Сэм Бэнкман-Фрид 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
Үйлчлүүлэгчдээсээ 8 тэрбум долларыг залилан завшсан криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд Нью-Йорк хотын шүүх 25 жилийн хорих ял оноолоо. Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хэлэхдээ, биржийн үйлчлүүлэгчид ямар ч хохирол амсаагүй гэж байсныг Манхэттэний тойргийн шүүхийн шүүгч Льюис Каплан няцаажээ. Мөн шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг дурдсан байна.
32 настай тэрбумтны байгуулсан 32 тэрбум долларын хөрөнгөтэй FTX бирж 2022 онд дампуурснаар АНУ-ын түүхэн дэх маш том луйврын хэрэг дэгдсэн бөгөөд пүрэв гарагт болсон шүүх хурлаар түүнийг буруутай гэдгийг тогтоолоо. Шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хамт ажиллаж байсан хүмүүсээсээ уучлал хүссэн боловч өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй.
Шүүгч Капланы мэдэгдсэнээр, FTX биржийн үйлчлүүлэгчид 8 тэрбум доллар, тус биржийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид 1,7 тэрбум доллар, Бэнкман-Фридийн үүсгэн байгуулсан Alameda Research гэдэг хеж санд мөнгө зээлдүүлсэн хувь хүн, компаниуд 1,3 тэрбум долларын хохирол амсчээ. Мөн шүүгчийн мэдэгдсэнээр, Бэнкман-Фрид “үйлчлүүлэгчдийн хадгаламжийн мөнгийг хеж сан зарцуулсан байсныг мэдээгүй” гэж худал мэдүүлэг өгч байжээ.
Холбооны прокуроруудын зүгээс шүүгдэгчид 40-50 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Марк Мукасей 5 жилийн ял оноох нь зүйтэй гэсэн үндэслэлээ тайлбарлаж байв. Тэрбээр өөрийн үйлчлүүлэгчийг Бернард Мэдофф гэдэг алдартай луйварчинтай жишин авч хэлэлцэхгүй байлгахын тулд маш их хичээжээ.
Тэрбумтантай хамт ажиллаж байсан гурван хүн шүүх хуралд гэрчээр оролцохдоо “Alameda Research сангийн алдагдлыг нөхөхийн тулд биржээр үйлчлүүлэгчдийн мөнгийг ашиглах үүргийг Бэнкман-Фрид өгч байсан” гэж мэдүүлсэн байна.
Харин шүүгдэгч өөрийгөө хамгаалж хэлэхдээ, хэд хэдэн алдаа гаргасан, түүний дотор эрсдэлийн удирдлагын хэлтсийг байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хэн нэгнийг залилан мэхлэх, үйлчлүүлэгчдийн мөнгийг завшихыг санаархсан гэж буруутгасныг эрс няцаасан байна.
Криптовалютын зах зээлд тэсрэлт болж байх үед Массачусетсийн технологийн их сургуулийг төгссөн Бэнкман-Фрид 30 хүрээгүй насандаа 26 тэрбум долларын хөрөнгө хуримтлуулжээ. Тэрбээр альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах хөдөлгөөний үнэнч идэвхтэн байв. Альтруист үзэл баримтлал нь их мөнгө олж, түүнийгээ эрхэм ариун зорилгод хандивлах сэдлийг авьяаслаг залуу хүмүүст төрүүлдэг ажээ. Ташрамд дурдахад, Бэнкман-Фрид АНУ-ын Ардчилсан намын хамгийн том хандивлагчдын нэг байв.
Харин прокуроруудын хэлснээр, шүүгдэгч өөртөө хариуцлагатай, өгөөмөр хүний имижийг бүрдүүлж байгаа нь олон жилийн туршид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг залилан завшиж байснаа нуух гэсэн оролдлого ажээ.
Б.АДЪЯАХҮҮ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.