Ой гарантай хүүхдээ орхиж архидан согтуурсан иргэд Дархан-Уул аймгаас түр ирээд байжээ

Aдмин / Нүүр

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд энэ сарын 16-нд эцэг эх нь архидан согтуурч, үл хайхарснаас ой гарантай хүүхэд осгосон хэрэг гарсан юм. Тодруулбал, тус дүүргийн хуучнаар V хороо буюу АлтанӨлгийд уг хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өглөө 08:38 цагийн үед “Хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиход бага насны хүүхэд осгосон байдалтай байжээ. Хүүхдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн эмчлүүлж эхэлсэн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гараагүй байна.


Нийгмийн ажилтан Д.Одончимэг: Архи хэтрүүлэн хэрэглэж ойр орчмоо анзаарахгүй, үр хүүхдээ хайхрахгүйгээс ийм эрсдэл учруулж байна

Ахуйн хүрээний архидалт, үл хайхрах хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөж байгаа асуудлаар Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Д.Одончимэгтэй ярилцлаа.


-Эцэг эх нь архидаж хүүхдээ үл хайхарснаас болж бага насны хүүхэд осгож, эмнэлэгт хүргэгдсэн юм байна. Юу болсон талаар тодруулж болох уу?

-Тэр хэрэг амралтын өдөр гарсан юм билээ. Даваа гаригт бид ажилдаа цуглахад дүүргээс мэдээлэл өгсөн.

Эхлээд хүүхэд эндсэн гэдэг мэдээлэл орж ирсэн. Дараа нь эмнэлэгт хүргэгдсэн, азаар амь нас нь эрсдээгүй болохыг араас нь мэдээлсэн. Бид уг мэдээллийн дагуу тухайн хаяг байршил дээр явж очсон.

-Эцэг, эх нь байсан уу?

-Тухайн хаяг бол 32 дугаар хороонд хамаардаг хэсэг. Гэхдээ дуудлага мэдээлэл манайд ирсэн учраас нөхцөл байдалтай танилцахаар очсон. Тэгэхэд тухайн иргэд Дархан-Уул аймгийн харьяат хүмүүс байсан. Улаанбаатарт хоёр, гурав хоноод буцах байсан юм билээ. Тиймээс энэ асуудлыг Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн.

-Хүүхдийн эрх зөрчигдсөн иймэрхүү асуудал гэр хороололд ихэвчлэн гардаг. Нийгмийн ажилтнууд үүн дээр хамгийн түрүүнд очиж ажилладаг хүмүүс. Ямар учир шалтгаанаас ийм асуудал гараад байна гэж хардаг вэ?

-Манай хороо бол тэр чигээрээ гэр хороолол. Нийтийн байр ихтэй, түр оршин суугч олонтой. Тиймээс ахуйн архидалт нэлээд бий. Иргэдийн хувьд амьдралын зан үйлийн хэвшил, эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал хамгийн их ажиглагддаг. Манай иргэдийн дунд хүүхэд төрүүлээд болчихно гэж боддог хандлага их байна. Хүүхдээ эрүүл аюулгүй өсгөх, чанартай хоол хүнс өгөх зэрэг мэдлэг дутуу. Саяхан бид 0-6 насны 60 орчим хүүхдэд эрт илрүүлгийн шинжилгээ хийсэн. Тэгэхэд дийлэнх нь амны хөндийн асуудалтай гарч байна. Мөн хэл ярианы хөгжил дутмаг хүүхдүүд ч олон байна.

-Ахуйн хүрээнд архидан согтуурдаг учир шалтгаан юунд байна вэ?

-Архины зохисгүй хэрэглээ маш өндөр болсон. Архинд донтох эмгэг ч нэмэгдсээр байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ойр орчмоо анзаарахгүй, үр хүүхдээ хайхрахгүйгээс ийм эрсдэл учруулж байна шүү дээ. Бид тийм хүмүүстэй уулздаг. “Та архи ууж болохгүй шүү. Бага насны хүүхдээ хайхраарай” гэхээр “Хүний эрхэнд халдлаа, чиний амаар ууж байгаа юу” гэх зэргээр мушгиад биднийг буруутгаад явчихдаг. Тийм хүмүүстэй харьцахад маш хэцүү. Эцэст нь хүүхэд хохирдог.

Уг нь насанд хүрсэн хүмүүсийн ухамсарт энэ тухай маш сайн ойлгуулж өгмөөр байна. Таны эрүүл мэнд, үр хүүхдийн чинь эрүүл мэнд танаас шалтгаална шүү гэдгийг. Мөн дээр нь томчууд ямарваа өвчнөө архиар дарах гэж уудаг тохиолдол бий. Өвдсөн л бол эмнэлэгт хандаарай гэдгийг давхар хэлмээр байна хэмээв.

Б.Түвшинтөгс: Үл хайхрах хүчирхийлэл гэж ярьдаг ч хариуцлага тооцно гэсэн заалт хуулинд байхгүй

Хүүхдээ үл хайхрах хүчирхийллийн талаар хуульч, өмгөөлөгч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө гэртээ архидан согтуурсны улмаас хүүхэд нь осгосон хэрэг гарсан. Ер нь эцэг эхийн хариуцлага хууль эрх зүйн хүрээнд хэрхэн заагдсан байдаг талаар тодруулмаар байна?

– Гэр бүлийн тухай хуульд зааснаар нэгдүгээрт, хүүхэд төрснөөр эцэг эх хоорондын харилцаа үүснэ гэсэн үг. Хоёрдугаарт, эцэг эх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Мөн эрүүл аюулгүй орчинд өсгөх. Үүнийг хуульчлаад өгчихсөн гэр бүлийн зохицуулалт. Жишээлбэл, хүүхэд хүчирхийлэх, хүүхэдтэй хүнлэг бусаар харьцсан, догшин авирласан, халдсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Амь нас эрсдсэн, хүнд байдлаар гэмтсэн бол Эрүүгийн хуулийн зөрчлийн дагуу хариуцлага хүлээнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг агуулгаараа хүүхдэд халдаж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа нь хүүхдийн ирээдүйг бүрхэг болгож байна гэсэн үг. Зөвхөн энэ хэрэг гэлтгүй хүүхдээ үл хайхарсны улмаас хүүхдийн амь эрсэдсэн хэргүүд ч цөөнгүй байдаг. Хүүхэд хэт дуугаа хурааж дотогшоо болох, нийгмээс тусгаарлагдсан гэх асуудлууд зөндөө байгаа. Хүүхэд бага насандаа ямар байсан яг тиймээрээ л цаашаа явна. Хүүхдийн хүмүүжил эцэг эхээс шууд хамааралтай. Хүүхдээ үл хайхарсны улмаас хүүхдийн амь нас эрсдэх ч аюултай гэдгийг эцэг эхчүүд энэ хэргээс хангалттай сургамж авсан байх гэж бодож байна.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах нь гэмт хэрэгт тооцогдох уу?

-Шууд гэмт хэрэг гэж үзэхгүй ч хүүхдийн дэргэд архидан согтуурах, амгалан тайван байдлыг нь алдагдуулах, айлгаж ичээсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Үнэхээр үргэлж хүүхдийн хажууд архидан согтуурч, зодож цохидог, хүүхдийн эрхийн эсрэг зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ.

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд оруулсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага байна вэ?

-Үл хайхрах хүчирхийлэл гэж яриад байдаг болохоос биш хуулиндаа хариуцлага тооцно гэсэн агуулгатай заалт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шинжтэй гэсэн агуулга руу орчихдог. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж үзвэл Зөрчил болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ямар тохиолдолд эрүүгийн хууль гэж үзэх вэ гэвэл, хүний үйлдлээс гажуудсан хэт хэрцгий авирласан, удаа дараа давтамжтай хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар тохирох арга хэмжээг авдаг. Харин Зөрчлийн хууль зөрчсөн гэж үзвэл, зорчих эрхийг хязгаарлах, торгох, 7-30 хоног баривчлах зэрэг арга хэмжээг авдаг.

-Хүүхдүүд энэ талын хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Мэдсэн ч хаана хандаж, хэнд хэлэх учраа олохгүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Яг тийм. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө том болсон гэх бодолд автаж өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх гэж хичээдэг. Хүүхэд бие дааж эрхээ хамгаална гэдэг бол хязгаарлагдмал. Үнэхээр хүчирхийлэлд өртөөд байдаг бол холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж тэр үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

Мэдээж эцэг эхтэйгээ ярилцах нь хамгийн чухал. Гэвч ярилцаж ойлголцож чадахгүй байгаа тохиолдолд үе тэнгийнхэн, найз нөхөд, ангийн багшдаа хэлж болно. Тиймээс нэгдүгээрт, э цэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ бүх сэдвээр ярилцдаг байх ёстой. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд илт мэдэгддэг. Дуугаа хураах, хэт дотогшоогоо болно, ганцаараа байх дуртай болох, өөрийгөө илэрхийлж хүнтэй ярилцахаас айдаг болно, олны дунд орохоос эмээдэг болно, байнга гэртээ бүгдэг болно, сэтгэл гутралд орно гэх мэт сөрөг тал ихтэй. Хоёрдугаарт, хүүхдээ сайтар ажиглах ёстой. Хэнтэй найзалж нөхөрлөж байна, хаана юу хийж байна, юу хийх илүү сонирхолтой байгаа талаар ажиглах нь чухал. Гуравдугаарт, хүүхдээ бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Хүүхдийг хамгийн их гомдоодог зүйл бол бусадтай харьцуулах гэж хэлж болно.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.131.225.53] 2024-03-21 16:44:12

гэр хороололын гудамж талбай самбар нийтийн байрны ойр орчим зэрэгт архины хор хохирол архи уухгүй байх талаар сануулга уриалгыг маш ихээр байршуулах хэрэгтэй,

зочин [66.181.188.57] 2024-03-20 21:15:31

ХАЙРАН ХҮҮХЭД, УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.