240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ
Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.
Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.
Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна. Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба
Сэтгэгдэл