М.Буянбадрах: Төмрийн хүдрийн 50 хувийг хорголжин, ширэм, жоншны хүдрийн 80 хувийг баяжмал болгоход л төр дэмжчих хэрэгтэй
Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Манайд хүнд үйлдвэр хэрэгтэй гэж олон жил ярилаа. Үүний нэг жишээ гэхэд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. 1990-ээд оны сүүлээр яригдаж эхлээд л гацсан, өнөөдөр ч тэр. Ерөөсөө мега төслүүд, хүнд үйлдвэрийн салбар том улстөрчдийн зодооны үндэс болчихсон гэхэд болно. Ийм маягаар урагшлаагүй төслийн нэрс ярьсаар л өнөөдөртэй золгож байна. Энэ салбарт ажилладаг таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай улс хэдхэн хүнд үйлдвэртэй. Эрдэнэт, Оюутолгой хоёр л нүүр тахлаж байна шүү дээ. Үнэндээ манай улс сүүлийн 30 жилд хүнд үйлдвэрийн гол түүхий эд болох түүхий нефть, нүүрс, төмрийн хүдэр, жоншны хүдрээ түүхийгээр нь экспортлосоор ирсэн. Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэнэ гэсээр олон жил өнгөрөөж байна. Гангийн үйлдвэр яриад л байдаг. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй зэсийн хүдрээр эцсийн бүтээгдэхүүн болох катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин, Ачит-Ихт, цементийн шинэ үйлдвэрүүд байгуулсан Монцемент, МАК компаниуд л өнөөдөр нүүр тахалж байна даа.
Ямар ч сайхан төсөл эхэлсэн ч маргаан үүсээд л гацчихдаг. Тавдугаар цахилгаан станц, Багануур зэргийг ярьсаар хэдэн ч жил болчихов. Сүүлийнхээс нь арьс ширний үйлдвэрийн төслүүд байна уу даа. Төсөл зогсдог гол шалтгаан таныхаар юу байгаад байна?
-Цахилгаан станц бол маш их хэрэгтэй. Эрчим хүчгүйгээр ямар ч улс хөгжих боломжгүй. Өөрийн ордгүй баяжуулах боловсруулах үйлдвэр дээр давхар АМНАТ, үндэслэлгүй жишиг үнэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том саад болж байна. Ажиллах тусам алдагдалтай, өр нь нэмэгдэх татварын орчинтой болгоод хүнд үйлдвэрүүд хөгжих боломжийг хаачихсан байдаг. Таны ярьсан төслүүд дээр нэмээд хэлэхэд Цагаан суваргын төсөл байна. Дорноговьд баригдаж буй Алтан ширээгийн аж үйлдвэрийн парк, хувийн хэвшлүүдийн төмрийн хүдрээр хорголжин, ширэм, жоншны хүдрээр кальцийн фтор, нүүрсээр хагас кокс, металлургийн кокс, шингэрүүлсэн хий хийх төсөлтэй компаниуд АМНАТ-аас болоод л бүгд хүлээлтийн байдалд орчихсон байдаг юм шүү дээ.
-АМНАТ-аас шалтгаалж үйлдвэрүүд хаалгаа барьж байгаа тухай өнгөрсөн жил нэлээд шуугисан. Бодлого боловсруулж байгаа хүмүүст хүрээгүй юу?
-Ашигт малтмалын хууль 1994 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2019 он хүртэл АМНАТ-аар маргаантай асуудал бараг гардаггүй, өр төлбөр ч үүсдэггүй байсан. АМНАТ-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлолт, баяжуулалтын аль нэг шатанд ногдуулаад төлдөг байлаа. Энэ нь ч дэлхий нийтийн зарчимтай нийцдэг. Гэтэл 2019 оноос эхлэн өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг, нүүрсийг АМНАТ шингэсэн үнээр, НӨАТ-тай үнээр худалдаж аваад баяжуулаад, угаагаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болгосон. Энэ асуудал ҮХЦ дээр унасан байсныг хасалт хийж АМНАТ-ийг давхардалгүй болгож байна гээд УИХ-ын гишүүдэд буруу ойлголт өгч хуулиа хүчээр батлуулсан. Энэ буруу бодлогын үр дүнд 20 гаруй баяжуулах үйлдвэрүүд бүгд өрөнд орж хаалгаа бариад байна.
Жишээ нь, төмрийн баяжмалд АМНАТ ногдуулахдаа гэрээний үнэ нэг тн 80 доллараар нь бус олон улсын жишиг үнэ гээд 120 доллараар зарсан гэж ногдуулдаг болсон. Угаасан нүүрс, жоншны баяжмал дээр бас ийм хүндрэлтэй. Хэдэн жилийн дараа төмрийн баяжмалаа экспортлохдоо дагалдах металлд АМНАТ ногдуулаагүй байна. Төмрийн баяжмалд маш бага хэмжээгээр байдаг зэс, хар тугалга, хөнгөн цагаан, никель гэх элементүүдийг Лондонгийн биржийн ханшаар борлуулсан гээд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг болсон. Олоогүй орлогод, зараагүй металлд АМНАТ ногдуулж болохгүй шүү дээ.
-Баяжуулах үйлдвэр олноор байгуулах тусам орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. АМНАТ-аас бол бид ямар боломжуудаа алдав?
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам гурван жилийн өмнө 90 орчим баяжуулах үйлдвэр байгаа гэж мэдээлж байсан. Одоо 60 орчим л болсон. Үүнээс өөрийн ордтой 18 үйлдвэр, өөрийн ордгүй 38 үйлдвэртэй гэж байгаа. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр дээр ч дагалдах металлын асуудал маргаан дагуулдаг. Энэ асуудлуудыг яаралтай шийдвэрлэхгүй бол маргаан үргэлжилсээр гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгасаар байх болно.
Угтаа бидэнд маш их боломж бий. Манай баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд 1500 хүнээ ажилгүй болгосон. Агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж валют болгоно гэдэг чинь маш ач холбогдол өгөх ёстой гэж бүх сайд, дарга нар ярьдаг боловч бодит байдал ийм л байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өндөр агуулгатай төмрийн хүдрээ шууд экспортлодог. Тэд одоог хүртэл баяжмал, хорголжин бүтээгдэхүүн хийдэггүй. Манай гишүүдээс төмрийн хорголжин хийдэг, ширэм хийх төсөлтэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоочихоод л байж байна.
Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулдаг улс манайхаас өөр байхгүй. Үүнийг Европын сэргээн босголтын банк, Олон улсын судалгааны Адам Смит интернэйшнл байгууллага, Монгол-Австралийн АМЕП төсөл, Австрали, Канадын хөрөнгө оруулагчид нотолж алдаагаа засахыг шаардаж шүүмжилдэг.
-Аль ч үеийн төр засаг энэ талаар хамгийн их ярьдаг. Гэхдээ ажил хэрэг болгож байгаа нь тун цөөн. Ер нь өнөөдөр манайд хүнд үйлдвэрийн
төслүүд хэрэгжихгүй байгаа гол шалтгаанууд юутай холбоотой вэ?
-Олон сайхан нэртэй хэлэлцүүлэг форумууд жил бүр зохиогдож байдаг ч үр дүн маш муу. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн хөтөлбөрийн олон заалтууд маш муу хэрэгжилттэй байна. Ерөнхийлөгч “Олборлолтоос-Боловсруулалтад” гэж санаачилга дэвшүүлж байсан. Энэ санаачилгыг дэмждэг яам ч байхгүй болсон. Гэхдээ Монгол Улсад уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орж ирдэг. Хөрөнгө оруулалтын тухай хууль манайд байх ёстой. Томоохон хөрөнгө оруулагчдыг дэмжиж газрыг олон жилээр ашиглуулах нь байх ёстой асуудал. Харин жижиг хөрөнгө оруулагчдад газрыг ашиглуулах талаар заагтай ялгаатай байх хэрэгтэй. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, татварын хуулиудад байгаа хүндрэлтэй ойлгомжгүй заалтуудын өөрчлөлтийг хүлээсэн томоохон хөрөнгө оруулагчид олон байгаа. УИХ-ын сүүлийн найман чуулганаар хэлэлцүүлэх жагсаалтад орсон Ашигт малтмалын хуулийн төслөө Засгийн газраас өргөн барихгүй байгаа нь хачирхалтай. Өнгөрсөн оны гуравдугаар сард хэлэлцүүлсэн энэ хуулийн төсөл гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг айлгаж хүлээлт үүсгэсэн, АМНАТ дээр гарсан алдаагаа засаагүй төсөл болсон. Энэ хуулийн төсөл тэр чигээрээ өргөн баригдвал Монгол улсад хүнд үйлдвэр хөгжихгүй. Нэг хэсэг нь дэмжиж байна гэж яриад удахгүй ийм маягаар хуулиа боловсруулаад байхаар хүнд үйлдвэрийн хөгжилд яаж хувь нэмэр болох вэ дээ.
-Бас л нэг саад тээг болох нь. Бодлогын яамдын уялдаа холбоо, залгамж халаа муу байдаг нь бас нэг төрлийн чөдөр болдог гэв үү?
-ОЙЛГОМЖТОЙ. МАШ олон хүний ажлын байр, асар их валют олох боломжоо алдсаар байгаа хэрэг. Манай улс баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихгүй бол тэр түүхий эдийг түүхийгээр нь импортлож авсан орны баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж л ашигтай ажилласаар ирсэн. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарна, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон алдаагаа засдаггүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-аар дарамтлаж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад л 10 орчим төрлийн татвараа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.
-Яаж хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх вэ. Өнөөдрийн манай улсад гарц гаргалгаа нь юу юу байна?
-Хөрөнгө оруулагчдыг дэмжсэн тогтвортой татварын бодлого л хэрэгтэй. Ямар ч хөрөнгө оруулагч татвар төлөөд ашиггүй төсөлд орж ирэхгүй. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх олон сайхан хөтөлбөрүүд байгаа. Сангийн яам нь Засгийн газрынхаа нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад болсоор ирсэн. Давхар АМНАТ, жишиг үнэ гэсэн бодлогын алдаагаа засахгүй байгаа. Ийм хатуу татварын бодлогыг хэрэгжүүлвэл дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхгүй. Техник, технологийг нутагшуулах боломж үүсэхгүй. Манай улсад энэ салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх түүхий эд нь байна. Эхний ээлжинд нүүрснийхээ 20 хувийг угааж, таван хувиар хагас кокс, төмрийн хүдрийнхээ 50 хувийг хорголжин, ширэм, жоншны хүдрийнхээ 80 хувийг баяжмал, 20 хувийг бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Энэ бүгдийг дэмжсэн хөрөнгө оруулалтын болон татварын оновчтой бодлого л гаргаад өгчих. УИХ-ын дарга “Татварын реформ”-ыг хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна гэж яриад байна. Бодит ажил болоосой билээ. Ашигт малтмалаа түүхийгээр экспортлохоо багасгаж аль болох нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо олон ажлын байр бий болгож чадвал валютын урсгал нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого ихээр нэмэгдэх боломжтой. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах том гарц ч болох юм шүү.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [172.59.187.84] 2024-02-15 18:29:34
Zes tumuriin hururiig hudereer ni gardasan tohioldold 100%tatbartai geed hiulia garga ot erdenet bugded
зочин [202.9.46.245] 2024-02-14 19:41:28
эрлийзүүд хулгайч нар дээр байхад бид хөгжих үү
Erdene.b [202.126.91.36] 2024-02-14 18:55:56
Bolobsruulah uildber olnoor barij tuuhii edee hyamdhanaar garfadagaa bolimoor bna...dotooddoo ajliin vair bii bolgoj uls ornoo hugjuulmeer bna....uhand uhna uhsen MANgaruudiig songood bval mongol hugjihgui dee ...erdenet shig 10 uildvertei bol mongol delhiid terguulne dee....
Zochin [37.166.10.218] 2024-02-14 17:27:24
AMNAT iig Hurelbaatar sanaachij oruulsan, Mongold buteegdehuun uildverlehiig Horigloh zorilgooor bii bologoson. Odoo ch bur Uildeveruudiig buunuur ni sunuuh uureg ni heregjij bnda
Зочин [202.55.188.109] 2024-02-14 16:38:58
Төрд нэг тм хэдэн айхтвар муу санаатай гадны боловсруулах уйлдвэр дэмждэг хумуус ба бөөнөөрөө хэлэлцвэл буруугуй гэж бдаг мэпэхгуй юмаа судлаж мэдэж аваад төв голч ухаанаар улс орондоо ашигтайгаар шийдвэр гаргаж бно шүү дээ
Зочин [203.98.76.69] 2024-02-14 14:42:30
Аргагүй шүүдээ. Дан хулгайч нар төр барьж байхад. Салбарын яам гэдэг нь чухам юу хийдэг юм болоо? Өмнө байсан сайд гэх Сумьяабазар ногоон автобуснаас цааш юм харахгүй, одоо байгаа нь Оргил дэлгүүрийн лангуунаасаа хальж харахгүй болохоор наад асуудлууд чинь шийдэгдэхгүй бгаан.
Zochin [122.201.31.41] 2024-02-14 13:59:56
Энэ хэдэн тойрсон асуудлуудаа шийдээд явах юмсан даа. Хулгайч хэдхэн улс төрчидөө учрыг олоод явах юм сандаа. Тэд нар нь бүр давраад доромжлоод байх юм
иргэн [66.181.191.108] 2024-02-14 11:32:25
өөрсдөө юу ч хийж чаддагүй , гадны брендээр гангарсан үхэр монголчууд яана даа , байгалийн баялаг нэг л өдөр дуусна, ичиж амьдарцгаа
Зочин [103.57.93.65] 2024-02-14 11:20:46
хулгайч улс төрчидтэй байсан цагт улс хөгжинө гэдэг үлгэр биз дээ