Трампгүйгээр эхэлсэн эхний мэтгэлцээн
Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн төлөө өрсөлдөж буй намын гишүүдийн эхний мэтгэлцээн лхагва гарагт Висконсин муж улсад эхэллээ. Мэтгэлцээнийг орон даяар телевизээр шууд дамжуулж байна.
Өрсөлдөгч нийт 9 хүнээс нам дотроо нэр хүндийн чансаагаараа хол тэргүүлж буй Ерөнхийлөгч асан Д.Трамп мэтгэлцээнд оролцсонгүй. Тэрбээр өөрийн үүсгэсэн Truth Social нийгмийн сүлжээнд бичихдээ “Би нэгэнт бусдаасаа илт давуу байгаа учраас нэр хүнд олох гэж өрсөлдөх нь утгагүй, ерөнхийлөгч байх хугацаандаа миний бие хэрхэн амжилттай ажилласныг олон нийт мэдэж байгаа” гэжээ. Түүний энэ шийдвэр нь өөрийг нь хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаас үүдэлтэй байж магадгүй бөгөөд тэрбээр энэ сэдвээр тавьж болзошгүй “эвгүй” асуултуудад хариулахаас цааргалж байгаа бололтой.
Нөгөөтэйгүүр, Висконсин муж улсыг мэтгэлцээн хийх газраар сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь, энд ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн маш ширүүн явагддаг, өрсөлдөгчдийн хэн нь ялж мэдэхээр, хаашаа ч хазайж мэдэхээр тун эмзэг газар юм. Өнгөрсөн сонгуулиар Ж.Байден ялимгүй зөрүүгээр ялалт байгуулсан болой.
Ерөнхий дүр зураг ямар байна вэ?
БНН-аас өрсөлдөгчдийн дундаас хамгийн нэр хүндтэй байгаа нь Трамп гэдгийг дээр дурдсан, түүний араас АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пэнс, Флорида муж улсын захирагч Рон деСантис, НҮБ-д сууж байсан АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли нар бичигдэж байна.
Энэ удаагийн өрсөлдөөнд бизнес эрхлэгч, хотын дарга, Сенатын гишүүд, муж улсуудын захирагчаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс гээд маш олон хүн оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. Харин телевизийн мэтгэлцээний шат хүртэл явахын тулд тэд бүх нийтийн санал хураалтын 3 үе шатны дүнгээр дор хаяж 1 хувийн санал авах гэх мэт хэд хэдэн болзлыг хангасан байх ёстой. Харин энэ босгыг ердөө 9 хүн давжээ.
Яг одоогийн байдлаар Д.Трамп өрсөлдөөнд илт давуу буюу бүгд найрамдахчуудын 54 орчим хувийн саналаар магнайлж байна. Түүний ард хамгийн ойрхон яваа өрсөлдөгч бол Рон ДеСантис /16%/, Майк Пэнс /5%/ нар юм.
Мэтгэлцээний дараагийн шатанд өрсөлдөгчдийн тоо цөөрөх бөгөөд гэхдээ хол тасарсан Трампын хувьд сонгон шалгаруулалтын бүх шатыг ажиггүй давна гэдэг нь тодорхой байна. Гэхдээ нэр дэвшүүлэх эрхийн асуудлыг жирийн америкчууд бус харин намын удирдлага, элит хэсгийнхэн шийднэ гэдгийг санах нь зүйтэй.
Мэтгэлцээний гол сэдвүүд
Мэтгэлцээний явцад гэмт хэрэгтэй тэмцэх, цагаачлал, ЛГБТ бэлгийн цөөнхүүдийн эрх гэх мэт олон асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Тэдгээрийн дотроос бүгд найрамдахчуудын санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол үр хөндөлт юм. Тус намын хуучинсаг жигүүрийнхэн үр хөндөлтийг хязгаарлах хатуу арга хэмжээ авахын төлөө байгаа бол тэдний зарим нь бүрмөсөн хориглохыг шаардаж байна. Чухамдаа энэхүү сэдэв нь аль ч тийшээ хэлбийж магадгүй байгаа муж улсуудыг Ардчилсан намын зүгт хазайлгаж мэдэх юм.
Түүнээс гадна, мэтгэлцээн оролцогчид боловсролын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Сүүлийн үед консерватив үзэлтнүүд сургалтын хөтөлбөрийг илүү хатуу хянах төлөө байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ сурах бичиг, гарын авлагын агуулгыг хянан шүүх эрхийг эцэг эхчүүдэд олгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Мөн Трампын эргэн тойронд өрнөж хэрэг явдал нь мэтгэлцээний тусдаа нэг чухал сэдэв байх төлөвтэй. Эрүүгийн дөрвөн хэрэгт холбогдоод буй ерөнхийлөгч асан хоригдохгүйн тулд 200 мянган долларын барьцаа төлөөд байгаа билээ. БНН-ыг дэмждэг олон америкчуудын хувьд “Трампыг улстөрийн сэдлээр мөрдөн мөшгиж байна” хэмээн үзэж байгаа бөгөөд хэрвээ тэрбээр Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон тохиолдолд түүнийг өршөөх нь зүйтэй гэсэн санааг зарим өрсөлдөгчид нь цухуйлгажээ. Харин энэ талаарх намын удирдлага, элит хэсгийнхний хандлага хоёрдмол, учир битүүлэг байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл