Европт халаалтын үнэ буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны улс орнуудын байгалийн хийн үнийн хэлбэлзлийг хянадаг байгууллагын гаргасан мэдээллээр 2024 оны 2-р сард тус холбоонд халаалтын үнэ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, нэг цагт зарцуулагдаж байгаа байгалийн хийн үнэ 25 еврогоос бага үзүүлэлттэй байгаа нь халаалт дулаан бага ашигладаг зуны улиралтай ижил хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд зарцуулагддаг байгалийн хий энэ жил бусад өвлөөс буурсан байна гэсэн үг юм. Ингэж хэрэглээний дулааны үнэ буурсан нь уур амьсгалын болон эдийн засгийн зэрэг хэд хэдэн шалтгаантай гэдгийг холбогдох байгууллагаас тайлбарлаж байна.

Халаалтын үнэ буурахад бөмбөрцгийн умард хагаст, тэр дундаа Европт ердийнхөөс дулаан өвөл болж байгаа нь уур амьсгалын талаас нэг шалтгаан болж байна. Харин эдийн засгийн шалтгаанд байгалийн хий ашиглах аж үйлдвэрийн болоод дотоодын эрэлт аль аль нь буурсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Европын Холбооны хамгийн том хоёр улс болох Франц, Герман улсад нэн ялангуяа сүүлийн 30-аад жилд тохиож байгаа 3 дахь дулаан өвөл болж байгаа нь Холбооны нийт дулааны эрэлтийн хэмжээ буурахад ихээхэн нөлөөлж байгаа юм. Халаалт дулааны эрэлт багассанаар нөөцөд байгаа байгалийн хийн хэмжээ сүүлийн 5 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байна.

Тухайлбал, Европын Холбооны байгалийн хийн нөөц 66 хувь, Германы нөөц 71 хувь, Италийн нөөц 60 хувь, Францынх 51 хувь хүрчээ. Цаг агаараас гадна аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа 2022 оноос хойш дэлхий даяар сулраад байгаа нь үйлдвэрүүдийн байгалийн хий хэрэглэх хэмжээ, эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулсан гэсэн мэдээлэл байна. Тэр дундаа Европын аж үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй багасаж байна.

Эдгээрээс гадна Европын Холбоо сэргээгдэх шинэ эрчим хүч, цөмийн энергийн хэрэглээг эрчимжүүлэх болсон нь шавхагдах нөөцтэй байгалийн хийн хэрэглээг улам бууруулжээ. 2021, 2022 онд харьцангуй олны хэрэглээ болж чадахгүй байсан нар салхины эрчим хүч 2023 онд огцом өссөн үзүүлэлттэй байна. Усан цахилгаан станцын үйлдвэрлэж байгаа эрчим хүч ч сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт дээр явж байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2023 оны 2-р хагаст өсөж, 2024 онд ч эрчимжих төлөвтэй байна.

Байгалийн хийн эрэлт багасаж байгаа тухайд, Bank of AmericaGlobal судалгааны байгууллагын стратегичид энэ маягаараа байгалийн хийн үнэ хавар гэхэд буурсан хэвээр байна. Зун гэхэд бүр ч үнэ нь буурна гэж тооцоолж байна. Байгалийн хийн үнэ буурч, нөөцийн хэмжээ тогтворжиж байгаа нь Европын Холбоо эрчим хүчний хямралаас гарч байна гэж харахад хүргэж байна гэж зарим олон улсын агентлагууд бичиж байгаа.

2022 онд Орос улс Украин руу гэнэт халдан довтолж дайн эхэлснээс хойш Европын Холбооны эрчим хүчний үнэ тэнгэрт хадаж, эрчим хүчний хямралд ороод байсан юм.

Тэгвэл энэ хямрал дуусахад ойрхон байна гэж харах шинжээчид байгаа бол хямрал дуусаж, эрчим хүчний үнэ тогтворжтол дахиад нэг өвлийг үзэх ёстой гэсэн шинжээчдийн бүлэг ч байгаа юм. Европ одоо ч Оросын эрчим хүчний экспортын хоригоос хохирч үлдсэн цоорхойгоо бүрэн нөхөж чадаагүй байгаа. Улаан тэнгис дэх байгалийн хий тээвэрлэлт геополитикийн асуудлаас улбаалж тасалдаж байгаа шиг эрчим хүчний нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах, эсвэл эрэлт эргээд огцом нэмэгдэхэд л дахиад эрчим хүчний хямралд өртөх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.149] 2024-02-25 20:58:16

Европын төр ард иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, дулааны үнийг доод түвшинд барьж байгаа. Ийм янзаараа Европын засгийн газрууд дампуурах болж байна.

Зочин [66.181.189.180] 2024-02-23 18:04:49

Барууны орнуудад сайн түүх байхгүй.

Зочин [66.181.189.180] 2024-02-23 18:03:10

Өвөг дээдсийнхэн үйлийн үр нь ирж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.