“Айдас” дагуулсан Авлигын шүүх

Aдмин / Улстөр

УИХ-аар “...Нэн яаралтай горимоор хэлэлцэнэ” гэсэн Шүүх байгуулах тухай хууль ХЗБХ дээр торлоо. Байнгын хорооны ирц бүрдсэнгүй. Хойшлов. Шалтгаан нь энэ хууль дахь Авлигын шүүх байгуулах тухай зүйл заалт болсон байна. Уг нь Авлигын шүүх байгуулах шаардлага нэгэнт бий болсон. Өнөөдөр гэнэт яригдсан зүйл биш юм. Хэдэн жилийн өмнөөс УИХ-ын түвшинд яригдаж, судалгаа хүртэл хийж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны наймдугаар сарын 20-нд Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр “...Авлигын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм.

Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд “...Авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судал” гэсэн үүрэг өгч байв. Энэ дагуу Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгээс “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар маш тодорхой нэг дүгнэлтийг хийсэн байна.

“...Дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлагын нэг үндсэн шалгуур нь хэргийн гаралт байдаг” гэжээ. Харин “...Авлигын хэргийн гаралт олон уу, цөөн үү” гэдэгт хариулт хэрэггүй юм. Хууль, шүүхийн байгууллагынхан ч “...Авлигын шүүх шаардлагатай” гэж хэлдэг. ШЕЗ-ийн “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2022 оны №2-т шүүгч, судлаач Ц.Мөнх-Эрдэнийн “Авлигын хэргийн шүүх ба олон улсын сайн туршлага” судалгааны өгүүлэл нийтлэгдсэн. Түүндээ “...Улс орнуудад авлигын дагнасан шүүх байгуулагдаж, одоогийн байдлаар дэлхийн 27 орон авлигын дагнасан шүүх прокурорыг байгуулаад амжилттай ажиллаж байна”, “...Шүүхийн тухай хуулийн 29.3-т зааснаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны журмаар дагнан хэлэлцэх танхим байгуулах хууль зүйн боломжтой” “...Авлигын гэмт хэргийг дагнасан байдлаар хянан шийдвэрлэх системийн шинжтэй өөрчлөлт нь гол нь нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжинэ” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн.

Ер нь бол энэ талаар 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Авлигын эсрэг ээлжит бус чуулганы тогтоолын дагуу 2021 онд “...Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр чуулж, тэндээс гишүүн орнуудын эрмэлзлийг илэрхийлсэн “Улс төрийн тунхаглал”-ыг гаргасан. Тэр тунхаглалаар Олон улсын авлигын шүүх, улс орнуудад Авлигын шүүх байгуулах санаачилгыг зарласан байдаг. Ингэж Авлигын шүүх байгуулах нь “..Үндэстэн дамнасан авлигын цар хүрээ ялангуяа ядуу буурай орнуудад илүү өргөжиж, хөгждөг. Иймд Авлигын шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагыг байгуулах нь чухал ач холбогдолтой”, “...Авлигын шүүхтэй болох нь тухайн улс авлигын эсрэг ямар хэмжээнд анхаарлаа хандуулж байгааг тодорхойлдог” зэрэг хэд хэдэн шалтгаантай байдаг аж.

Түүнчлэн мөрдөх байгууллагынхан бол “...Авлигын шүүх хэрэгтэй” гэж шулуухан хэлнэ дээ. Яагаад гэхээр авлига, албан тушаалын хэргийг мөрддөг байгууллагуудад ч ачааллын асуудал байдаг. Авлигын томоохон “сүлжээ” хэрэг ил болж, шалгах болоход АТГ, ЭЦА хоёр хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Ингэж хүч хаяж мөрдөн шалгасан хэргүүд шүүх рүү очихоор юу болох нь ойлгомжтой. Бас л ачаалал нэмнэ. Тэгээд сунжирна, гацна, сураг алдарна. Ерөнхийдөө хэргийн шийдвэрлэлт тодорхойгүй байдалд ордог. Тиймээс “..Шүүх авлигачдын нөлөөнд автдаг уу” гэдэг асуулт байнга тавигддаг. Тэр бүхнийг дагаад Авлигын шүүхийн хэрэгцээ гарч ирээд байгаа юм. 2020 оны дөрөвдгээр сард АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нэгэн нэвтрүүлэгт оролцож “Хууль шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан. Тэр үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Ард түмэн авлигын асуудлыг их ярьж байгаа.

Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго бол харилцан хяналт тэнцлийг бэхжүүлэх замаар шударга ёсыг тогтоож, авлигыг арилгах юм” гэхэд АТГ-ын дарга З.Дашдаваа “...Мөрдөн шалгах чиглэлээр АТГ нэлээд мэргэшиж, тодорхой түвшинд хүрсэн.

Прокурорууд бас тодорхой түвшинд мэргэшсэн гэж ойлгож байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг. Энэ талаар олон улсын жишиг ч бий. Үндсэн хуульд шүүхийн тухай орсон өөрчлөлтөөр “...Шүүхийг дагнан байгуулж болно” гэсэн заалт байгаа. Тэгэхээр дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна” гэж байв.. Ер нь бол авлигын гэмт хэргийн тоо тоймоо алдаж, энэ нь улсын “шүдний өвчин” болсон бол эргэлзэх зүйлгүй Авлигын шүүхтэй болохыг олон улс дахь онол, туршлагаар нотлогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд Авлигын шүүх байгуулах “болзол” хангагдсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ХЗБХ дээр л гацаад эхэллээ. Байнгын хорооны гишүүд Авлигын шүүх байгуулахаас“татгалзаж” байгаагаа ингэж мэдэгдсэн бололтой юм.

Тэр дундаа АН-аас Авлигын шүүхийг эсэргүүцсэн улс төрийн мэдэгдэл хийсэн нь гайхал төрүүлж буй юм. Уг нь энэ нам бол сөрөг хүчний “статус”-тай байдаг. Тэр утгаараа, авлигын эсрэг ийм томоохон эрх зүйн өөрчлөлтийг “хоёр гараа өргөж” дэмжиж, эрх баригчдыг шахмаар харагдаад байгаа юм. Гэвч тэгсэнгүй. Эсэргүүцэв. Тэгэхээр энэ намыг “...Бүлэглэлийн гарт орсон” гээд байдаг яриаг нотолж л байх шиг байх юм. Нэг үгээр хэлбэл, энэ бүгд Авлигын шүүх УИХ-ын гишүүдэд айдас төрүүлж байгааг л харуулав бололтой. Мэдээж, гишүүд бүгдээрээ биш л дээ. Гол нь “...Нэр бүхий гишүүд нам харгалзахгүй Авлигын шүүхээс “айсан” нь юунаас болсон бэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Асуудлыг хөөгөөд явах нээ, дөрвөн “шалтаг” байж мэдэхээр байна.

Нэгдүгээрт, авлигын том хэргүүд шүүхэд шилжсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Авлигын шүүхийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх нөлөөллийг үзүүлсэн байх магадлал өндөр байна.

Хоёрдугаарт, прокуророос Хөгжлийн банкны хэрэгт эсэргүүцэл бичсэн. Энэ нь мөн л уг хэрэгт холбогдсон улстөрч, бизнесмэнүүдэд эвгүй факт болно. Шүүх эсэргүүцлийг хүлээж авбал тэдний хувьд асуудал үүснэ. Аюултай. Тэгэхээр тэдэнд Авлигын шүүх “ашиггүй” юм.

Гуравдугаарт, АТГ-ынхан нүүрсний машины хамаарлыг тогтоох ажиллагаа явуулж дууссан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг “тээвэр”-т улстөрчид олноороо холбогдсон бололтой юм. Тодруулбал, мөрдөх байгууллагууд нүүрсний хулгайн гол далд эдийн засгийн “судал” болсон тээврийн машины ард байгаа жинхэнэ эзэмшигчид, тэдний нууц хамаарлын жагсаалтыг гаргасан нь Авлигын шүүхээс “айх” бас нэг том үндэслэл болж буй аж.

Иймэрхүү шалтаг шалтгаан байгааг “тамхины цэг” хавиар ярьж байна. Нэг үгээр хэлбэл, Авлигын шүүх нь улс төрийн хүрээнд айдас төрүүлэх болжээ. Тэр нь “...Авлигачид шүүхийг бүрэн хянасан нь ил болж байна”, “...Шүүх авлигчдын толгойг илдэг үү”, “...Авлигын шүүх байгуулахын эсрэг УИХ-ын гишүүд бойкот хийв үү”, “...Улстөрчид хэний хурууны үзүүрээр хөдөлгөж, авлигачдаа хана хэрэм мэт хамгаалаад байна вэ. Жич: Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ ятгалга үргэлжилсэн” зэрэг “тайлбар”-тайгаар яригдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.187.130] 2023-11-27 22:20:00

1937 он давтагдах

Зочин [203.98.76.249] 2023-11-27 13:17:04

ард түмэнээс маш олон хүн оролцуулж байх ёстой.

ЗОЧИН [202.126.89.186] 2023-11-27 10:01:02

ЯАРАЛТАЙ АВИЛГЫН ШҮҮХ БАЙГУУЛЖ ШҮҮГЧ НАРЫГ ПРОКУРОР, АТГ, ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙСАН ШУДРАГА БОЛОВСОН ХҮЧНЭЭР БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ТАСЛАН ЗОГСООНО. ШҮҮГЧ НАРААС ЭНЭ ШҮҮХЭД ОРУУЛЖ ЁСТОЙ БОЛОХГҮЙ ТЭГВЭЛ НӨГӨӨ СҮЛЖЭЭ \ХОНГИЛ\ ХЭВЭЭРЭЭ БАЙНА ГЭСЭН ҮГ.

Ёндон [202.21.108.54] 2023-11-27 11:29:42

Тусгай шүүх байгуулахыг хэн эсэргүүцэж байгаа нь тодорхой. Төрд шургалсан хулгайч авилгачид, тэдний гар хөл бологсод л байна.

Зочин [66.181.178.18] 2023-11-27 09:54:51

Авилгачид айхаас аод олон айлаа юу алалцаад бай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.