Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг сайд Б.Бат-Эрдэнэ ахална
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ. Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй. Харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд оролцохгүй, шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх юм байна.
Тус зөвлөлийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар 2022 онд томилсон байдаг. Тэрбээр Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг ахлахаар болж байна. Энэхүү зөвлөл байгуулагдсанаар манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрхзүйн орчин бүрдсэн гэж үзэж болох аж.
Сэтгэгдэл