Банкны ажилтан М нэр бүхий банкны аппликэйшний цоорхойг ашиглан иргэний хадгаламжийн мөнгийг татаж авсан гэмт хэргийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өглөө.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлж газар болгосон.

Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж байгаа, виртуал хөрөнгийн хэтэвч ашиглаж байгаа, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байгаа, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж буй үйлдэл тогтоогдож байна.

Тус хэлтэс байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авч 300-д нь нийт мөнгөн дүнгийн 60.1 хувьд буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан.

Дуудлага мэдээллийг хараад дүн шинжилгээ хийхэд иргэд голдуу байр, машин худалдаж авах болон сүүлийн хоёр сар өвс тэжээл худалдаж авах зэргээр цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдол түгээмэл гарсан. Үүнд иргэд анхаарна уу.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар он гарснаас хойш илрүүлсэн онцлог хэргүүдээс дурдвал:

  1. 17 настай Монгол Улсын иргэн Ш нь "таны утсанд очих кодоо явуулна уу" гэх сошиал инженерингийн үйлдлийн аргаар буюу хууль бусаар 283 иргэний фэйсбүүк хаягийг авсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 29 иргэнээс нийт 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
  2. Машин худалдах нэрээр цахим орчинд зар байршуулан иргэний банкны картны мэдээллийг ав байгаад "Токи" аппликэйшнд оруулж, дансан дахь мөнгийг нь хулгайлах боломжийг бий болгосон. Нэг ёсондоо финтек үйлчилгээ явуулж буй компаниудын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлах төрлийн гэмт хэргийг илрүүлсэн. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягт халдлага үйлдэж, хувийн мэдээлэл буюу картных нь мэдээллийг авчихсан байна. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  3. Арилжааны банкны ажилтан М нь нэр бүхий банкны аппликэйшний цоорхойг ашиглаад, иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгэн, доторх дансаар нь дамжуулан иргэний хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг ноцтой гэмт хэргийг илрүүлсэн.

Арилжааны банкууд болон банк санхүүгийн байгууллагатай холбоотой энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэх болсон тул иргэд хэтэвч, шаардлагагүй зээлийн аппликэйшнээ устгах шаардлагатайг анхаарна уу" гэлээ.

Иргэд цахим залилангийн хохирогч болсноо мэдсэн үедээ цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.