Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн таван хүн Японд нас баржээ
Японы эм үйлдвэрлэгч “Кобаяши фармацевтик” компанид үйлдвэрлэсэн кожи улаан будааны ханд (исгэмэл будаа) агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тавдахь хүн нас баржээ. Нас барсан эрэгтэйн төрөл төрөгсөд тус компанитай холбогдож хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн гэдгийг хэлсэн байна. Уг бүтээгдэхүүн нь хүмүүс нас барах шалтгаан болсон эсэхийг тогтоохоор дээрх компанийн төлөөлөгчид ажиллаж байна.
“Кобаяши фармацевтик” компанийн кожи улаан будааны ханд агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 100 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хүнсний нэмэлт бүтээгдэхүүний орц найрлагуудыг шалгана гэдгээ мэдэгдээд, хүнсний нэмэлтүүдийг худалдаалахыг зогсоосон байна.
Түүнчлэн бүтээгдэхүүнийхээ найрлагад кожи улаан будааг оруулдаг Японы хэд хэдэн компани бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татаж эхэлжээ. Тухайлбал, согтууруулах ундаа үйлдвэрлэгч "Такара Шүзо" компани 100 мянган шил "Премиум Рөүз" оргилуун сакэгээ эргүүлэн татлаа. Мөн хэд хэдэн төрлийн гурилан бүтээгдэхүүн, шар буурцагны сүмс, мисо-паста болон бусад бүтээгдэхүүнийг эргүүлэн татахаар шийдвэрлэжээ.
Кожи ферментийг Япон болон Азийн бусад орнуудад шар буурцагны сүмс, цагаан будааны цуу, мисо-паста зэрэг исгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн саке дарсанд амт оруулахын тулд хэрэглэдэг аж. Тусгай төрлийн хөгцийг нэмж хийснээр кожи будааг улаан өнгөтэй болгодог тул эцсийн бүтээгдэхүүн ч мөн адил улаан өнгөтэй болдог.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.