Г.УЯНГА: АЖЛАА ЗӨВ СОНГОХООС АМЖИЛТ ЭХЭЛДЭГ

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээлд Z болон Y үеийнхэн ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Энэ бүтэц ирэх жилүүдэд төдийлөн өөрчлөгдөхгүй учир ажил олгогчдын зүгээс тэдэнд зориулж бодлого, менежментээ өөрчлөх шаардлагатай болж буй талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянгатай ярилцлаа.

Голомт банк бол системийн нөлөө бүхий 5 банкны нэг. 2000-аас дээш ажилтантай томоохон компанийн хувьд хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

Манайх 2300 гаруй ажилтантай бөгөөд 33 хувь нь Z үеийн залуучууд. Ирэх жилүүдэд энэ тоо 50-60 хувь болж нэмэгдэнэ гэж харж байгаа. Үлдсэн 60 гаруй хувийг Y буюу шинэ мянганыхан бүрдүүлж байна. Тэгэхээр бид цаг үеэ дагаад залуу үеийнхнийг сонсож, тэдний онцлогт тохируулан хүний нөөцийн зөөлөн бодлого баримтлахын зэрэгцээ хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг зорьдог.

Голомт банк “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон банкны урт хугацааны, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Мөн ажилтнуудаа тасралтгүй суралцаж хөгжих, ажилтны замналыг сайжруулах, багаар ажиллах, мэдлэгээ хуваалцах, сургалт хөгжлийнхөө эзэн байх боломжийг нь бүрдүүлэн “Ажилтан та - Хөгжлийн голомт” уриатайгаар дотооддоо “Сургалтын академи”-ийг үүсгэн байгуулж, сургалтын модельд үндэслэн сургалт хөгжлийн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна сургалтуудаа дижитал хэлбэрт шилжүүлээд байна.

Банкны хэмжээнд үүссэн ажлын байруудад бид дотоод ажилтнуудаа дэвших, өөрийгөө сорих боломжийг нь түрүүлж олгодог. Бид ажилтнаа хөгжүүлж, тасралтгүй суралцаж хөгждөг байгууллага урт удаан хугацаанд оршин тогтнож чадна гэдэгт итгэдэг.

Нийт ажилтнуудын дунд залуучуудын эзлэх хувь ирэх жилүүдэд 50 хувийг давахаар байна гэлээ. Хүний нөөц талаас залуучуудад хэрхэн анхаарч байна вэ?

Залуу үеийнхний хувьд өөрийн хийж байгаа ажлаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээх хүсэл эрмэлзэлтэй, тухайн байгууллагын соёл байгаль орчин, нийгэмд болоод өөрт нь ямар үнэ цэн өгч байгаад их анхаардаг болсон. Бидний хувьд энэ хүлээлтэд нь нийцсэн байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банкны ажилтнууд байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө “G-Volunteers” сайн дурын клубийг байгуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон”, “Хоггүй Монгол хөдөлгөөн” зэрэг олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хамт олноороо “Голомтын төгөл” нэртэй гацуур модтой төгөл байгуулан жил бүр мод тарьж, усалж торддог уламжлалтай.

Мөн ажилтнуудаа зуны цагт гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, амрах боломжийг “Ойн булаг зуслан” хөтөлбөрөөр дамжуулан олгож, жил бүр тусгайлан тохижуулсан тохилог зуслангийн байшингуудад ээлжлээд амрах боломжийг бүрдүүлсэн. Төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, Голомт банкны спорт явган аяллыг онцолмоор байна. Энэхүү аяллыг 23 жилийн турш зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил гэхэд Хагийн хар нуурын явган аялалд 150 гаруй ажилтан амжилттай яваад ирсэн.

Ажилтнууд бол байгууллагын хамгийн том үнэт баялаг. Тийм ч учраас бид “Эрүүл ажилтан - Хөгжлийн голомт” уриан дор ажилтнуудынхаа сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, дархлаажуулах зэргээр цуврал сургалт, контент, аян хөтөлбөрүүдийг жилийн турш тогтмол зохион байгуулж, банкны эмч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.

Мөн залуучууд зайнаас буюу орон нутгаас ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой талаар асуудаг бөгөөд бид банкны хэмжээнд ажлын байрны уян хатан цагийн тогтолцоог бий болгож, ажлын 1-2 өдөр нь зайнаас ажиллах, тухайн ажилтан ажилдаа ирэх болон тарах цагаа өөртөө тохируулан сонгох, хөл хүнд ажилтнууд ажлын цагаа богиносгох, жирэмсний амралттай байгаа ээжүүд, оюутнууд цагаар болон зайнаас ажиллах боломж олгох зэргээр хүний нөөцийн зөөлөн бодлого руу шилжээд байна.

Банкны салбар бусад салбараас юугаараа онцлог вэ? Ажлын байрны эрэлт хэр их байдаг бол?

2022 оны байдлаар банк, санхүүгийн салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байгаа гэсэн статистик судалгаа бий. Үүнээс 12 хувийг Голомт банкны ажилтнууд эзэлдэг буюу систем маань 16 мянган хүнийг ажлын байраар хангах багтаамжтай гэхээр ажлын байрны эрэлт их байгааг харуулж байна.

Банк бол харилцагчийн итгэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг маш чухал, хариуцлагатай салбар гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинэ үеийнхэнд болон бусад ажилтнууддаа зориулж бид дотоод соёл, менежментээ сайжруулаад явахын зэрэгцээ тэдэнд тавих шаардлага ч мөн тодорхой хэмжээнд салбарын онцлогтойгоо уялддаг гэсэн үг. Бид өндөр ур чадвартай байхаас гадна хариуцлагатай, ёс зүйтэй, итгэлтэй, хамгийн гол нь зөв хандлагатай хүн ажилд авахыг гол шалгуур болгож эрхэмлэдэг.

Банкны салбар гэхээр зарим оюутнуудын хувьд зөвхөн эдийн засагчаар л төгссөн хүн ажиллана гэж бодож байж магадгүй. Тэгэхээр тэдэнд зориулж банкны салбарт ямар ажлын байр, ямар боломжууд байдгийг тайлбарлаж өгнө үү.

Голомт банк 270 гаруй төрлийн ажлын байртай бөгөөд маркетинг, хүний нөөц, IT, эрсдэл, нягтлан бодогч, нярав, дотоод аудит, борлуулалт, зээл, хууль, комплаенс гээд л төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг. Тиймээс бид банкны ажил мэргэжлийг таниулах “Оюутны дадлагын хөтөлбөр”-ийг бас хэрэгжүүлдэг юм.