Их эмч Э.Нямхишиг: Өвөл малгайгүй явбал толгой өвдөж, тархины судас нарийсаж, мартамхай болдог

Aдмин / Эрүүл мэнд

Уламжлалтын эмчилгээний “Наран М” клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.


-Ойрын хоногуудад хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Ийм байхад ялангуяа залуус малгайгүй, пүүзтэй явж харагдах юм. Дээр, доороосоо даарах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүйтэнтэй зэрэгцэж агаарын бохирдол аюултай түвшинд байна. Агаарын бохирдол уушгийг маш их өөрчлөлтөд оруулж байгаа. Үүнээс болж ялангуяа залуус пульс, даралт өндөр зааж, шөнө унтахаа больж байна. Ийм байдлаар удаан явснаас цус өтгөрч зүрхний импакт болох эрсдэлтэй тулгардаг. Ер нь бол шөнө нойрондоо, унтаж байхдаа нас бараад байна гэдэг нь энэ юм. Хүйтний улирлаас үүдэж олон төрлийн өвчлөл үүсдэг. Хоолой, үе мөч, бөөрний өвчин, дотор эрхтний өвчлөл огцом нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд, 13-17 насны охид, оюутнууд маш нимгэн хувцаслаж, шилэн тиркотой явж байна. Ингэж шилбээрээ даарснаар эмэгтэйчүүд болон бөөрний өвчний суурийг тавьж байгаа юм. Энэ нь цистит, эмэгтэйчүүдийн өвчин, даамжраад үргүйдэлд хүргэдэг.

Толгой нүцгэн яваа хүмүүсийг харахад ихэвчлэн 10 жилийн хүүхдүүд, залуус байх юм. Хүйтэнд толгойгоо дааруулах нь тархины судасны нарийсалт үүсгэдэг. Тархины судас нарийссанаар мартамхай болох, толгой их өвдөх зэргээр толгойн өвчнүүдийн суурийг мөн адил тавьж өгөөд байна.

Нойтон үстэй гадагшаа гарч болохгүй, усанд орчихоод үсээ хатаахгүй орондоо шууд орж болохгүй. Эдгээр нь мөн судасны нарийсалт өвчнийг үүсгэдэг. Монголчууд бөөр, шээс дамжуулах замын үрэвсэл өвчнөөр их өвддөг улс шүү дээ. Өвөл доороосоо эр, эмгүй даарахгүй явах нь ерөнхий эрүүл мэнд, дархлаа, бөөр, шээс дамжуулах замд маш их тустай. Өвчин үүсгэгч таныг даарах, хөрөх, дархлаа сулрахыг л хүлээж байдаг гэж ойлгож болно. Гоё сайхан харагдах яах вэ, өвдөөд зовоод ирэхээр дулаан явах шиг зөв зүйл байхгүйг ойлгодог юм. “Залуудаа доороосоо их даардаг байж. Нимгэн явдаг байж дээ, гангараад” гэж ярьдаг ахмадууд бөөр, шээс дамжуулах замын асуудалтай байх нь элбэг.

-Малгайгүй гараад толгойгоо дааруулчихлаа гэвэл яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Халуун бүлээн юм их хэмжээгээр оочлоод уух нь судас тэлж, цусан хангамжийг сайжруулна. Үүний дараа сэргийлэх зорилгоор тангууд уувал зүгээр.

-Ямар тангууд?

-Сампилноров, Мана10, Мана4. Өвлийн улиралд Мана4, Норов7 танг өглөө, оройдоо уугаад байвал дархлаа сэргэж, цус шингэрдэг.

-Даарахаар нүүр, гар, хөл нь хавагнадаг хүмүүс бий. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

-Албан байгууллагуудын халаалт бага байна. Сүүлийн үед манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь даарснаас болж үе мөч нь өвдөж, тулай өвчин нь сэдэрч байна. Паарны халаалт муу, доороосоо даарснаас болж бөөрний өвчлөл нэмэгдэж, хавагнаж байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдахаар хавагнадаг. Болж өгвөл доороосоо даарахгүй, дулаан хувцаслаад бөөр, нуруугаа ч дулаалж, зориулалтын бүс, бэлхүүсэвч зүүх хэрэгтэй. Агаарын бохирдолтой энэ үед маск сайн зүү. Энгийн маскийг хоёр давхарлаж зүүгээрэй. Малгай, ороолтыг байнга зүүх хэрэгтэй. Өвөр, хаврын завсрын улирал гэж байдаг шүү дээ.

-Тийм, тийм.

-Тэр үед ороолтоо сайн зүүгээд байвал их сайн шүү. Ороолтоо сайн зүүж хэвшвэл хоолой өвддөггүй. Өөрсдөө ч, хүүхдүүддээ ч ороолт зүүлгэхгүй явснаас болж өвөл нь хоолой илүү өвдөж, идээлж, улайдаг. Өглөө, орой болгон жамц давсаар хоолойгоо зайлж хэвшвэл хоолойн өвчнөөс сэргийлнэ.

-Гадуур дэгдээд байгаа ханиад 20 хоногоос нэг сар хүртэл хугацаагаар эдгэхгүй байна гэцгээж байна. Ханиад юунаас болж ингэж ужгирч, удаан эдгэдэг юм бэ?

-Дархлааны өөрчлөлттэй холбоотой. Хүүхдүүдэд чихэр, шоколад, амттаны төрлийн юм их идүүлснээс цус нь өтгөрөөд байна. Үүн дээр эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэнгүүт шууд антибиотикийг их хэмжээгээр уулгадаг. Антибиотик нь эргээд дархлааг унагаагаад байна. Үүний оронд байгалийн цэвэр жимсний шүүсийг уулгаж, дархлааг нь дэмжиж, биеийн халуун нь 39 хүрвэл лаа хийж болно, хүйтэн жин тавьж болно, спирттэй хөвөнгөөр арчиж болно.

Ийм энгийн аргуудыг эхлээд хийхгүйгээр шууд антибиотик өгчихдөг. Үүнээс болоод энэ ханиадны эдгэрэлт удаашраад байна. Хүүхдийг багаас нь эмэнд дасал болгохгүйн тулд тан уулгах хэрэгтэй. Хүүхдэд тустай Үзэм7, Норов7, Ванжин15 гэсэн тангууд бий.

Томчуудын хувьд ч ялгаагүй, дархлаа сул байна. Ковидоос хойш нийтээрээ цус өтгөрсөн. Үүнээс болж ханиад эдгэхгүй удаад байгаа юм. Том, жижиг гэлтгүй бүгд тангуудаа ууж, дархлаагаа дэмжиж, өдөр шингэн юм сайн ууж, витамин С уу. D витамины тунгаа нэмбэл зүгээр. Хүүхдүүд ядаж 1000-тай D, томчууд нь D витамины шинжилгээ өгөөд хэрвээ бага гарвал 3000-5000-ын хоорондох тунгаар уугаад байх хэрэгтэй байна.

-11, 12 дугаар сар бол идэшний цаг. Монголчуудын хувьд энэ үед хүнсэнд нь мах их хэмжээгээр орж ирдэг. Үүнээс болж дотрын өвчин, тулайн өвчлөл огцом нэмэгддэг гэсэн. Танай эмнэлэгт тийм зүйл ажиглагдав уу?

-Сүүлийн хэдэн жил тулай өвчин залуужиж байна. 30-аас дээш насныхан тулайн өөрчлөлттэй орж ирж байна. Тулай гэдэг өвчин бол бодисын солилцооны алдагдал. Дээрээс нь удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно. Манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бодисын солилцооны алдагдалд орсноос тулайдах нь их байна. Хоол ундыг замбараагүй идэж уугаад байна. Архи дарсыг их хэмжээгээр хэрэглэж байна. Махыг удаан чанаж идэж байна, ойр ойрхон идэж байна. Махны нитгэлийг шөлнөөсөө авч асгах ёстой. Нитгэлээс болж олон өвчин үүсдэг. Хүнсний ногоо дундаас төмсний хэрэглээ их. Ерөнхийд нь буруу хооллолтыг л бодисын солилцооны алдагдал гээд байгаа юм. Үүн дээр нь цус өтгөрөл нэмэгддэг. Тиймээс хоолны дэглэмийг сайн баримтал. Зөв цагт, зөв хоолло. Дэглэм гэхийг мацагтай андуурч болохгүй. Өдөрт ядаж нэг удаа махан хоол ид. Хоолны цэсэндээ ногоо сайн оруул гэж зөвлөе.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.120.62] 2023-12-30 09:52:35

толгой түр даарахаар эргэж судас тэлэхгүй юу нитгэл яаж өвчин үүсгэдгийн 21р зуунд худ чаахаа болино уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.