Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ

Aдмин / Нүүр

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн нутаг дэвсгэр “Мөнгөн шонхор” гудамжны задгайгаас 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:10 цагийн үед найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон байдаг. Охин алга болоод зургаан жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн гэдэг. Ингэхдээ I, II, III, IV, V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар. Мөн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг шалгаж, шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулсан байдаг. Охин тухайн үед Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг.

Дахин энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр мөн л аймгийн нутаг дэвсгэрээс хичээлдээ явахаар таксинд суусан 12 настай охин сураггүй алга болж цогцсыг нь 6-ны өдөр олсон байдаг. Энэ хэргийн сэжигтэн Г.Гантулгыг хоёр охины хэрэгт хамаатай байж магадгүй гэсэн таамгийг зарим хүмүүс дэвшүүлээд байсан.

Гэтэл Д.Сэржмядаг охины хэргийн дагуу нэг хүнийг хоёр жил шалгаж байгаа. Хэрэг бараг шийдэгдэх шатандаа яваа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад “Уг хэргийн талаар мэдээлэл өгөх хүн алга” гэсэн хариуг өгөв. Ингээд тухайн үед охины ангийн багш байсан Дорноговь аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн багш Я.Өлзиймаатай холбогдлоо. Тэрбээр ярихдаа “Тухайн үед хүүхдүүдийн сэтгэл санаанд их нөлөөлсөн. Манай ангийнхан тэр чигээрээ өдөр бүр Сэржмядагийг хичээлдээ ирэх байх гэж хүлээдэг байсан. Би тухайн үед хэд хэдэн удаа цагдаагийн газарт байцаалт өгсөн. Сүүлд сонсоход ээж, аав нь эндээс нүүгээд явсан гэсэн сураг дуулдсан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүндхэн өнгөрдөг” гэсэн юм.

Ингээд Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаатай ярилцлаа.


-Цагдаагаас та бүхэнтэй холбогдож байгаа юу?

-Өнөө өглөө (өчигдөр өглөө) цагдаа нартай ярьсан.

-Танд юу гэж хэлэв?

-Шалгаж байгаа л гэсэн.

-Цахим орчинд сүүлийн хоёр жил охины хэрэгт холбогдуулаад нэг хүнийг шалгаад хэрэг шийдэгдэх шатандаа яваа гэсэн утгатай мэдээлэл явж байна лээ. Энэ талаар танд мэдсэн зүйл бий юу?

-Наадхыг чинь одоо л чиний амнаас сонсож байна. Би цахим орчинд орох боломжгүй утас барьж байгаа болохоор мэдээллээс хол байгаа.

-Дорноговь аймгийн цагдаагаас тодруултал тодорхой хариулт өгөх хүн алга гэсэн?

-Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна.

-Сүүлд алга болсон 12 настай охины хэргийн сэжигтэн Г.Гантулга гэгчийг бас охины хэрэгт хамаатай гэх мэдээлэл яваад байсан. Та харсан уу?

-Монгол Улсын хэмжээнд ямар хэрэг гарна, бүгдийг л шалгадаг. Алга болсон охидын хэргийг бүгдийг нь шалгаж байгаа. Охины минь зургийг алуурчны зурагтай хамт нийтэлчихсэн байх юм. Би бүр гайхаад байна. Хүмүүс над руу яриад байна. Хүүхдийн чинь зураг алуурчны зурагтай зэрэгцээд гарчихсан байна гээд. Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг ямар муухай юм бэ. Тэр алуурчныхаа зургийг л тавина биз. Яагаад миний охины зургийг зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ. Хүүхдийнхээ зургийг ариун сайхан байлгамаар байх юм. Өөрсдийнх нь хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлээд тавибал тэдэнд ямар санагдах бол. Хэчнээн хэвлэл мэдээлэл ч гэсэн ард түмнийхээ талд байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв сонинд нийтлэх гэж байгаа бол миний охины зургийг алуурчны зурагтай бүү тавиарай. Миний охины зургийг тэгж тавьсан ямар сайтууд байна, бүгдэд нь би гомдол бичиж өгнө. Өнөөдөр би цагдаад хэлсэн. Манай хэвлэл мэдээллээс тэгж цацаагүй ээ. Та гомдол хүсэлтээ гаргаад өгч болно гэсэн. Хүүхдийн эрх шүү дээ. Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг тэгж байгаа юм бэ. Алуурчны хажууд. Дангаараа, ганцаараа миний охин байсан бол хамаа алга. Алуурчинтай зэрэгцээд байж байгаа юм. Тэгэхээр чинь ямар ч хүний эцэг, эх дургүйцнэ биз дээ.

Танайхыг Дорноговь аймгаас хот руу шилжсэн гэсэн. Хэзээ шилжиж ирэв?

-Тийм тийм. Ирээд гурван жил боллоо. Коронагийн үеэр ирсэн.

-Та хил онгойхоор урагшаа гарч охиноо эрж хайна гэж байсан гарсан уу?

-Гарсан гарсан. Эгч нь гараад охиноо хайсан. Даанч ямар ч сэжүүр олж чадаагүй. Сайтуудад хатуухан сануулга өгмөөр байна. Хүний өмнөөс шийдэж, хүүхдийн эрхэнд халдаж, дур мэдэн зураг тавьж байдаг. Өрлөг гэдэг сайт тавьсан л гэнэ. Цагаачууд овогтой Тайвантөр гэсэн. Өнөөдөр бас Зариг тавьсан байна гэж манай охин над руу утсаар яриад хэлээд байна. Тэр зургуудыг яаралтай устгуулмаар байна. Гомдлоо гаргана гэв.

Тухайн хэргийн талаар Дорноговь аймгийн иргэнтэй холбогдоход “Д.Сэржмядаг охины хэрэг ч тэр, сүүлд алга болсон 12 настай охины хэрэг ч тэр энд маш нууцлагдмал байгаа. 12 настай охины цогцсыг олоход эд эрхтэн нь байгаагүй, хүн харахын аргагүй байсан гэсэн. Тиймээс сураггүй алга болсон охидын хэргийг энд их нууцалж байгаа. Хүүхэдтэй хүн болгон энд айдастай байна. Хүүхдүүдээ ганцааранг нь явуулахаа больсон. Гараас гарт хөтөлбөрийг утгаар нь хэрэгжүүлж байгаа. Угаасаа камер муутай, хараа хяналт султай газарт эцэг эхчүүд өөрсдөө л үр хүүхдэдээ анхаарахгүй бол хэцүү болсон цаг үе. Хүүхэд алга болсон хэрэгт албаныхан оролцоотой байж магадгүй. Нэг хүн ганцаараа яагаад ч тийм хэрэг хийхгүй гээд эмч нарыг хүртэл цагдаагаас дуудаж шалгасан. Яагаад вэ гэвэл мэргэжлийн бус хүн хүний эд эрхтнийг авч чадахгүй шүү дээ” хэмээн ярив.

Цагдаагийн байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд 10.000 хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. 1996-2022 оны хооронд 16 хүүхэд сураггүй алга болсон. Үүнээс гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байдаг. Энэ нь Сэлэнгэ, Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин 14 хүүхэд ахуйн ослын улмаас алга болсон тул цагдаагийн байгууллага тасралтгүй эрэн сурвалжилж байна хэмээн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлж байлаа. Харин ОБЕГ-аас “Он гарсаар сураггүй алга болсон 274, төөрсөн 12 тохиолдол бүртгэгдэж, 204 иргэний (том хүн 170, хүүхэд 16, гадаад улсын 31) иргэний амь насыг авран хамгаалсан. Харамсалтай нь 27 иргэн (том хүн 22, хүүхэд 5) нас барсан” гэсэн мэдээллийг өгөв.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.205] 2023-11-11 22:15:49

Нүүрсчид банкны дээрэм авилга хахууль аллага хүчингийн хэрэг хийгсэдийг гишгэх газаргүй амьдрах аргагүй болтол нь зовоох хэрэгтэй шүү дээ. авилга бол аливаа улсын хөгжлийг гацаадаг өөдгүй зальт хүмүүсийн хийдэг бузар үйлдэл юм. хүний хүүхдүүдийг хүчиндэж алж байгаа нөхөдийг толгойг нь илж болохгүй. дээрээс нь хүүхэд эмэгтэйчүүдийг хилийн чанадад зарж байгаа этгээдүүдийн бэлгэ эрхтэнг нь огтлох хэрэгтэй. тэд нар хүртэл үхэн үхтлээ зовох ёстой амьтад. тэд хүмүүс биш харин амьдаараа буг чөтгөр болсон амьтад.

Зочин [202.9.40.45] 2023-11-10 21:47:43

Б.Хоролмаа гуай минь та нялх хүүхдээ сургуульд нь хүргээд өгчихгүй даан ч яав даа л гэж бодогдоод уйлж сууна даа .Нялх 8хан настай.

Зочин [202.55.188.97] 2023-11-09 20:29:24

aav eej ni yagaad nuudeg bnaa, sonin um, hun bol huuder irne geed huleegeed hudulj ch chadmaatgui um !

Зочин [66.181.187.81] 2023-11-08 20:52:15

Тэр гантулга гэгч этгээдийг үхтэл нь тамлаж зодож бгаад хэлүүлээч хүний эрх мэрх яриад тэнэгтээд бхийн

Зочин [202.126.89.132] 2023-11-10 22:11:55

Ёстой эрүүдэн шүүж хэлүүлмээр бгаан

Б [66.181.184.248] 2023-11-09 12:02:08

Зөв

Зочин [66.181.181.23] 2023-11-08 17:48:05

Хүмүүс өөрсдийгөө хамаатнуудаасаа л хамгаалах хэрэгтэй учир нь алуурчид ойрхон байдаг юм.

ганболд [124.158.70.8] 2023-11-08 15:09:06

хар тамхи, хүний наймаа эд эрхтнийг худалдаж авдаг явдал маш хүчтэй аргэ хэмжээ авахаас нааш устахгүй улам л газар авч байна. хүн чанар 1990 оноос хойш бүр мөсөн алга боллоо Энэ бүхний эх үүсвэрийг тавьсан Баавар-нийтлэлч, Элбэгдорж,Батүүл Гончигдорж,Сосорбарам нартай хариуцлага тооцох нэн шаардлагатай Эд нар нийлж Зоригийгоо нухсан ил далд элдэв хэлбэрээр Хурц ,М.Энхамгалан прокурор нарын оролцоотойгоор амь насаа алдсан олон тохиолдол байгаа

Зочин [203.98.76.249] 2023-11-09 09:48:59

дэлхийг хамарсан том сүлжээ байна шүү дээ. энэ сүлжээнд хэдэн хүнийг зарчмаар байх юм.

Зочин [202.126.89.248] 2023-11-08 18:58:43

Тийм шүү санал нийлж бнө

иргэн [66.181.191.60] 2023-11-08 18:26:09

90 оны ардчилал ийм л юм авч ирсэн дээ.Хууль нь гууль болж,өнгө мөнгөний хорвоо болсон.Эх орон ч үгүй болох нь шиг байна даа

Зочин [66.181.161.74] 2023-11-08 16:10:29

Ганболд зөв хэллээ

Зочин [203.98.76.249] 2023-11-08 13:47:07

нүүрний хулгайчууд шиг хүний наймаачид бас төрийн бөөсний дотор байгаа

Зочин [59.153.115.219] 2023-11-09 17:25:59

тэрийг чи л сонгоо биз дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.