Газын зурваст гал зогсоох тогтоолын төслүүдийг Аюулгүй Зөвлөлд танилцуулжээ
“Газын зурваст гал түр зогсоох боломж бүрдмэгц гал зогсоохыг дэмжинэ” гэсэн агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр АНУ өргөн барилаа. Уг төсөлд Израил, ХАМАС-ын хоорондох дайны "галыг зогсоох" гэсэн хэллэгийг ашиглахаас татгалзсан боловч Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярих үеэр хэлсэн үг хэллэгийг давтсан байна. Тогтоолын төсөлд мөн “одоогийн нөхцөлд Рафахт хуурай замын томоохон ажиллагаа явуулах нь энгийн иргэдэд хохирол учруулж, тэр дундаа тэднийг хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэхэд хүргэнэ" гэдгийг дурджээ.
Израилын эрх баригчид Палестины нэг сая гаруй иргэн хоргодож буй Рафах руу дайрахаар төлөвлөж байгаа юм. Ийм алхам хийх нь "бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой үр дагавар учруулах тул өнөөгийн нөхцөлд ийм өргөн цар хүрээтэй хуурай замын ажиллагааг явуулах ёсгүй" гэж тогтоолын төсөлд онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь, хүмүүнлэгийн үүднээс Израил, ХАМАС-ын хоорондох дайныг нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолын төслийг Алжир улс өргөн барьж, мягмар гарагт буюу өнөөдөр санал хураалт явуулахыг Аюулгүй Зөвлөлөөс бямба гарагт хүссэний дараа АНУ дээрх тогтоолын төслийг санал болгожээ. Үүний сацуу НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Алжирын төсөлд хориг тавина гэдгээ мэдэгджээ.
Алжир улс тогтоолын төслийнхөө анхны хувилбарыг хоёр гаруй долоо хоногийн өмнө танилцуулсан байна. Гэвч Томас-Гринфилд "энэ төсөл нь ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийн талаарх хэлэлцээнд эрсдэл учруулж болзошгүйг" анхааруулжээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл