Улаанбаатар хот улс биш!!!
Ер нь сүүлийн үед ийм гөжүүн бодол толгойд эргэлдэх боллоо. Өнөөдрийн хүүхдийн өвлийн амралтын гэнэтийн шийдвэр дээрх бодлыг минь сэдрээж орхив. Яахаараа хотын утаа, түгжрэл, хүн амын шигүү амьдралаас болж дэгдсэн ханиад томуу зэрэг суурин иргэншлийн олихоогүй олон шалтгаанаас хөдөөгийн хүүхдүүд цахим хичээлд шилжих ёстой гэж. Энэ хөдөөд түгжрэл байдаггүй юм. Эрүүл агаарт хацар хайруулсан өлчир хүүхдүүд өвөлждөг юм аа. Сургууль гэр хоёр нь хол биш. Унаа тэрэг хүлээж та нар шиг тарчилдаггүй. Цэнгэг агаартаа дэгдэж алхаад багш нь ч бяцхан хүүхдүүд нь ч боловсрон сураад болоод ирсэн зуун жилийн түүх байна.
Тамын амьтад тамдаа гэдэг шиг танай хотын зовлон хотод оо байвал яасан юм. Энэ өвлийн утаа тортог, түгжрэл гацаа, унаа машины зовлон тоочсон амралтаа хот хөдөө гэж ангилж бүсчлээд шийдэж орхих хэцүү хэрэг үү?
Өвөлдөө хичээлийн ихэнхээ сургуульдаа суралцаад хавар төл малдаа тус нэмэр болж аав ээждээ дэм болох ажил хөдөөгийн хүүхдүүдэд бас байдаг юм аа. Адаглаад өвөлжин суманд хүүхдээ сахисан ээж нар хүүхдүүдээ дагуулаад аав дээрээ очиж төл малаа тосож авбал айл гэрт хэчнээн тустай.
Нийслэл бол улс биш!!! Нийслэлийн зовлонгоор нийт Монгол хүүхдүүдийн боловсрол, амралтыг өөрчилмөөргүй байна.
Хаврын эхээр аав ээждээ туслах, төл малаа тосох түмэн ажилд хүүхдийн нэмэр бол гээд бүтэн сар амраачихъя гэвэл хөдөөд илүү ойр дэм шүү! Дүн өвлөөр гацаж тээглээд байгаа хотынхонд нь амралтыг нь ахиу хоногоор өгөөд. Хавар мал аж ахуйн ажлын цагаар хөдөөгийн сурагчдад зөрүүлээд хэд хоног амраахад яагаад болохгүй гэж. Хаврын сүүлээр улиралд зөрүүг тэнцүүлж жигд хичээллүүлээд анги төгсөх, улсын шалгалтаа өгөх зэрэгт нээх асуудал учрахгүй байх аа. Хотод өвөл бөөгнөрлийн зовлон гэж байдаг бол хөдөөд хавар цагт хүн хүчний хомсдол хаврын мал төллөх цагаар нүүрэлдэг юм аа.
Хотод өвлийн ээлжийн амралт 1 сар. Хөдөөд 7 хоног. Хөдөө хаврын амралт 1 сар. Хотод 7 хоног гээд шийдчихвэл боловсролын бодлого зөрж хангинах гээд байна уу? Эрхэм сайд аа. Эрх мэдэлтэй дарга нар аа. Энэ талаар эрэгцүүлж нэг бодоорой. Ер нь хотын зовлонгоос шалтгаалсан орон даяар гэсэн энэ мэт хавтгайруулсан цөөнгүй шийдвэр хөдөөнийхөнд түмэн яршиг тарьж байгаагийн ганцхан жишээ энэ.
Улаанбаатрын хэмжээнд сэтгэж, хотын иргэдийн сошиал шүүмжлэлд тэмээ шиг дөрлүүлчихээд улс удирдана гэвэл бүтэхгүй. Дөрвөн уулын хөндий, Туулын шугуйгаас гадна хөдөө орон нутаг гэж байдаг юм. Дарга нар аа!!! Тэнд Монголчуудын тэн хагас нь амьдардаг. Тэгэхдээ та нар шиг тээглэж түгжирч, хөл дээрээ гишгэлцэж. Өвлийн бэрхшээлээ зун нь мартаж. Мөсөнд хальтирч, усанд урсчих цаг цагийн зовлонд жил бүх цухалдан. Хөндий дүүрэн хэрүүлтэй амьдардаггүй юм. Тийм болохоор суурин иргэдийн зовлонгоор нүүдэлчин Монголчуудаа битгий хазаарлаа!!! Орчин орчинд нь тохируулсан шийдвэр олж гаргаач ээ. Дахин хэлье! Улаанбаатар улс биш!
О.Түвшиндэмбэрэл
Эх сурвалж: Sonin.mn
Сэтгэгдэл
Сд [76.133.206.142] 2023-12-25 08:00:58
Сайд минь хөдөөгийн дунд сургуулийг битгий хэл таны оролцоогүйгээр хэдэн их сургуулийг чинь шар хад өөр хаашаа ч билээ нүүлгэнэ гэсэн биз дээ сумтайбузар
П.Төрбат [202.55.188.92] 2023-12-22 13:52:11
Энх.Амгалан сайд амьдралын бодит үнэнг хэлжээ. Малчид ажил амьдралаа өөрсдөө л авч яваа. Тэдэнд туслах хүч нь гэр бүл , үр хүүхдүүд нь юм.
Зочин [59.153.114.163] 2023-12-22 09:10:14
АмьдралтаЙ. Зүйл бичжээ
Зочин [139.5.217.197] 2023-12-22 08:51:11
Маш зөв бичсэн бна. Боловсролын сайдын сэтгэх хэмжээ, сургалтын тухай ойлголтын цараа үнэхээр ядуу дорой.
Зочин [66.181.188.48] 2023-12-22 00:11:00
Бас нэг талын зөв талаас нь харж шүү дээ. Ийм л байсаар ирсэн, болж л байсан шшү дээ. Сүүлийн жилүүдэд ер нь ингээд шууд орчин үежиж байгаа ч юм шиг эсвэл бодит хшүхэд хөгжүүлэх цаг багасаад ч байгаа юм шиг, сонин санагдаж байна.
Зочин [202.126.88.190] 2023-12-21 19:51:13
Зөв л өнцөг байна. Бодох л асуудал. Уг нь Сайд тэгэж л бодсон боловч ялгаварлан гадуурхлаа гээд болиулсан ш дээ
Зочин [139.5.219.140] 2023-12-21 19:50:13
Чөмөг царцам хүйтэнд хүүхэд маань дулаан гэртээ хичээл даалгавраа хийгээд багштайгаа байнга холбогдоод амар байнөө.
тогтох [202.21.100.210] 2023-12-21 16:03:31
Ёстой үнэнг өгүүлжээ манай систем ганц боловсрол ч биш// олон жилийн судалгаа практик дээр үндэслэж боловсрогдсон юм шүү эд нар шиг сошолд хөтлөгдөж шийдвэр гаргадаггүй үеийн систем хүний, хүүхдийн эрх ярьж гоншгонодог попорууд хаачсан бэ.
зочин [192.82.65.120] 2023-12-21 14:03:11
ҮНЭН. жаахан чин сэтгэл гаргаж ажилмаар байнаа МАН -ын гишүүдээ.
Irgen [139.5.217.150] 2023-12-21 13:36:54
Unen shu.хөдөөгийнхөн цахимд шилжих хэрэггүй.Энх -Амгалан сайдаа амьдралд ойр шийдвэр гаргаачээ.хотынхон ч цахим гэж оромдож бн.багш нь линк өгдөг өнөөх нь холбогддоггүй,дахиад өөрийг өгдөг ордоггүй иймэрхүү л бн да.
зочин [139.5.218.224] 2023-12-21 12:40:51
Үнэн үнэн дэмжиж байна.
хөдөөний хүн [139.5.216.227] 2023-12-21 11:32:42
Үүнийг уншигч хүн бүр яг ийм бодолтой байгаа шүү. Цахимд шилжүүлсэн нэрээр хичээл сургалтыг тасалдуулдагаа зогсоо
Зочин [124.158.95.5] 2023-12-21 10:26:31
Ер нь аймгийн төв, хөдөөг цахимд шилжүүлдэг маш буруу. бид амаараа л цахимжсан гэж яриад байгаа болохоос ...