Монголын 10 дахь, Хөвсгөлийн анхны цахилгаан станц

Aдмин / Орон нутаг

-Хөвсгөл аймгаас бэлтгэсэн цуврал сурвалжилгын гуравдугаар хэсэг-

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд 2 км-ын зайтай 10 мВТ-ын нарны цахилгаан станц баригдаад, ажлынхаа 60 гаруй хувьд ороод байна.

Олон зуун нарны толь угсарч байгааг хараад Мөрөнгийн оршин суугчид цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх “зовлон”-гоос салах нь гэж баярлаж буй биз. Яг үнэндээ ус буцалгагч, халуун тогоо хоёр зэрэг залгахад шийт нь унадаг, ид ачааллаар цахилгаан тогоотой хоол хоёр цаг "дуншдаг" зэрэг нь Сөүлээс Улаанбаатар руу цаг гаруй нисдэг, Америк дахь ажлаа Монголын хээр талаас хийдэг болсон энэ цагт том зовлон.

Ингэж бодоод Хөвсгөлд хааяахан очдог би хүртэл алга ташиж буй энэ хөрөнгө оруулалтад. Тэгтэл энэ станц цахилгаанаа ганц Хөвсгөлийнхөнд биш баруун бүсийн 20 000 хэрэглэгчид нийлүүлэх юм байна.

Газар дээр нь ажиллаж буй Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Хишигдэмбэрэл “Энэ төсөл суурилагдсан хүчин чадлын хувьд бага боловч өвлийн оргил ачааллын үед Хөвсгөл аймгийн Мөрөнгөөр дайрч Завхан аймаг дахь Тэлмэн дэд станц руу урсан өнгөрдөг эрчим хүчний 50 хувийг хаана. Алтай-Улиастайн эрчим хүчний систем рүү урсаж байгаа урсгалыг сааруулна гэсэн үг. Энэ хоёр аймаг тус бүрт нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Мөрөнгийн станц Дарханы 10 мВТ-ын нарны цахилгаан станцтай нэг өргөрөгт суурилагдсан. Тиймээс хангайн бүсэд амжилттай ажиллана гэдгийг Дарханы станцаас харж болно. Энэ станц доголдолгүй, асуудалгүй ажиллаж буйг бид бүгд харж байгаа” гэж танилцуулав.

Мөрөнгийн нарны цахилгаан станцтай ижил станц Завхан аймагт 2022 оноос ажиллаж эхэлсэн бол Говь-Алтай аймагт энэ сард ашиглалтад орсныг уншигчид мэдсэн байх.

МӨРӨНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОНЦЛОГ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж 10 мВТ хүчин чадалтай нарны цахилгаан станц нь:

-Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр. Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц.

-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчид түгээнэ.

-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна.

- Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэт технологиороо давуутай.

-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална. Хэрэв нүүрсээр ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн бол 145 000 тн цэвэр ус хэрэглэх нь.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа станцын барилгын ажилтай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын түвшинд Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд байна. Монгол Улс энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс. Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийнэ эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станцууд байгууллаа. Үүний нэг нь Хөвсгөлд баригдаж буй энэ станц. Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна” гэж онцолжээ.

Мөн “АХБ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн орныг дэмжиж, хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа ил тод, өрсөлдөөний зарчмаар явагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн зардлыг үлэмж бууруулах бололцоотой. Ингэж чадвал сэргээгдэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас буурна” гэсэн байна.

Тэрбээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруй хугацаанд хамтарсан туршлагатай юм.

Нийтэлсэн: Д.Даваадулам


Сэтгэгдэл

ggg [202.21.117.34] 2023-09-28 13:03:00

Цахилгаан хуримтлуулагч батерайгаар дэмжих,,,, амжилтанл хүрнэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.