Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зөвлөгөөн боллоо
Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төв, Хосписын байгууллага, Монголын хөнгөвчлөхийн нийгэмлэгийн төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцсон.
Зөвлөгөөнөөр 2022 онд хийсэн “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн үнэлгээний дүн, 2023 оны үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал”, “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ дэлхийн чиг хандлага”, “Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудал”, “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд дэмжих үйлчилгээ ба олон мэргэжилтний багийн оролцоо”, “Хоспис эмнэлгүүд ба түргэн тусламж, үйлчилгээ”, “Хоспис эмнэлгийн тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл танилцуулсан.
Мөн Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар батлах тухай” А/329 дүгээр тушаалыг ДЭМБ-ын Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний удирдамжтай уялдуулан шинэчилсэн зааврын төслийг танилцуулж санал солилцсон юм.
Монгол Улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2022 оны Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад, бүртгэгдсэн зонхилох 10 хавдрын 67.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаар 16.9 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэн ба шалтгааныг нь авч үзвэл хавдар 24.5 хувийн нас баралт хоёрдахь тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт нас баралтын 60 хувьд нь хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай гэж тооцоолсноор 10,000 гаруй хүнд хөнгөвчлөхийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй байна.
Иймд зөвлөгөөнөөс:
-Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх зааврыг шинэчлэн батлах, сургалт зохион байгуулах, гарын авлага материалаар хангах,
-Хөнгөвчлөхийн хэвтүүлэн эмчлэх орны тоог нэмэгдүүлэх, оргүй эрүүл мэндийн байгууллагад хөнгөвчлөхийн ор нээх, химийн эмчилгээнээс тусад нь хөгжүүлэх,
-Хүнд нөхцөлийн нэмэгдлийг хөнгөвчлөхийн эмч, сувилагч нарт олгох, эмч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, туслах сувилагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, өөр ажил хавсруулахгүйгээр ажиллуулах,
-Өвдөлт намдаах эмийн чанарыг сайжруулах, шинэ эмийн хангалт, хүртээмжийг нэмэгдүүлэх,
-Хөнгөвчлөх эмчилгээний бүртгэл, мэдээллийг шинэчлэх, сайжруулах, эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд оруулах,
-Шаардлагатай хөнгөвчлөх эмчилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багц, хэрэгслээр хангах,
-Хосписуудын үйл ажиллагааг бодлогоор дэмжих,
-Хавдрын бус болон хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд хөнгөвчлөхийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг зөвлөмжийг гаргалаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.15] 2023-12-21 19:58:06
Хошного пизда