөлөөнийхөө хүрээг тэлж байсан Ромын Папын тэргүүлсэн католик шашны эрх ашигтай зөрчилдөх болов. Эрдэмтэн судлаачид “Папын дэлхийг үзэл санааны хувьд нэгтгэх гэсэн үзэл нь монгол хаадын дэлхийг нэгтгэхтэй сөргөлдсөн гэж үзсэн юм. Тухайн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс төр, шашны хоёр их хүчин өөрийн эрхшээл нөлөөг тогтоохын төлөө улс төрийн, дипломат харилцааны, шашны бүхий л хэлбэрээр өрсөлдөх болов. Тиймээс Ромын Пап алс холын тал нутаг руу элч илгээж, Монголын Их хаадад захидал бичиг илгээж байсан ба тэд ч зохих хариуг нь өгч байжээ.

Ромын Пап IV Иннокентийн захидлын хариу болгож Монголын Гүюг хааны 1246 оны арваннэгдүгээр сарын сарын 3-11-нд бичиж илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц архивт хадгалагдаж байгаа юм. Перс хэлээр бичүүлсэн энэ захидлыг Францын нэрт эрдэмтэн Поль Пеллио орчуулж “Монголчууд, Папын улс” хэмээх бүтээлдээ нийтлүүлснийг доктор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Төмөрхүлэг монгол хэлнээ орчуулж “Франц болон бусад гадаад хэлээрх Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхэтгэл” хэмээх номдоо хэвлүүлсэн байдаг.

Энэ захидлын хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч нар Ватиканд айлчилсан үед хуулбарлаж өгсөн бөгөөд Монгол Улсын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байна.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [118.79.44.68] 2023-08-25 11:22:49

Mongol horongo oruulalt goridood baiktgui. uul n oorsdoo horongo oruuulahaar bayan oron.shuu dee

Зочин [202.126.88.164] 2023-08-22 16:22:19

үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байж чадах у

ЗОЧИН [202.126.89.101] 2023-08-22 09:17:42

МОНГОЛД ШАШИН НАМ 2-ЫН Л ХЭРЭГ АЛГА ЭНЭ ОЛОН НАМ ШАШИН МОНГОЛЫГ ЗАЛГИЖ ДУУСЛАА

Зочин [172.59.184.249] 2023-08-22 08:18:58

uhsen hatsanii chin shashinii ayalal juulchlal.Heden kimchi esusiin ner barij tatvaraas bultan,emiin urgamal erdeniin chuluu hulgaigaar hil davuulj, hugatsaa n hetersen solongosiin hunsnii hogiig on sariig n zasvarlan mo gold ratvargui shahdag l business tsetseglej bna.

Зочин [103.212.119.130] 2023-08-21 19:44:45

Хамгийн гол нь наадуул чинь бусдын шашин соёлыг устгаад хаях зорилготой явдын

зочин [66.181.189.222] 2023-08-21 18:24:53

Энэ хүн Монголд ирж яах гэж байгаа юм бол оо?

Зочин [203.98.76.249] 2023-08-21 17:39:14

болио. христий сүмний санхуужилт бол хангалттай ихээр орж ирж байгаа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.