П.Болор-Эрдэнэ: Мал хээл хаяж, энэ жил төл авахааргүй болсон
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Өвөрхангай аймагт өнөөдрөөс ажиллаж эхэлсэн. Тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сум, малчны хотод очиж өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум дөрвөн багтай бөгөөд хамгийн их өвөлжилт хүндэрсэн багийн нэг нь дөрөвдүгээр баг байна. Тиймээс шуурхай бүлэг дөрөвдүгээр багийн П.Болор-Эрдэнийн хот айлд очлоо. Цасны улмаас хаасан байсан 40 км зам гаргав.
П.Болор-Эрдэнэ "Энэ жил өвөлжилт их хүнд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа цас орж, хүйтэрсэн. Арав гаруй сая төгрөгөөр өвс, тэжээл худалдаж авсан. Дулаахан өдөр малаа бэлчээрт гаргаад, хүйтэнд хашаандаа өнжүүлж өдөртөө гурван шуудай хивэг 20-иод боодол өвс тавьж өгч байна. Шуураад цас бага зэрэг цоохортсон ч гэсэн бэлчээрийн өвс байхгүй. Өвөлжингөө цас ухаж идсэн учраас малын туруу халцарсан байдалтай байна. Малаа өдөр хэдэн цаг бэлчээрт гаргаад хашаандаа тэжээж байгаа. Арванхоёрдугаар сарын сүүл, нэг сарын ихээр мал хээл хаяж эхэлсэн.
Энэ жил төл авахааргүй болж байна. 100 гаруй толгой мал хоргодсон. Гурван сард цаг хүндэрвэл хэцүүдэх л байх. Ирж байгаа цаг хүйтэн, дулаантай л байх болов уу гэж бодож байна" гэлээ. Мөн хүнд хэцүү цаг өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаад баярлаж буйгаа хэллээ. П.Болор-Эрдэнийн хот айлд 100 боодол өвс, 100 боодол тэжээлийн тусламж үзүүллээ. Мөн шуурхай бүлгийн эрүүл мэндийн баг өрхийн гишүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эмийг өгөв.
Сэтгэгдэл
зочин [66.181.183.221] 2024-02-22 09:53:47
Овоо л юм өгч байна сонгуулиар очих нүүртэй байхын тулд бас нэг боломж шүү Даан ч татвар төлөгчдийн л мөнгө шүү. Төрийн мөнгө гэж байдаг юм уу 4 сарын дараа сонгууль болно доо