Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ховд аймагт ажиллах үеэр нутгийнхан Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ордын лицензүүдтэй холбоотой гомдол саналыг нэлээд тавьсан. Тэрбээр Ховдынхонд “Халзан Бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ. Иргэд дэмжихгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэчихээд ирсэн. Хотод ирээд Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Ховд аймгийн иргэдээс дээрх асуудлаар ирүүлсэн гомдол, саналыг хэлэлцжээ.
Ингээд Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн ордод хамаарах лицензүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгасан байна. Учир нь УУХҮЯ-наас Халзан Бүрэгтэйн ордын лиценз бүхий талбайд шалгалт хийхэд 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан. Харин хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй байжээ. Тиймээс 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм.
Тэгвэл үүнтэй яг адилхан үйл ажиллагаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт явагдаж байна. Тодруулбал, тус сумын нутагт “Монгол Ураниум Ресурс”, түүний охин компани гэх “Эрээн толгой” ХХК-ийн хүрэн нүүрсний орд ашиглаж буй үйл явцтай нутгийн иргэд чадлаараа тэмцээд 10 жилийг өнгөрөөжээ. Тэнд эхнээсээ л байгаль орчин, хуулийн зөрчилтэй явж ирсэн байдаг. Халзан Бүрэгтэйн ордын хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон үндэслэлтэй яг адилхан явдал “Монгол Ураниум Ресурс”-ийн Эрээн толгойн нүүрсний ордыг ашиглах явцад гарчээ. Ганцхан жишээ дурдахад тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй байгаа юм. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй аж. Тиймээс тус багийн ИНХ нь 2023 оны тавдугаар сарын 29-нд хуралдаад Эрээн толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлуулах талаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжиж гарын үсгээ зурцгаажээ. Үүнийгээ төрийн захиргааны бүх байгууллагад илгээсэн байна.
Ер нь бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд яг л Ховдынхон шиг байгаль орчноо хамгаалж, тодруулбал “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсэн. Үүний улмаас гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байна” гэсэн гомдол саналыг гаргасаар ирсэн. Энэ мэтийн асуудлыг иргэд нь одоо ч хэлж ярьсаар байгаа юм.
Харин өчигдөр, уржигдраас “Ерөнхий сайдын Ховдод очоод хэлсэн дээрх зарчим Сүхбаатар аймагт үйлчлэх үү” гэлцээд эхэлж байна. Нэг үгээр хэлбэл, “Ховдын Халзан Бүрэгтэйд хэрэглэсэн хууль Сүхбаатарын Эрээн толгойд үйлчлэх үү” гэдэг асуудал гарч ирж байна.
Гэхдээ энэ нь зарчим гэхээсээ хуультай илүү холбогдоно. Өөрөөр хэлбэл, ураны Х буюу хайгуулын лицензтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК нь нүүрсний А буюу ашиглалтын лиценз болгон өөрчлүүлж чадсан байдаг. Уг нь хуулиа дагасан бол ингэх боломжгүй юм.
Бид өмнөх дугаарууддаа дээрх компани хэрхэн “илбэдэж”, ингэхдээ шүүхээр ураны Х лицензээ нүүрсний А болгосон талаарх үйл явцыг цувуулан хүргэсэн. “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас Захиргааны шүүхэд “Хүрэн нүүрсний орд газарт хайгуулын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, тус компанийн эзэмшил үлдэж байгаа хайгуулын талбайг ураны биш ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийг гаргасан. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн энэхүү нэхэмжлэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн 2018 оны есдүгээр сарын 28-нд “Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхийг болон тус компаниас 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэж шийдсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын 2018 оны арваннэгдүгээр сарын 31-ний магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэсэн байдаг.
Түүнчлэн Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны хурлаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 31-ний магадлалыг хэвээр үлдээж, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээн тогтоосон байна. Ингэхдээ хэд хэдэн үндэслэлийг гаргажээ.
Тухайлбал, “Магадлалд 2011-2015 онд нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-д тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан лиценз бүхий талбайд ...хайгуулын ажлын тайлан ... зэрэг баримтуудыг лиценз гэж үзэх, ... тухайлбал, хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болох эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ”, “...“Монгол Ураниум Ресурс” ХХК уран хайх явцдаа хүрэн нүүрсний нөөцийг илрүүлж тайлагнасан байдаг. Засгийн газрын тогтоолоор 2014 оны арванхоёрдугаар сард ЦЭГ-ыг татан буугдаж, АМГТГ-т чиг үүрэг нь шилжсэний дараа буюу 2017 онд албан ёсоор уран болон нүүрсний хайгуулын ажлын төлөвлөгөө гарган батлуулж, хайгуулын ажлын тайлангаар үр дүнг нь тайлагнасан.
Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу анхны жилүүдэд хүрэн нүүрсний нөөц илэрснийг тухайн үед харьяалах агентлаг болох АМГТГ-т хүргүүлж тайлагнаж байсан нь өнөөдрийн шүүхийн маргаанд нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзэж байна”, “Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчид анх ЦЭГ-аас олгосон Ц-003Х лиценз ийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс XV-018247 лиценз болгож бүртгэсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй. Тэгсэн атлаа лицензийг өөрчлөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, энэ маргааны тухайд уран илрээгүй нөхцөлд уг лицензийн төрлөөс шалтгаалж хайгуулын талбайн бүртгэлийг өөрчлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, үндэслэлд холбогдох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх зэрэг үндэслэлийг гаргасан байдаг.
Гэхдээ шүүгч нар Тогтоолдоо “Магадлалын хоёр заалтын талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн байгаа юм.
Дээд шүүх “Өмгөөлөгчийн үндэслэлтэй гомдол хэмээх хоёр заалт”-ынхаа талаар Тогтоолд “Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг Цөмийн энергийн тухай хууль болон ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны хоёрдугаар сарын 13-ны хуулиар зааглаж, улмаар ураны хайгуулын лицензийг уг лицензээр олгосон хайгуулын талбайн дотор хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болохыг тодруулах нь хэрэгийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэж, үүгээр хэргийг дахиан хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болгосон нь буруу байна. ...Хуулиудаар хүчингүй болсонд тооцосөон, иймээс 2015 оны хоёрдугаар сарын 13-наас хойш буюу хэрэгт авагдсан 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд холбогдуулан нүүрс илрүүлсэн үйл баримтыг эрх олгосон ямар баримтаар хайсныг тодруулах нь энэ маргаанд хамааралгүй юм”, “Маргаан бүхий талбайд хайгуулын ажлын үр дүнд “уран болон торийн бүлийн цацараг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлал илрээгүй” болохыг хэргийн оролцогчид маргаагүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн гэх АМГТГ-ын дарганы 2018 оны долдугаар сарын 20-ны 1/5029 дугаартай албан бичигт дурдсанчлан “...лицензийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хэтийн төлөвгүй” гэсэнд холбогдуулан түүнийг энэ асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалган тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно” гэсэн байна. Магадгүй, Дээд шүүхийн энэхүү Тогтоол нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг АМГТГ-ын Кадастрын хэлтэстэй дахин шүүхдэлцэх гарцыг нээсэн байж мэднэ. Учир нь тус компанийнхан яг энэ нэхэмжлэлээ 2019 оны эхээр Захиргааны хэргийн шүүхэд дахин гаргасан байдаг юм.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ"
Сэтгэгдэл
Зочин [202.131.227.82] 2023-09-08 11:34:47
Энэ засаг уу хэн нэгэнд тусгайлсан эрх олгодог хэн нэгэн хууль хэрэгжүүлсэн ч хуулийн цоорхой гаргаж төмөр нүүр харуулдаг дабл стандарттай засаг даа.