Үндэсний бөхчүүд өв тээгч юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн адгийн хүмүүс байхаар юм биш үү
Үндэсний бөхийг монголчуудын өв тээгч гэж сүүлийн үед ихэд өхөөрдөцгөөдөг болсон. Өв тээгч гэдэг бол тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь өндөр түвшинд өвлөн уламжилж эзэмшсэн, мэдлэгтэй хувь хүн, ах дүү, төрөл садан, ард иргэдийг хэлнэ гэж томьёолсон байдаг. Энгийнээр аливаа улс үндэстний жор гэж ойлгож ч болох аж. Бидний ярьдаг, хүсэмжилдэг жудаг, ёс суртахуун гэдэг хэмжүүр өв тээгчдийн үндсэн шалгуур юм уу даа.
Тэгвэл энэ ойлголтоор монгол бөхчүүд өв тээгч мөн үү. Өнөөдрийн бөхчүүд үндэсний бөхийн спортыг язгуур шинж чанараар нь өндөр түвшинд хөгжүүлж чадаж байгаа бил үү. Уран мэхээ уралдуулж ард олныг баясгадаг нь хэд билээ. Жудагтай бөх гэж ярьдаг. Гэвч монголчууд тийм бөхийг олж харж чадаж байна уу. Харин эсрэгээр нь жудаг муутай, хүн муутай, дээрээс нь ханаж цадахгүй шуналтай бөхчүүд гэж л яригддаг болоод удаж байна. Ийм жишээ захаас аваад бий.
Өнгөрсөн Улсын баяр наадмын барилдаанаас эхэлье. Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг долоогийн даваанд амлалаа. Аварга, арслан хоёр үй зайгүй найзууд гэдгийг бөхийн хорхойтнууд мэднэ. Тэд нэгнийхээ барилдаан, сул талаас эхлээд бэлтгэл, сэтгэл зүй, бүр урьд орой нь ямар хоносныг ч мэднэ гэсэн үг. Найзыгаа гишгэж даваа авна гэдэг ядаж л жудагтай эр хүний шинж биш. Нэлээд дээр үед Налайхын барилдаанаар хоёр найз очиж барилдаад тавын даваа ирж ам авах болсон гэнэ лээ.
Гэтэл найзуудын нэг нь нөгөөгөө амлачихсан гэдэг. Гайхсан нөгөө найз нь амласан нөхрөөсөө асуухад “Таньдаг нь чиний нэр л байлаа” гэсэн байдаг. Танихгүй бөх бол аюултай, өөрийг нь унагаж мэднэ. Тиймээс таньдгаар нь барилдаад давахыг бодъё гэж айсных. Ийм спорт байж болох уу. Тэр тусмаа улс үндэстний өв соёл тээгч гэх бөхчүүд ийм бэртэгчин байх хэрэг үү.
Цаашлаад манайд унасандаа шаралхаж учраа бөхийн дэвжээн дээр элдэвлэдэг явдал энгийн үзэгдэл болсон. Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд Улсын арслан А.Сүхбат Улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдаад давсан. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч унаган сүйд болгох дөхсөн. 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын зургаагийн даваанд Улсын харцага Л.Пүрэвжав Аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар учраа таарч байв. Б.Пүрэвсайхан унасандаа шаралхан Л.Пүрэвжавын гэдэс рүү тийрч бас л наадамчин олныг сандаргаад авсан удаатай. Түүний дараагийн жил Улсын заан Б.Соронзонболдтой Улсын арслан Г.Эрхэмбаяр барилдахдаа нүүр нүд рүү нь цохиж, Улсын начин Г.Баасандоржид өвдөг шороодсон Улсын харцага Д.Сэрээтэр шанаадсан зэрэг элдэв янзын танхай, балмад үйлдлүүд жил бүрийн баяр наадмаар олны нүдэн дээр гардаг. Энэ зуны барилдаанаар унасан даян аварга маань давсан бөхийнхөө араас салаавч гаргаад тэлчилж байв. Олон түмнээс эмээх, нэр төрөө эрхэмлэх, бөхийн спортоо хүндлэх наад захын ёс суртахууны хэмжүүрт тэд тэнцэхгүй.
Манай сумын эрчүүд нэг зун овоо тахихаар эд зүйлсээ базаагаад уул өөд нэлээд мацацгааж билээ. Хөгшин залуу, хүүхэд багачууд бүгд ачаа бараа, овоо тахихад хэрэгтэй зүйлсийг дааж ядан үүрч дүүрч явахад тэр дунд нутгаараа ханардаг Сумын заан нөхөр хамгийн хөнгөн цар таваг барьчихсан мацаж явж билээ.
Эр бяртай, байнгын бэлтгэлтэй бөх залууд овооны тахилгын эд зүйлс тийм ч хүнд эд биш байлтай. Гэвч нутгийн хүмүүс хэлж зүрхэлдэггүй, сумын заан ч биеэ оторлон хамгийн хөнгөнийг нь толгой дээрээ барьчихаад дээрэнгүй өнгө аястай алхаж явсан нь одоо ч нүдэнд харагдах. Энгийн бидний ойлголтоор бол хамгийн хүндийг нь үүрээд л уул өөд мацаж явах байв.
Одоо бүр бөхчүүд Улсын баяр наадамд ямар ч хамаагүй аргаар түрүүлэхийг боддог увайгүй арга руу орчихлоо. Дараа нь юу ч болсон, ямар ч асуудал дэгдсэн хамаагүй баяр наадамд түрүүлэх уралдаан болж байна. Бөх гэхээр ханарчихдаг монголчууд төртэйгөө нийлээд байгаа бүхнээ бариад хөл алдаад гүйчихдэг. Жил бүрийн түрүүлсэн болон цолонд хүрсэн бөхчүүд байр, машин хэдэн янзаараа цуглуулдаг жишиг бий болчихлоо. Түрүүлсэн бөхчүүд хөлсөө хатаагүй байхад шахам л цолны найраа хийх гээд шогшчихдог болсон байна. Шинэхэн соньхон дээр нь бай шагнал, байр машинаа, бэлэг сэлтээ цуглуулах гэж тэр. Удвал нөгөө хэрэглэсэн юм нь ч илэрчихнэ гэж айдаг биз. Саяын Улсын их баяр наадмаар төрсөн арсланг хар л даа, нийгэмд ямар шуугиан дэгдэж байна. Монгол хүний ёсыг бодож эрүүл мэндийн асуудалтай байгаа үед нь олон зүйл бичихээ больё.
Допингийн асуудал дэгдсэн энэ цаг үетэй уралдан Улсын гарьд Ц.Бямба-Отгон хэдхэн хоногийн өмнө цолны найраа хийж, Өвөрхангайн улстөрчид, бизнесмэнүүд бэл бэнчингээрээ уралдацгаав. Цолны найраа яаруу сандруу хийж, хөрөнгө хураасан гарьд одоо арслан болоод дахин найрлаж лус савдаг шиг их хөрөнгө хурааж дабльдана гэж яарч байгаа юм шиг л ойлгогдоно шүү дээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй харагдана гэдгээ тэд мэддэг үү.
Монгол бөхөд ам авахаас эхлээд ёс жудаггүй олон хэмжүүр бий. Ерөөс ам авна гэдэг аль ч спортод байдаггүй. Манай монгол үндэсний бөхөд аль чадалгүй, бэлтгэл муутай, мэх тааруу, өвгөрсөн нэгнийгээ нэр цохон гаргаж ирээд давдаг дээрэлхүү зарчим үйлчилдэг. Энэ бүгдийг хээвнэг үйлдэх монгол бөхчүүд өв тээгчид юм бол монгол эрчүүд юу болох вэ. Энэ дэлхийн хамгийн увайгүй, шуналтай, зальтай, луйварчин, хүчтэйд долдой, хүчгүйг дээрэлхсэн, эмэгтэй хүнд эрэлхүү хүмүүс болох биш үү.
Угтаа ёс суртахуунтай, жудагтай эр хүнийг гадныхан жентелмэн эр гэдэг. Наад зах нь хов ярихгүй, эмэгтэй хүнийг хүндэлдэг, өөртөө итгэх, их зан гаргах хоёрыг ялгаж чаддаг, чөлөөт сэтгэлгээтэй, баатарлаг, худлаа ярьдаггүй, амьдралаа аваад явчих ухаан, хөрөнгө бэлтэй, чангахан гар барьж хүний нүд рүү эгцэлж хардаг эр хүнийг барууныхан жентелмэн эр гэж хүндэлдэг юм билээ. Эх оронч сэтгэлгээ гэдэг гадны бүх үндэстэнд мах цусанд нь шингэсэн байдаг. Украины дайнаар дэлхийн ямар олон жирийн эрчүүд шилдэг тамирчид, олимпын аваргууд, урлагийн одод дайны талбар дээр баатарлагаар амь үрэгдэв.
Одоо ч зэвсэг агсан тэмцэж байгаа дэлхийн алдартнууд тэнд бий. Муу ёрлосон хэрэг биш, хэрэв манайд дайны нөхцөл байдал үүсэхэд хичнээн эрс баатарлагаар босох бол доо. Нүдэн дээр нь эмэгтэй хүн олон том нохойд уруулж тасдуулж байхад машинтайгаа өнгөрөөд явчихдаг ёс суртахуунтай эр хүн дайн болбол зэвсэг агсаж огт танихгүй монголчуудын төлөө байлдах уу. Өв тээгч бөхчүүдийнхээр бол огт тэгж чадахгүй.
Уг нь доктор, профессор Т.Намжил жудагтай монгол эр хүнд ширүүн үг хэрцгий яриаг цээрлэдэг, ашиг хонжоо хичээсэн далд зальхай үг хэлдэггүй, хов зөөж хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй тайван амирлангуйг эрхэмлэдэг, гэр орон үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, цаашилбал улс орноо төвхнүүлж чадах эрдэм чадал бий гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Өнөөдөр ийм эрчүүд хэр олон бол. Мөн энэ тодорхойлолт бидний хөөргөн бахархаад байгаа нөгөө өв тээгчдэдээ тохирохгүй байна. Эхнэр хүүхдэдээ эр бяраа гаргадаг, гэр бүлийн хариуцлагаас зугтаадаг, бусдыг дээрэлхдэг, өчүүхэн омог гаргадаг, луйвар хийдэг нөхөд л өв тээгчидтэй адилхан харагдаад байх. Луйвар хийдэг гэдэг нь ил цагаан гэмт хэрэг хийдэг гэсэн үг биш л дээ. Бөхийн дэвжээн дээр найраа хийдэг, олон түмний өмнө худлаа унаж жүжиг тоглодог. Хамгийн жудагтай гэдэг монгол бөхчүүд хамгийн увайгүй болчихсон. Монгол бөхийг эд баялаг хураагч гэдэг нүдээр харсан зальхай залуус ингэж явсаар нэг л өдөр эхнэр хүүхэд, ээж аав, эх орноо ч зарж мэднэ.
Монгол бөхчүүд, монгол эрчүүд бусдад өгч сураагүй, өгч мэддэггүй. Бусдаас л авдаг, бусдаар хүндлүүлэх гэдэг өчүүхэн сэтгэлтэй. Ийм чанар, ёс суртахуун яван явсаар биднийг дэлхийн увайгүй үндэстэн болгож мэднэ. Болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ядаж л монгол бөхчүүдийг өв тээгч гэж хөөргөхөө больё. Түүний оронд монгол бөхийг язгуур шинж чанараар нь хөгжүүлэхэд анхаарч, ам авахыг болиулахаас эхлээд найраа наймаа, авлигад дуудсан хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй. Ингээд ирвэл монгол бөхчүүд, цаашлаад монгол эрчүүд жудаг, ёс суртахуун гэдэг зүйлийг ойлгохтойгоо болж ирж мэднэ. Тэрнээс бөхчүүдийг өв тээгч гээд бусдыг нь адилхан бай гэх юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн увайгүй шуналтай, хулчгар дорой эрчүүд болох биш үү.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.76] 2023-09-12 15:05:36
Ер нь эртнээс энэ асуудлыг цэгцэлж үндэсний бөхийг даруулгатай байлгах байсан юм. Тэгш ойгоор 1024 бөх тэрнээс ч их бөх барилдахаар их болсон байна. Ямар ой баяр наадмаар 512 бахөөс хэтрүүлэхгүй байх нь зохистой. Бай шагнал ч гэсэн арай дэндлээ. Орон нутгаас нь яахав цөөн мал адуу өгөөд л болно биз. Олимп дэлхийн аваргаас ч өндөр шагнал авах юм. Тэр чигээрээ л завхрал. Допинг хэрэглэчихээд ичихээ ч байлаа бүр сүүлдээ. Бах гэлтгүй бид нийгмээрээ ялзарч байна даа
Зочин [59.153.112.117] 2023-09-12 12:40:57
Улс төрч хулгайчуудаас дээрдэх юм алга баасаар гүзээнүүд
Зочин [202.9.41.0] 2023-09-12 09:30:08
Монгол бөх бол монголын ялзарсан төрийн шууд тусгал гэж харж болно. Төр ямар байна улс орон нийгмийн бүх салбар тийм л байна.
Зочин [66.181.161.127] 2023-09-12 09:26:23
1000 сайн бөхөөс нэг мангууг муулахад бүгд муу болюу
Зочин [59.153.115.250] 2023-09-12 08:07:27
Зайлаа чи бөхийн мэдэхгүй малгай минь
Бабуяа [202.126.88.174] 2023-09-12 07:10:10
Нээрээ Монголын өв соёлыг бөхчүүд нь тээж явдаг юм бол тэр өв соёлыг одоохон хог уруу хаясан дээр юм байна
Шашингүй хүмүүс ийм болдог юм. [103.57.93.189] 2023-09-11 23:10:07
Зөвхөн бяр хүчээр бүх юмыг шийдээд байвал ийм болдог юм. Бөхчүүдээс ИЛҮҮ ХҮЧТЭЙ хүчтэй хүч юү вэ? ШАШИН Л байдаг юмдаа. Оросын бөхчүүд Христийн болон лалын шашны хүрээнд байна. Турк, азер, таджик бөхчүүд лалын шашинтай г.м. Японы сумогийн бөхчүүл Бурхан багш болон Синто шашинтай. Харин монгол бөхчүүд ямар шашинтай нь ТОДОРХОЙГҮЙ.
Зочин [202.9.47.34] 2023-09-11 13:16:47
Оркуудын барилдаанаас уйдаж залхаж байна.