19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх ажил 89.3 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл хангахаар 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр байршилд 3 км дулааны хос шугам шинээр татахаар төлөвлөсөн бөгөөд худалдан авах ажиллагааг зарласан.
Мөн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6057 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1121 тонн бодис, 3025 тонн давс нөөцлөөд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан" гэв.
Сэтгэгдэл