Мал тооллого эхлэхэд гурав хоног үлдлээ
Монгол Улсын хэмжээнд 2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулна.
Манай улс өнгөрсөн оны жилийн эцэст 71 сая гаруй мал тоолуулсан билээ. Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой. Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгодог. Мал тооллогын мэдээллийн санг хөдөө орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого шийдвэрт ашиглах чухал ач холбогдолтой юм.
Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болжээ. Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж буй машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байна.
Монгол Улсын ДНБ-ий 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг аж.
Сэтгэгдэл