Тэргүүн хамба лам
“Шашныг дотроос нь сахил санваараар хашиж, төрийг гаднаас нь хууль цаазаар засдаг. Хүмүүн бодгалыг дотор сэтгэлийн чанар байдлын талаас нь шашны суртлаар засна, гадна биеийн ёс байдлыг гаднаас нь төрийн цаазаар засна. Төр шашин хоёрыг шувууны хоёр далавч мэт тэгшид ихэрлүүлж, билгүүний ир хурц, аргын мөр зузаан илдээр мунхагийн бүдүүн модны үндсийг огтолж бармуй.” хэмээн Монгол сударт бичжээ. Монголчууд шашингүйгээр төр, төргүйгээр шашин тогтох учиргүйг номлож баталсан эртний дорно дахины номт улсуудын төр шашныг хослон зохиож ирсэн энэхүү үндэсний уламжлалыг устгаснаас болж төр шашин хоёроо аль алиныг нь үгүй хийсэн эмгэнэлт түүхтэй Улс юм. Монголчууд төргүйгээр хоёр зуун жил, шашингүйгээр бүтэн нэгэн жарныг өнгөрөөжээ. Төр шашныг хослуулсан хамгийн хүчирхэг улс бол Хубилай сэцэн хааны байгуулсан, 108 жил цэцэглэн оршсон Монголын Их Юань гүрэн байлаа. Монголчууд бид төр шашнаа хослуулан хөгжүүлж чадсан гайхамшигт ард түмэн байсан юм шүү. Харамсалтай нь Монголчууд бид өнгөрсөн зуунд улаан хувьсгалд өртөж Бурханы шашнаа устгаж, бузар нүглийг хураан, үйлийн үрийг зузаалж өнгөрүүлэв. Эдүгээ цагт Монголчууд бид үндэсний шашнаа шүтэж, оюун ухаанаа хөгжүүлж, сэтгэлээ ариусгах боломжтой болсон нь сайн хэрэг. Гэвч орчин үед төр, шашин тусдаа байна гэдгээр шалтаглаж Бурханы сургаалийг сургууль, боловсролын байгууллагад зааж сургахыг хязгаарласаар өдий хүрчээ.
Удахгүй Монголчууд бид 2023 оны 11-р сарын 18 -ны билигт сайн өдөр шинэ тэргүүн хамба ламаа залах гэж байна. Энэ бол Монголын түүхэнд чухал үйл явдлын нэг болох юм.
Бид шинэ тэргүүн хамба ламаа залахдаа өмнөх хамба ламаа дурсах ёстой. Өмнөх тэргүүн хамба лам Д.Чойжамц бол олон жил Монголын Гандан хийдийн тэргүүнээр тогтвортой сайн ажилласан эгэл эрдэмтэй лам хүн. Д.Чойжамц хамба ламын товч намтрыг дурдвал, Д.Чойжамц 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт мэндэлжээ. Чойжамц хэмээх нэр бол Номын далай гэсэн утгатай түвд нэр юм. Тэрээр дунд сургуулийн 8-р ангиа нийслэлийн 22-р дунд сургууль, 10-р ангиа нийслэлийн 28-р дунд сургуульд сурч төгсчээ. Д.Чойжамц 1976 онд Шашны дээд сургуулийг онц дүнтэй төгсөж, Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил ном хуржээ. 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан. 1986-1992 онд Гандантэгчинлэн хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалын албыг хашиж байсан. Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авчээ. Тэргүүн хамба лам Д.Чойжамцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 онд “Хамба Номун хан” цол хэргэм өргөжлөл хүртээжээ. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Тэргүүн хамба ламаар 31 жил тасралтгүй ажилласан. Д.Чойжамц хамба энэ хугацаанд олон сайн буян номын үйлс бүтээжээ. 1992 онд Мэгзэд Жанрайсэг бурханыг шинээр бүтээж залах ажил, Бакула багшийг Монголд залж Монголын Бурханы шашинг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байлаа. Есдүгээр Богдыг Монголд залж монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилж байв. Олон зуун Монгол хүүхдийг Энэтхэгийн Дармасал болон Балданбрэйвун хийд, Сэра жэ хийдэд сургах үйлсэд зүтгэж байв. Монгол Улсын нийслэл хотод болон Энэтхэгийн Дармасалд Батцагаан дугана байгуулж сүсэгтэн олноо баярлуулсан. Далай ламыг Монголд олон удаа урьж буян номыг үйлдсэн. Д.Чойжамц тэргүүн хамба бяцхан хувилгаан аравдугаар Богд Данзанжамбалыг тодруулах үйлсэд хувь нэмэр оруулсан. Би Чойжамц хамбын тухай нэгэн ТВ-ийн нэвтрүүлэг үзсэн юм. Тэр нэвтрүүлгээр Чойжамц хамба маань ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг эгэл жирийн сайхан сэтгэлтэй эрдэм номтой лам хүн гэдэг нь харагдаж байлаа. 2023 онд 72 настай Д.Чойжамц тэргүүн хамба лам албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүсэж өргөдлөө Гандан хийдийн захиргаанд өгсөн. Монголын нийгэмд дараагийн тэргүүн хамба лам хэн бэ гэсэн хүлээлт үүссэн.
Төрийн тэргүүний суудалд нам нь сонгуульд ялсан, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүн суудаг. Тэгвэл Бурхан шашинтны Тэргүүн хамба ламын суудалд Бурханы номонд хамгийн сайн мэргэшсэн, сахил санваар төгөлдөр, номч мэргэн лам хүн суудаг ёстой.
2023 оны 11-р сарын 1-ний өдөр Гандантэгчлэн хийдийн захиргааны зөвлөлийн хурлаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчлэн хийдийн Тэргүүн хамба ламаар Номын багш, Лхаарамба Д.Жавзандоржийг томилсон. Шинэ тэргүүн хамба ламынхаа нэрийг шинжихэд Жэзүн гэдэг нь “Ариун гэгээн” гэсэн утгатай, Дорж гэдэг нь “Очир” гэсэн гүн утгатай сайхан нэр байлаа. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн 30 дахь хамба ламаар томилогдож буй Д.Жавзандорж лхаарамбын намтрыг товч өгүүлвэл: Монгол багш буюу лхаарамба Д.Жавзандорж 1980 онд Сүхбаатар аймагт мэндэлсэн. Сүхбаатар аймгийн Төв хийд, Зүүн хүрээ Дашчлойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнбол дацанд буддын ном сургаал, ялангуяа гүн ухааны сургалтанд суралцаж байгаад 1998 оноос эхлэн Энэтхэг дэх Буддын гүн ухааны сургалттай Балданбрайвун хийдэд (Drepung Gomang Monastic university) суралцжээ. Монголд өмнөх 300 жилд Лхаарамба цолыг 50 Монгол лам хүртжээ. Монголд хорьдугаар зууны эхэнд шашингүйн цөвүүн цаг нүүрлэж,1921 оноос эхлэн 1990 он хүртэл лам нарын цол хамгаалалт, сургалт тасраад байсан юм. Д.Жавзандорж нь 1990 оноос хойшхи Монгол лам нарын дундаас анхны Лхаарамба цолыг 2017 онд хамгаалжээ. Тухайн жил цол хамгаалсан лам нарын дундаас эхний байранд шалгарсан тул "Анги дамбын Лхаарамба" хэмээх алдрыг хүртжээ. Лхаарамба лам Д.Жавзандорж нь Монгол төдийгүй гадаад олон шавь нартаа Бурханы сургаал ном зааж ирсэн тул "Монгол багш" хэмээх алдрыг шавь нараасаа хүртсэн ажээ.
Д.Жавзандорж лхаарамба бол Бурхан багшийн үндсэн айлдвар сургаал болох судар, тарнийн ёсонд илтэд мэргэжсэн, сахил санваар төгөлдөр, орчин цагт Монголын Бурханы шашныг манлайлах түүхэн хувь тохиосон ариун үйлстэн хэмээн бусад лам нар болон сүсэгтэн олон үздэг ажээ.
Д.Жавзандорж лхаарамба нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, радиогийн Олон Нийтийн Зөвлөлийн гишүүн, Бурхан шашны их сургуулийн багшийн алба хашиж байлаа. Монголд буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сумади Гирди" НҮТББ-г тэргүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд бие, хэл, сэтгэлийн үйлээ зориулан ажиллаж байсан. “Гандан” ТВ-ээр Жавзандорж лхаарамба лам багш маань Богд Зонхабагийн ном, намтрыг айлдаж байгаа нь сүсэгтэнүүдийн сэтгэлд ихэд нийцсэн явдал байв. Эдүгээ Монголд Жэвзүндамба төв, Наро Банчэн төв, Асрал төв, Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв зэрэг ТББ байгуулагдаж, олон нийтэд буддын ухааны мэдлэг, оюуныг хөгжүүлэх сургалтууд явуулж байгаа нь сайн хэрэг. Гэвч Монголын гурван сая хүнд эдгээр цөөхөн сургалтын төвүүд хүрэлцэхгүй байна. Монгол хүүхдэд бага наснаас нь сургуульд сурч эхлэх үеэс нь эхэлж арван хар нүглийг цээрлэх ёсон, арван цагаан буян үйлдэхийн ач туч, дөрвөн үнэн, найман мөр, үйлийн үр, нисванисийн тухай Буддын сургаалийн анхны мэдэгдэхүүнийг заах хэрэгтэй байна. Сургуулийн сургалтын хөтөлбөрт Буддагийн сургаалийг заавал тусгах хэрэгтэй байна. Сургуулийн хүүхдүүдэд үлэмж үзэхүйн бясалгалыг зааж, сэтгэлийг нь тогтворжуулж, гэгээрлийн шатанд оруулах хэрэгтэй байна. Үүний тулд боловсролын хуулиа шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Монгол Улс ард түмнээрээ Бурханы шашинтай байх цагтаа нэг ч хүн амины хэрэг гардаггүй, хулгай бараг гардаггүй амар амгалангийн Номт орон байсан юм. Одоо бол нэг жилд гэмт хэргээс болж дунджаар 1500 хүн амь насаа алддаг, хулгайн хэрэг төрийн түвшинд гарч хэдэн их наядаар нь хулгайлдаг амар амгалангийн баталгаагүй айдас түгшүүртэй орон болжээ.
Монголд Улсын төсвийн ядаж 1.0 хувийг үндэсний шашиндаа төсөвлөх хэрэгтэй байна. Унгар улс гэхэд католик шашиндаа улсын төсвийн 9.0 хувийг зарцуулдаг ажээ. Монголчууд бид алийн болгон үндэсний шашнаасаа төсвөө харамлаж бирд царайлах юм бэ? Эдүгээ шашингүйн коммунист атеист хорт үзэл манай нийгэмд одо болтол бугшин үлдсэн байна. Социализмын үед Монголчууд Карл Марксын католик болон иудей шашны тухай хэлсэн “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн үгийг 70 жилийн турш хоосон цээжилж байсан бол эдүгээ “хүн шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх чөлөө” хэмээн цэцэрхэж, Бурханы сургаал эзэмших хамаг цагаа хий дэмий өнгөрүүлж байна, хамаг амьдралаа хөрөнгө, мөнгө, эрх мэдлийн төлөө хэт туйлширч зориулан сүйтгэж байна. Монгол хүүхдүүдэд багаас нь энэрэхүй, асрахуй сэтгэлийг суулгаж өгөх нь зүйтэй. Ингэхгүй бол орчин үеийн Монгол залуус маань боловсролтой харгис хүн болох шинжтэй байна. Энэ байдлаасаа гарахгүй бол Монгол Улсад энэрэнгүй ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулна гэсэн зорилго нь хоосон мөрөөдөл болж замхарч мэдэх юм.
Буддын сургаал бол нийгэм рүү чиглэсэн сургаал биш, харин хувь хүний оюун ухаан, сэтгэлийг боловсронгуй гэгээлэг болгоход чиглэсэн сургаал юм. Орчин үеийн дунд, их дээд сургууль бол зөвхөн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх л сургууль юм. Иймд өнөөдөр Монголд буддын сургаал болон орчин үеийн сургуулийн зөв хослолыг буй болгох хэрэгтэй байна.
Далай лам багш “Буддизм гэж юу вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад: "Миний бодлоор Буддизм нь ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ухаан юм. Буддизмын гүн ухаан, буддын шашинтны зан төрх салшгүй холбоотой. Бид Бурханыг гадна талаас бус, харин өөрийнхөө санаа бодлоос дотроосоо эрдэг. Ертөнцийн бүх юм харилцан уялдаатай гэж манай сургаал үздэг. Тэгэхлээр цаашдаа жаргаж зовох нь өнөөгийн бидний явдал үйлсээс л болно. Буян үйлдэж, зөв сэтгэж бодож явбаас энэ насандаа амар амгалан жаргалтай, улмаар хойт насандаа ч сайн сайхныг эдэлнэ. Бусад амьтанд тус болж чадах аваас түүнд заавал тусалж бай. Тусалж чадахгүй бол гэм хор учруулахгүйг бодох учиртай. Нүгэл хилэнц болно гэж айсандаа бус, харин энэрч хайрласандаа тэгж бодох хэрэгтэй. Буддизмын уг чанар нь ийм л юм. Хүч үл хэрэглэх зарчим бол Буддагийн сургаалийн гол зарчим юм. Зарим хүн Бурханд зөвхөн мөргөж залбирснаар тухайн улсад хөгжил цэцэглэлтийг авчирдаг хэмээн хэлдэг. Энэ үг бол арай биш юм л даа. Бурханд мөргөж залбирах нь сайн хэрэг. Гэхдээ төр, ард түмэн нэгдэж хамтран хичээл зүтгэл гарган ажиллаж байж л хөгжил цэцэглэлтийг авчирна шүү дээ " хэмээн айлджээ.
Олон зууны өмнө Богд Адишаа “Хар амиа хичээх нь доройтол бүхний шалтгаан, Хамаг амьтныг энэрэх нь гэгээрэл бүхний үндэс” хэмээн айлджээ. Гурван зууны өмнө Монгол лам нар “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана” хэмээн Монгол сударт бичиж байжээ. Монголчууд бидэнд буддын шашны агуу их өв соёл байна. Харин энэхүү нандин өв соёлоо орчин үед сэргээн мандуулах нь ус агаар шиг чухал асуудал болоод байна. Эгэл жирийн сүсэгтэн бивээр шинээр томилогдсон Тэргүүн хамба лам маань Монголын нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж, хүмүүсийн оюун ухаанд боди сэтгэлийг батжуулж, буян номыг тасралтгүй үйлдэж, Номч мэргэн Тэргүүн хамба байх болно гэдэгт гүн итгэлтэй байна. Монголын шинэ тэргүүн Хамба ламын буян номын үйлс нь арвижиж, өлмий нь бат орших болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл
Бадмарай Гонжоо [103.212.119.197] 2023-11-20 18:48:58
Би очсон.Сайхан байсан.Өвгөнөө охины хүү зээтэйгээ очсон. Энгийнхүмүүс ороход эхэнд шахам биорсон.Адес авсан. Хоолой зангираад байсан...нулимс гарах гээд байсан....
Зочин [202.55.188.108] 2023-11-18 00:17:59
шар хувалз
Зочин [66.181.182.20] 2023-11-17 13:49:37
ЭРХЭМ ХҮНДЭТ ХАМБА ЖАВЗАНДОРЖТОН ТА ӨНӨӨ ҮЕД МАНАЙ ШАШНЫ ИХЭЭХЭН ТӨВДЖИЖ БИЗНЕСЖСЭН МУХАР СҮСЭГ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙСЭН БАЙДЛААС НЬ АНГИЖРУУЛЖ БУДДИЗМЫН ҮНДСЭН НОМЛОЛД ОЙРТУУЛЖ ЭС ЧАДВААС ТА МӨНЛ ЧОЙЖАМЦТНЫ АРААС МӨДХӨН ХӨӨГДӨН ТУУГДАН ЯВАХ БОЛНО. ХҮН ТӨРӨЛХИЙТӨН ЦААШЛААД ХАМАГ АМЬТАНЫ ОРШИН БАЙХУЙН ҮНДСИЙН ҮНДЭС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ЭРХЭМЛЭН ХАМГААЛАХУЙД УХАМСАРТ ХҮН БҮГД ТҮҮНИЙ ДОТОР ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ... ГЭЖ НОМОЛДОГ ШАШИН ТУН ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ