Норвегийн зохиолч Юн Фоссе 2023 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртлээ
Энэ 2023 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар Норвегийн зохиолч Юн Фоссе тодорч байна. Үгээр илэрхийлшгүй зүйлсийг гаргаж ирсэн шинэчлэлийн шинжтэй жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолуудынх нь төлөө түүнд энэ шагналыг олгож байгаагаа Нобелийн хороо онцолсон байна.
1959 онд төрсөн өдгөө 64 настай Юн Фоссе жүжиг нь тайзнаа тавигдсан тоогоороо Хенри Ибсений дараа ордог зохиолч юм байна. Тэрээр өөрт нь Нобелийн шагнал хүртээсэн тухай мэдээг сонсоод “маш их догдолж, бас бага зэрэг айдас төрж байна” гэдгээ Ройтерс-т ярьжээ. Мөн бусад үзэл хандлагаас ангид юу юунаас түрүүнд цэвэр утга зохиолыг дээдэлсэн утга зохиолд өгсөн шагнал гэж харж байна” гэж ярьсан байна.
Үүний өмнөх 2022 оны утга зохиолын Нобелийн шагналтнаар францын зохиолч эмэгтэй Анни Эрно тодорч байсан бол, 2021 оныхыг танзанийн зохиолч Абдулразак Гурна хүртэж байсан юм. Энэ 7 хоногийн эхнээс энэ жилийн салбар салбарын Нобелийн шагналтнуудыг ийнхүү тодруулсаар байна.
Ковид-19-ийн эсрэг вакцин бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэд Каталин Карико, Дрю Вайсман нарт анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг хүртээсэн бол Шведийн хааны ШУА-аас хими, физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлаад байгаа. Өнөөдөр буюу баасан гарагт Нобелийн Энх тайвны шагналтны нэрийг зарлах бол ирэх даваа гарагт энэ шагналыг үндэслэгч Альфред Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн салбарын шагналын эзнийг нэрлэснээр жил бүрийн 10-р сарын эхний 7 хоногт тохиодог Нобелийн 7 хоног өндөрлөнө. Харин энэ жилийн шагналтнуудаар тодорсон хүмүүст шагнал гардуулах ёслол нь ирэх 12-р сарын 10-нд Стокхолмд болох юм.
Сэтгэгдэл