Филиппинд хөрсний гулгалтын улмаас 68 хүн амиа алджээ
Өнгөрсөн мягмар гарагийн шөнө Филиппиний хоёр дахь том арал болох Минданао арлын Давао де Оро мужид хөрсний гулгалт үүсэн, 68 хүн амиа алдаж, 51 хүн сураггүй болсон байна. Мөн 30 гаруй хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн тоонд ойролцоох тосгоны 42 оршин суугч, уул уурхайн 26 ажилтан багтжээ.
55 байшин нурж, алтны уурхайгаас ажилчдыг авахаар хүлээж зогсосон гурван автобус, нэг микроавтобус дарагджээ.
Шавраас амьд гарсан сүүлийн хүн гурван настай охин байв. “Түүнийг 60 гаруй цагийн дараа аварсан нь аврагчдад итгэл найдвар өгсөн. Гэвч ослоос хойш бараг долоо хоног болж буй учир одоо тэнд хэн ч амьд үлдээгүй гэж таамаглаж байна” хэмээн гамшгийн албаны ажилтан ярив.
Филиппиний ихэнх нутаг уулархаг газарт оршдог. Их хэмжээний хур тунадас орсон, уул уурхайн эрчимтэй олборлолт, хууль бусаар мод бэлтгэлийн улмаас ой мод их хэмжээгээр устан, хөрсний гулгалт байнга гарах болжээ.
Тухайлбал, Минданао арал дээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш аадар бороо үргэлжлэн орж, хөрсний гулгалт, үер болж, олон арван мянган хүн хорогдох байранд ороход хүрчээ.
Тус арлын хэд хэдэн хэсэгт бямба гарагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, аврагчид ажлаа түр зогсоосон байна.
Сэтгэгдэл
Т.Золжаргал [59.153.115.70] 2024-02-13 19:22:07
Сонирхолтой