Г.Батсүх: Импортын барилгын материалын 40 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй байна

Aдмин / Нүүр

ЗАМЫН-ҮҮДЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ НЭЭГДЭЖ БАЙГАА

“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяртай ярилцав.


-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж, Засгийн газарт өргөн барина гэсэн. Голцуу ямар саналууд ирж байна вэ?

-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж Шадар сайдад танилцуулна. Тэгээд холбогдох арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэж байна. Холбогдох байгууллагууд санал хүсэлт, дүгнэлтээ бичгээр өгсөн. Тэр асуудлуудыг бид нэгтгээд, нэгдсэн зохион байгуултад оруулаад төрийн байгууллага нь ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлье, хувийн хэвшил нь үүн дээр анхаарч ажиллая гэдэг дээр нэгдсэн санал дүгнэлтүүд гарна.

-Монголд барилгын материалын стандарт ямар баталгаажилтаар явдаг вэ. Муу материалууд орж ирдэг гэж хүмүүс их ярьдаг шүү дээ?

-Барилгын салбарт нийт 618 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс барилгын материалын стандарт 155 байна. Стандарт нь байгаад байна. Хэрэгжилтийн түвшинд нь анхаарах асуудлууд бий. Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт гэж байдаг. Хүний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхэд заавал стандартын шаардлага хангуулсан байна гэдэг. Үүний хүрээнд 644 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 230 нь барилгын материалтай холбоотой асуудлууд байдаг. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. Үүнд тодорхой хэмжээгээр хамрагдаад явж байна. Гэхдээ гаалийн хяналтын байгууллагаар магадгүй баталгаагүй оруулж ирж байгаа асуудлууд бий. Тэр чиглэл рүү нэлээд ач холбогдол өгч анхаарч ажиллахаар болж байгаа.

-Үүний хэрэгжилтийг хаанаас хянаж ажиллах вэ. Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болчихсон шүү дээ?

-Барилгын материалын стандартын шаардлага хангахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь гаалийн байгууллага. Барилгын материалыг стандартын шаардлага хангасныг хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага нь гаалийн байгууллага гэсэн үг.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал маш их нөлөөлдөг гэсэн. Үүнийг шинжилж судлах хангалттай хэмжээний лаборатори, мэргэжлийн шинжээч Монголд бий юу?

-Хэд хэдэн тохирлын үнэлгээний байгууллагууд байдаг. Барилгын хөгжлийн төв, Барилга архитектор корпораци, Барилгын хөгжлийн нэгдсэн төв гэх мэт. Эдгээр байгууллагууд тодорхой төрлийн үнэлгээг хийгээд явж байгаа.

-600 гаруй нэр төрлийн барилгын материал гаалийн байгууллагаар л дамжиж орж ирж байгаа. Гаалийн байгууллага тэдгээр бараа материалд бүрэн хяналт тавьж чаддаг болов уу?

-Түүнийг гаалийн байгууллагаас нь л тодруулах байх. Өөр байгууллагын өмнөөс би хариулт өгөх боломжгүй. Ер нь тохирлын гэрчилгээ буюу тохирлын үнэлгээний үр дүнг үндэслээд бараа материалыг оруулж ирж байх ёстой. Үүн дээр зохих хэмжээний зүйлүүд байгаа талаар Гаалийн ерөнхий газар, холбогдох албан тушаалтнууд нь тодорхой тайлбар мэдээллүүдийг өгч байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж ажиллая гээд мэдэгдсэн. Нөгөө талаар барилгын материал оруулж ирж байгаа имспортлогчид стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л оруулж ирэх хандлагын өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Түүнээс бид чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд та нар өөрсдөө хяналтаа тавьж чадахгүй байж гэдэг хандлага байж болохгүй. Тэгэхээр аль аль тал нь үүн дээр анхаарах ёстой. Гаалийн байгууллага ч хяналтаа сайжруулах ёстой. Нөгөө талаас бараа материалаа импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж байгууллага ч гэсэн чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх ёстой. Ингэж байж эрүүл аюулгүй орчин хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Нөгөө талаас стандартын байгууллага шаардлагатай стандартыг батлах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана.

-Барилгын материал импортын хувьд хамгийн их тулгамддаг асуудлууд юу байна вэ?

-Чанаргүй бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа л асуудал байна. Үүн дээр хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл нь дотоод орчны агаарын бохирдолд шатамхай дэгдэмхий бодисууд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан байх ёстой. Стандарт гэдэг нь аюулгүй байдлыг л хангуулах гээд байгаа юм. Шаардлагатай стандартуудыг баталдаг байх ёстой. Замын-Үүдэд барилгын материалын лаборатори нээгдэж байгаа. Тэгэхээр нэлээд цэгцрэх байх.

ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛААС БОЛЖ ЧАНАР МУУТАЙ БАРИЛГА БАРИГДАЖ, БАРИЛГУУД НУРАХ, НАСЖИЛТ НЬ БОГИНОСОХ, УРСГАЛ ЗАСВАРЫН ЗАРДЛУУД ИХ ГАРДАГ БОЛЛОО

Мөн энэ үеэр Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүхтэй ярилцлаа.


-Хэлэлцүүлгээс гарсан ямар санал зөвлөмжүүдийг Засгийн газарт өргөн барина гэсэн. Хамгийн их хөндөгдсөн асуудлууд юу байв?

-Голцуу барилгын материал нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна. Чанаргүй барилгын материалаас болж чанар муутай барилга баригдаж, үүнээсээ болоод барилгууд нурах, насжилт нь богиносох, урсгал засварын зардлууд их болж байна.

-Монголд импортоор хэчнээн төрлийн барилгын материал орж ирдэг юм бэ?

-10 мянга гаруй нэр төрлийн барилгын бараа материал орж ирдэг.

-Эдгээр 10 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шинжилж судлах боломж нь хэр байдаг вэ. Лабораториудын хүчин чадал нь хүрдэг үү?

-Тодорхой хэмжээг нь шинжлэн судлах боломжтой. Одоо бол заавал бүгдийг нь шинжлэн судлах шаардлагагүй болсон. Монгол олон улсын конвенцид нэгдчихсэн. Тэгэхээр тухайн улс орнуудын шинжилсэн лабораторийн дүгнэлт, тохирлын гэрчилгээг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг болчихсон гэсэн үг. Тиймээс заавал Монголдоо нарийн лаборатори байгуулаад байх шаардлагагүйгээр тухайн улсын лабораторийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзээд, түүнийг нь бид үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч импортоор оруулж болно.

-10 мянга гаруй нэр төрлийн бараа материалаас хэчнээн нь стандартын шаардлага хангахгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн импортоор орж ирж байна вэ?

-Зах зээл дээр импортоор орж ирж байгаа барилгын материалын 40 хувь орчим нь чанарын шаардлага хангахгүй байна.

-Чанарын шаардлага хангахгүй бараа материал оруулж ирж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хараа хяналтыг хаанаас тавьж байна вэ. Ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хараа хяналтыг хэн ч тавихгүй байна. Ямар ч хариуцлага байхгүй.

-Үүнийг яаж таслан зогсоох вэ?

-Хуулиа хэрэгжүүлээд л явах шаардлагатай. Үүний дагуу дагаж мөрдөх дүрэм журам баталж гаргах хэрэгтэй байгаа.

-Мэргэжлийн хяналтын газар нь татан буугдчихсан. Үүнийг хянах тусгай чиг үүргийг хаанаас хангах вэ?

-Үүний эрх нь Барилга хот байгуулалтын яам руу шилжчихсэн. Түүнийг нь хийх боловсон хүчин байхгүй юм билээ.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал их нөлөөлдөг гэдэг. Барилгын материалыг чанаржуулахын тулд та бүхний хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, саналууд юу байна вэ?

-Хэн дуртай нь барилгын материал зөөдөг биш аж ахуйн нэгж зөөдөг болгоё гэж байгаа. Одоогоор дийлэнх нь Зуун айлын барилгын материалын худалдаа явуулдаг иргэдийн нэрээр буюу гааль бүрдүүлэлт хийлгүй, бараа материалаа мэдүүлэлгүй шууд оруулж ирээд байгаа. Тиймээс нэгдүгээрт, тохирлын гэрчилгээтэй, хоёрдугаарт, аж ахуйн нэгж барилгын материал оруулдаг болъё гэж байгаа юм.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.248] 2023-10-31 12:11:42

Барилгажаад авилгажаад дууссан хойно зөв л ажиллаж байна. Монгол шүүдээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.