Ерөнхийлөгч Кубад, УИХ-ын дарга Солонгост айлчилж, Ерөнхий сайд Дарханд ажиллав

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордсон. УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д айлчилж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Төрийн өндөрлөгүүдийн айлчлал, албан томилолттой холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Тэрбээр “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юм.

БНСУ-ЫН НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙЖ БУЙ ТУРШЛАГЫГ СУДАЛЖЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. УИХ-ын даргын албан томилолтын багт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон албаныхан багтжээ. Тэрбээр өчигдөр Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзжээ. Уулзалтын эхэнд Г.Занданшатар БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг судалж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судалж, Монгол Улсад нэвтрүүлж байна. Мөн Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Их Хурал болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР НЬ ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУУРЬ БОЛОХ ЁСТОЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт өчигдөр Дархан-Уул аймагт үргэлжиллээ. Засгийн тэргүүн эхлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцаж, зарим асуудлаар үүрэг даалгавар өгөв. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Өнөөдрийн байдлаар өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцах үеэрээ замын ажлыг шуурхай гүйцэтгэж, энэ ондоо багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллав. Энэ үеэрээ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлын асуудалд анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцолж тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах, тус компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай болон Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.