“Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссанаас амиа алдсан байх магадлалтай”

Aдмин / Нүүр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад өнгөрсөн даваа гаригт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Тэдний дунд бага насны хүүхдүүд болон онцгой байдлын аврагч байсан юм. Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э байв. Гал сөнөөгч амиа алдсан талаар ОБЕГ- ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Нийт 100 гаруй айл амьдардаг. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан.

Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн юм. Гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн гал сөнөөгч яагаад амиа алдав гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм.

Энэ талаар талийгаачтай хамт ажиллаж байсан онцгой байдлын алба хаагчтай ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай явдал боллоо. Баг, хамгаалалтын хувцас бүрэн байсан уу гэх зэргээр олон асуудал хөндөгдөж байна л даа. Та энэ албанд ажиллаж байсан хүний хувьд энэ талаар үнэн бодит байдлыг хэлж болох уу?

-Баг бол хүн бүрд байгаа. Дэлхийн стандартын багийг оруулж ирж ашигладаг шүү дээ. Яахав, хүчилтөрөгчийн баллоны цэнэг ямар байсан бэ гэдэг асуудал яригдах байх.

-Хүчилтөрөгч дутагдсан гэж үү?

-Баллонтой хүчилтөрөгч нь дууссан болов уу. Тухайн алба хаагч тооцооллоо буруу хийгээд ажилласан байх магадлалтай. Би тэдэн минут яваад тэд дээр гарах ёстой гэсэн тооцооллоо буруу хийсэн байх боломжтой. Салааны захирагч хүн уг нь өөрөө хүмүүсийнхээ тооцооллыг хийгээд орох үүрэгтэй шүү дээ.

-Саяхан БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Илүү мэргэшсэн байх боломжтой хүн ийм зүйл дээр алдана гэж үү?

-Олон зүйлээс шалтгаална. Залуу хүн учраас ийм аваар осол дээр гардаж ажиллаж байгаагүй байж магадгүй.

-Хүчилтөрөгчийн баллонтой үед хэр хугацаанд ажиллах боломжтой байдаг юм бол?

-40-50 минут амьсгалах боломжтой. 50 минут ажиллаад өөрөө гараад дахиад цэнэглэх ёстой.

-Хүчилтөрөгч дуусахаас өөр шалтгаан байж болох уу. Баг хамгаалалтгүй болох ч юм уу?

-Хүнээ хайж яваад өндөр даралтын хоолойгоо хэрчих ч юм уу, түүнийгээ алдсаныг мэдэхгүй явсан байж болно.

-Таныхаар энэ хэрэг юунаас үүдэлтэй гэж харж байна?

-Талийгаач ганцаараа явчихсан нөхцөл байдал харагдсан. Багийн ажиллагаа явагдаагүй. Гал сөнөөгчидтэйгөө хамт явж байх ёстой. Тэгээд баллоных нь цэнэг хугацаа дууссаныг анзаараагүй байх магадлалтай.

-Талийгаач тантай хамт ажиллаж байсан гэсэн. Зан байдал, ажил үүргийн хувьд ямар хүн байв?

-Илүү байлгүй яахав. Өөрийнхөөрөө ажилладаг. Үүнийг суръя мэдье, хөгжье дэвшье гэдэг эрмэлзэлтэй сайхан залуу байсан. Гал сөнөөгчөөс эхлээд л дээшээ дэвшиж ирсэн.

-Энэ гал дээр гал сөнөөгч, бага насны хүүхдүүд гээд амиа алдсан хүмүүсийн хувьд маш харамсалтай. Дахиж ийм гэнэтийн осол гаргахгүйн тулд аль аль талдаа анхаарах ёстой болчихлоо?

-Маш харамсалтай. Объектын гал түймэр дээр гал сөнөөгч амиа алдсан тохиолдол анхных. Ой хээрийн түймэр дээр амиа алдаж байсан тохиолдол олон. “Ми-8”-аас эхлээд бий.

Ер нь цэцэрлэг, сургуулийн наснаас хичээлийн хөтөлбөрт галын аюулгүй байдлаас хамгаалах талаар хичээл орох хэрэгтэй. Дээр нь аваарын дохио байр болгонд байх ёстой. Дуугарсан тохиолдолд тэнд байгаа хүмүүс бүгд гарах ёстой. Иргэд өөрсдийнхөө амийг өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Гал сөнөөгчид очихоос өмнө хамгаалах ёстой гэсэн үг. Усан аваарын дохио дугарангуут усан бойлуур нээгдэж тодорхой хэмжээний гал унтраах ёстой байдаг. Гэтэл байруудад аль аль нь байдаггүй. Нэр төдий нэг юм тавьчихдаг, тэр нь ажилладаггүй.

-Хүмүүс галын аюулаас хамгаалах мэдлэгтэй болох гэдэг чухал шүү?

-Соёлтой орнуудад дохио дуугарангуут шууд гарцгаадаг шүү дээ. Манайх харин хэвшээгүй. Дохиолол дуугараад аюул болж байхад гэр орондоо амраад хэвтэж байдаг хүмүүс бий. Тэднийг аврагчид очиж босгоно, гаргана гэдэг хүндрэл учирдаг.

Гал бол секунд милээр хэмжигдэнэ. Нэг тоолоход л нэг куб метр гээд явчихдаг. Таван ханатай гэр гэхэд зуны улиралд гуравхан минутад нурам болчихдог. Өнөөдрийн байшин барилгын материал юу билээ. Дандаа шатах материалаар хийгдсэн. Тиймээс гал бүр хурдан тархана гэсэн үг.

-Онцгой байдлын байгууллагад хөрөнгө оруулалт хангалттай байдаг юм уу. Гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, баг бүрэн бус, хангалтгүй гэсэн шүүмжлэл их байдаг?

-2003 оноос хойш тендер явагдаад бүх анги хэлтсийн машин төхөөрөмж шинэчлэгдсэн. Машинууд багтайгаа, хүчилтөрөгчтэйгөө, хүчилтөрөгч цэнэглэх аппараттай хамт ирдэг. Дуусангуут өөрсдөө цэнэглэх ёстой. Аврагчид өглөө ажилд гарахдаа өөрийн багаа үзэж шалгадаг. Байнга сургуулилалт хийдэг. Хувцас хэрэглэл, макс зэргээ өөртөө тааруулж өмсөх ёстой шүү дээ. Тэгж байж аюулгүй аврах ажиллагаа явуулна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.241] 2023-12-22 20:40:15

Яагаад ажлаа хийж явсанг хүнийг буруутгана вэ. Амиа хойхоолчихсон муухай дарга вэ. Галын албаны алба хаагчдынхаа хувцас хангалтанд анхаарал хандуулж цалин мөнгөнд анхаарахынхаа оронд буруутгахаа урьтал болгоод байх юм

Үнэнхүү [66.181.181.195] 2023-12-21 20:23:07

Галын байгууллагад ажиллах ёстой дарга нарыг Чүлтэм сүрэн гадуурхаж өөрийн хамааралтай, хүрээлдэг энгийн хүмүүс 100 жилийн түүхтэй галын байгууллагыг удирдаж байгаа нь жил бүр аврагч нар нас барж тэд нууцалдаг.

Гомдол [66.181.181.195] 2023-12-21 20:19:26

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ШАТНЫ УДИРДЛАГУУД, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ ДАРГА НАР ЯМАР ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС БАЙГААГ СУДАЛЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ШУУД ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ.

зочин [66.181.185.102] 2023-12-21 15:30:51

Энэ улиг болсон хуучин нөхөдийг зайлуулж аврагчдын тоог олшруулж бүдүүн дарга нарын тоог цөөлөх. сургалт чадварыг сайжруулах. Гал командаас 2 км зайд гал гарахад 7 хүний амь нас авраагүй. одоо дахиад л дутагдал. Сум баг хүртэл тулж ажилладгүйн жишээ Эрдэнэсант сумын малчдын үхэл. Олон жил татаасаар алба хийгээд сурчихсан дарга нараа шуурхай шинийг санаж сэрдэг хүмүүсээр сольж бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаарлага байна аа

Aasedc [103.161.242.72] 2023-12-21 11:42:13

Za bolio omooruulsen yumaa seveed ehellee novshnuud shuu

Зочин [202.126.92.98] 2023-12-21 11:33:58

одоо болиоч дээ нас барсан хүнийг буруутгах гээд байгаам уу. хангалтаа муу өгч төсвийн мөнгө иддэг дарга нараа буруутга

Зочин [103.57.92.232] 2023-12-21 11:16:31

САмараа, ОБГ удирдлагууд арьсаа аврагчийг хамгаалаад буруутгаад эхэллээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.