Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
Японы эрх баригчид цэргийн зориулалтаар ашиглахаас сэргийлэх үүднээс тус улсын голлох салбаруудын технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Тодруулбал, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хагас дамжуулагч, нисэх онгоц болон түүнтэй холбогдох бүтээгдэхүүн зэрэг Японы өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийн технологийг гадаадад шилжүүлэхээр төлөвлөж байгаа бол яаманд урьдчилан мэдүүлж байхыг хувийн хэвшлийн компаниудад үүрэг болгох төлөвтэй байна.
Одоогоор тус яам цөмийн эрчим хүч, химийн зэвсэгтэй холбоотой технологийг хилийн чанадад шилжүүлэхийн тулд засгийн газрын зөвшөөрөл авахыг хувийн компаниудаас шаардаж байгаа юм. Түүнчлэн цэргийн зориулалтаар ашиглах боломжтой бусад технологийг шилжүүлэхдээ зөвшөөрөл авахыг шаарддаг боловч урьдчилж мэдүүлэх шаардлагагүй байгаа ажээ. Цэргийн болон иргэний салбарын аль алинд ашиглаж болохуйц технологиуд нэмэгдэж байгаатай холбогдуулан авах арга хэмжээг чангатгах шаардлагатай байгааг мөн тус яам мэдэгджээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу хувийн компаниуд хамтарсан судалгаа хийх юм уу, хилийн чанадад үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бол Засгийн газарт урьдчилан мэдүүлэх үүрэг хүлээнэ. Хэрэв засгийн газар аливаа технологийг цэргийн зориулалтаар ашиглах эрсдэлтэй гэж үзвэл урьдчилан зөвшөөрөл авахыг тухайн компаниас шаардах ажээ. Харин компаниуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.213] 2024-05-02 12:38:51
Эдийн засгийн байдал улам бүр дордоно. Элдэв янзын хориг хаалт гэдэг заавал муу үр дагаварыг үлдээнэ.