Италид 50-70 орчим насны бүлэг дээрэмчдийг баривчилжээ
Ромын гэмт хэргийн ертөнцөд алдартай ахмад настнуудын дээрмийн бүлгийн зургаан гишүүнийг баривчилснаа Италийн нийслэлийн цагдаагийн газар саяхан мэдээлжээ. Уг бүлэг нь Ром хотын шуудангийн газруудыг дээрэмдэх ажлаар мэргэшсэн юм байна. Тэдний толгойлогч “Герман” хочтой, 70 настай Итало Де Витт нь 1990-ээд оны үед Ромын дурсгалт газруудын нэг “испани шат”-ны ойролцоо оршдог банкийг маш чадварлаг аргаар дээрэмдэн алдаршиж байжээ.
Бүлгийн дэд толгойлогч нь дээрмийн үеэр харуулын үүрэг гүйцэтгэдэг 75 настай хүн байсан байна. Бүлгийн бусад гишүүд болох 68 настай этгээд хулгай, дээрмийг биечлэн гүйцэтгэх, 66 настай этгээд хаалганы түлхүүрийг олж авч, хувилах үүрэгтэй ажилладаг байжээ. Эдгээрээс гадна 50 гаруй насны хоёр чулууны мэргэжилтэн дээрэм болох газрын ханыг өрөмдөх, нүхлэх ажлыг урьдчилан гүйцэтгэж, ажиллагааг хөнгөвчлөх арга хэмжээ авдаг байсан байна.
Уг бүлэг өнгөрсөн оны тавдугаар сард Сан Жованни дүүргийн нэг шуудангийн газарт зэвсэглэн нэвтэрч, ATM бэлэн мөнгөний машиныг цэнэглэж байсан ажилчныг сүрдүүлэн 200,000 евро дээрэмдэж байжээ.
La Republica сонины мэдээлснээр бүлгийн 66 настай гишүүн түрүү булчирхайн хагалгаанд орох болсноос шалтгаалан өнгөрсөн онд төлөвлөөд байсан өөр нэг дээрмийн ажиллагаа цуцлагдсан байна. Хамгийн сүүлд тэд Дон Боско дүүргийн нэг шуудангийн газрыг дээрэмдэхдээ бүгд камерт дүрсээ үлдээж, танигдсанаар цагдаа нарт баригджээ.
Ахмад настнуудын уг бүлэг Ромын гэмт хэргийн ертөнцөд “хуучин танилууд” нэрээр алдаршсан юм байна. Толгойлогч Де Витт 1995 онд хувилсан түлхүүр ашиглан Credito Italiano банкны нэг салбарт зэвсэгтэй нэвтэрч, 15 ажилтныг барьцаалсны дараа 210 сая лиртэй зугтаж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл
Zochin [124.158.69.84] 2024-02-20 09:38:29
.Manaihan duuraih vii dee yaanaa kkkn