Сонгуулийн тухай хууль, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон анхаарах зарим асуудал, онцлох зохицуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр аудитор, сэтгүүлчдэд ээлжит мэдээлэл, сургалт хийлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн нар “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээг хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах” аудит гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон онцлог зохицуулалт, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, хугацаа зэрэг асуудлаар мэдээлж, аудиторуудын асуултад хариулав.
Орон нутгийн сэтгүүлчдийн “Мэдэх эрх” уулзалт, зөвлөгөөнд “Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нэр дэвшигчдийн сурталчилгааны үед анхаарах асуудлууд” сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. Хуулийн онцлох зохицуулалт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл, тодруулга өглөө. Уулзалт, зөвлөгөөний үеэр Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж сонгуулийн үйл явцыг иргэдэд хүргэхэд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийг онцолж, тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Сонгуулийн тухай мэдээллийг хэрхэн сурвалжлах вэ” сэдэвт сургалт зохион байгуулж, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн хуулийн зохицуулалт, 2024 оны сонгуулийн онцлог, үйл явцын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Мөн 2020 оны сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилласан, мэдээлэл бэлтгэхдээ анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.180] 2024-02-23 17:19:06
Иргэд хуулиа мэддэг болж хууртахааргүй болсон
Л БАЙР [103.57.94.128] 2024-02-23 15:54:47
МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ГЭЖ ХАЧИН УЛС ШҮҮ. ЖАГСААЛТААР ОРОХ НЭРСЭЭ СОНГУУЛИЙН НААНА ГАРГАЖ ИРЭХ ГЭЖ БАЙНА УУ СОНГУУЛИЙН ДАРАА ГАРГАЖ ИРЭХ ГЭЖ БАЙНА УУ ГЭЭД ГАНЦ ГАВ ГЭЧИХ ХҮН ОЛДОХГҮЙ ЮМ ДАА