Энэ онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийнэ
БОАЖЯ-наас 2020 онд улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон газруудын тооллогыг зохион байгуулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгасан.
Энэ зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаалыг гаргаж, салбар дундын ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд ахалж, аймаг, нийслэл бүрт нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх дэд ажлын хэсгүүд байгуулан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн юм.
“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд 2020, 2021, 2022 онд нийт 6286 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2085 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгүүлсэн байна.
398.7 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ХИЙЛГҮҮЛЛЭЭ
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны эхний нөхөн сэргээлт хийгдсэн газруудыг хүлээн авах ажлыг эхлүүлээд байна.
Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Оюу толгой” ХХК-тай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас эвдрэлд оруулсан байсан нийт 398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгүүлж үүрэг даалгаврын биелэлтээр орон нутагт актаар хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.34] 2023-09-10 15:50:30
Оркууд яг нөхөн сэргээж харагдаач. Угаасаа ийм сийчсэн газрыг нөхөр сэргээх боломжгүй.