Жирийн хулгайчаа зарлаад жил, жинхэнэ хулгайчаа зарлана гээд сар боллоо
Таван толгойн нүүрсний хулгайг ярьж байна л даа. Жилийн өмнө юу болж байв. Төв талбай дээр сүйд хийх нь гэмээр нүүрсний хулгайчидтай тэмцсэн. Төрийн ордонд хүртэл “УИХ-ын гишүүн тэр тэр бол “Нүүрсний хулгайчид”-ын эхний хэсэг юм” хэмээн зарлаж, нэрлэгдсэн гишүүд нь тэр дороо үсэрч гарч ирэн “Бид бол биш, харин тэр тэр улстөрчид, УИХ-ын гишүүд нүүрсний хулгайчид шүү” хэмээн зарлаж, хөл толгойгүй юм улс төрийн орчинд өрнөсөн билээ. Үүнд эгдүүцэн дургүйцсэн иргэд, олон нийт талбай дээр жагсаж, суулт хийж, гарын үсэг цуглуулан, дунд шатны дарга захирлуудыг АТГ, Цагдаагаас тэр өдрүүдэд баривчлан хорьж, тэдгээр нөхдийг ард түмэн зүхсээр өнөөдөрт хүрлээ.
Яг үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг гэсэн ганц нэртэй л байна. Тэр нь өөрийгөө шоронд хорлогдож байгаагаа Шүүх хурлын танхимаас мэдэгдсэн төдий үйл явцтай. “Нүүрсний сонсгол” нь ч хийгдсэнгүй. Нүүрсний сонсгол явуулах үүрэгтэй Ажлын хэсгийн дарга нь өөрөө нүүрсний тээвэрлэлтэд нэр орооцолдсон. Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг дахин байгуулав. Тэгээд ч явсангүй. Өнөөдөр ямартай ч ХЗДХ-ийн сайдаар шинээр томилогдсон Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” хийх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.
Хөгжлийн банкны сонсголыг басчиг хийсэн нөхөр. Нүүрсний сонсголыг явуулах туршлага, эрх зүйн мэдлэг, гаргалгаа түүнд байх учиртай. Тэрбээр Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон даруйдаа “Жинхэнэ хулгайч нарыг одоо л зарлана” гэсэн утгатай мэдэгдлийг хийлээ. Хийгээд сар боллоо…
Одоо тэгээд үнэнээсээ зарлаач ээ, Б.Энхбаяр сайд аа. Жирийн хулгайч нар чинь шорон гянданд хоригдож, басчиг дунд шатны хулгайч нар гар хуруугаа татах маягтай байна. Нөгөө сүртэй зарласан том хулгайч нар чинь сураггүй шүү. Ийм үед Б.Энхбаяр жинхэнэ хулгайч нарыг зарлана гэдгээ мэдэгдлээ. Ард түмэн хүлээж эхэллээ. Ард түмний хүлээлт бол аюултай шүү.
Ер нь бол “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан нөхдөөр жинхэнэ хулгайч нарын нэрийг “гэрэл цохиулах” төлөвлөгөөгөө гаргасан нь энэ бололтой. Түүнийг нь мэдэх том хулгайч нар нь мэдээж сөрсөн базаагаа хийж эхэлсэн нь нууц биш. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт одоо юу дутна гэх вэ. Хуулийн эрх мэдэл түүнд л байна. Өөрөө нүүрсний хулгайд холбогдоогүй бол жинхэнэ хулгайч нарыг зарлах л ёстой. Тэгээсэй билээ гэж л Ерөнхий сайд Б.Оюун-Эрдэнэ түүнд ХЗДХ-ийн яамыг атгуулсан байх. Одоо “Нүүрсний сонсгол” хийх өдөр хүртэл 10 гаруйхан хоног үлдлээ. Б.Энхбаярын зүгээс “Хулгайтай холбоотой мэдээллийг ард түмнээс авна. Эх сурвалжийг нууцална” л гээд сууж байна. Гэтэл удахгүй шинэ жил. Баярын хөлд замхаруулж, хүчгүйдүүлээд шинэ он гарах байх. Залгуулаад Цагаан сар. Бас л том долгион нийгэмд үүснэ. Ингэж замхаруулаад сонгуульд зориулсан “Нүүрсний сонсгол” хийж, намаасаа нэгэнт жийгдсэн, карьер нь дууссан, нийгэмд нэр муутай УИХ-ын гишүүн ганц хоёр нөхрийг золиосонд гаргаж, жинхэнэ хулгайчдыг илрүүлсэн нэр зүүгээд пиарын сонсгол болгочих бий дээ…
Ер нь харж байхад Тавантолгойн нүүрсний орд нь эрх баригч МАН-д үнэхээр дүүрэн ашгаа өгч иржээ. Нүүрсний хулгайд оролцоогүй гишүүн, сайд, дарга нар энэ намд байхгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд ялалт байгуулсан бүх сонгуулийг МАН-ынхан Таван толгойгоор хийсэн юм шиг байна. МАН-ынхны шуналын нүд өдөр шөнөгүй энэ орд дээр тусч, жинхэнэ баялгийн хараал хүрчээ. Одоо харж байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд нь МАН-ын том дарга, гишүүдийнхээ нэхсэнийг хангалттай өгчихөөд үлдсэн дээр нь өөрсдөө найрлаад эхэлсэн бололтой. Ингээд Б.Ганхуяг нарын нөхөд баригдсан. Удахгүй гаргаад авчихна, магадланд хүртэл тэвч… тушаалтай нөхөд суллагдах өдрөө хүлээгээд хэвтэж байтал чангалаад эхэлж. Ингээд ирэхээр өнөө
Б.Ганхуяг нарын Таван толгойн захирал, дарга болох нэр бүхий хоригдож байгаа нөхөд өгч байсан МАН-аа ноолоод эхлэв бололтой. МАН-ын томчуудаа айлгаад эхлэв. Хамтдаа “үхэцгээнэ” шүү, хамт л шоронд сууна шүү хэмээн Б.Ганхуяг шууд заналхийлээд эхэлсэнийг
нийгэм харлаа. “Би нүүрсний хулгайч юм бол МАН-ын бүх том дарга, УИХ-ын бүх гишүүнд надтай адилхан хулгайч нар” хэмээн ил цагаан Шүүх хурал дээр ярихыг бид харлаа. Ийм нөхцөлд “Нүүрсний сонсгол” хийгдтэл их юм туулах, ер нь бол үзэх бололтой.
Нүүрсний хулгай ийм өндөр автал, нийгэмд бузар булайгийн жишээ болтол юу туулав. Нийгэмд “гэрэл цохиулах” хүчин зүйл нь юу байв. Идэж уух маань арай дэндлээ, одоо Таван толгойг улсад нь өгчихвөл энэ улс орныг тэжээчих юм биш үү гэж харсан ч байж магадгүй. Ингэж хүртэл бодох юм байна шүү дээ.
Яг өнөөдөр бол ч Таван толгойг мөнгөний гэхээсээ илүү пиарын их ашиг орлого болгочихлоо доо. “МАН хулгайчидтай, авлигачидтай тэмцэж байна. Илрүүлж чадаж байна. Ингэж тэмцсэн эрх баригчид урьд өмнө байгаагүй…” гэсэн пиарын зам дээр гаргачихлаа. Энэ
нь сая бичсэн “Нүүрсний сонсгол” нь шинэ жил, цагаан сар хоёрыг нэг юм гатлаад, сонгуулийн аман дээр аваачиж бүр ч гоё пиар болгон төгсгөх байх гэсэн бодол. Ард түмэн мэдээж “Авлигачдыг алж өглөө дөө, МАН” гэсэн сайшаалтайгаар санал өгөх өдөртэй золгоно.
Гэхдээ байна шүү дээ, хулгай алга болсон гэж бодохгүй байгаа шүү. Өнөөдөр Таван толгойгоос хулгай хийсээр байгаа гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. БЭТ-тэй ч нүүрснээс хулгайлна. БЭТ-гүй ч нүүрснээс хулгайлна. Ийм л муу ёрын дон хулгайчдад шүглэсэн. Цаад Таван толгой орд нь арвин их ч юм даа. Дуусашгүй их баялаг юм. Хусаад л, хулгайлаад… дараагийн ээлж нь орчихсон ч яваа юм уу, хэн үгүйсгэх юм бэ. Хэн ч хулгайгүй болсон гэж Таван толгойн хэмээх тэрхүү аварга бассейнийг хэлэхгүй. Батлах боломж ч үгүй мэт…
Эцэст нь хэлэхэд жирийн хулгайч нарыг ч нэг юм шоронд хорьж болоод байна. Нийгмийн сэтгэл зүйд таашаагдаад. Жинхэнэ хулгайч нараа одоо нэрлэх нь хамгийн чухал байна шүү дээ. Саяхан чуулган дээр МАН-ын даргын бахирсан “Магадлангаар гарах тухай ойлголт байхгүй шүү” гэдэг үг, үүнийгээ хуульчлахыг зорьсон нь угтаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэх эрх зүйн гаргалгаа нь байсан. Өнөөдөр гишүүд, сайд, том дарга нарын хэргийг үүрэн, нууцлан, магадлангаар гарахыг хүлээн шоронд суугаа жирийн хулгайч нар, дунд шатны дарга нарыг шоронд нэг мөр суулгаж, далд эзэд, жинхэнэ хулгайч нарыг илрүүлэх гэсэн хуулийн арга. Жирийн хулгайч нараар нь жинхэнэ хулгайч нарыг нь нэрлүүлээд, “Нүүрсний сонсгол”-оор нэрсийг нь нийгэмд зарлуулж, ард түмний санааг амраах цаг хэзээ юм бол гэж бодож сууна даа.
Б.НЯМАА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.36] 2023-11-23 15:22:39
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!
зочин [66.181.188.175] 2023-11-23 12:37:09
Авлигачдын толгойг илээд торгосон болоод эсвэл хурлыг зориудаар хойшлуулаад байвал хэцүү байна аа
Зочин [202.126.88.214] 2023-11-23 12:35:01
Хүеэээээ одоо. болийёоооо энэ нэг балиар зүйлээ өөрсдөө шийд харин ИРГЭД. ХАР ТҮНЭР УТАА, ХАШИЖ БООСОН ТҮГЖРЭЭ ХАЧИН МУУХАЙ ҮНИЙН ӨСӨЛТҮҮДЭД ЧИНЬ ҮХЛЭЭ ХӨӨЕ. ЯМАР МУУХАЙ ЗАСАГ ТӨР ВЭ??? ЕРӨНХИЙ САЙД ЧИНЬ ЯАСАН ХЭЦҮҮ ХҮН БЭ ДАНДАА Л ШОРОН. ХУЛГАЙ, ЛУЙВАР ГЭЖ ДОНСОЛСОН БЭРХ ХҮН ЮМАА. ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД ХЭРЭГТЭЙ БАЙНАА АРД ТҮМЭЭЭН МОНГОЛЧУУД ОДОО ЯАХ БОЛЖ БАЙНАА. НАЙМААЧИД ХУЛГАЙЧУУД ИРГЭДИЙН ЗҮГЭЭР АМЬДААР НЬ БУЛЖ БАЫНА ЕРӨНХИЙ САЙД ЁСТОЙ МЭДЛЭГГҮЙ БАЙНАА ЯАНАА МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ ЦАНГАЖ ЗОВОЖ БАЙНА ЕРӨНХИЙ САЙД ААААА