“Баялгийн” бус “Балгийн” байгуулна
Р. Даваадорж – Эдийн засгийн ухааны доктор
2024.04.04-ний өглөө Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр Чуулганы хурлаас өмнөхөн яаран сандран хуралдаж “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг дэмжихийн тулд ирцээ бүрдүүлэх гэж багагүй сандарч харагдсан. Ийнхүү Монгол улсын хөгжилд нэн чухал асуудлыг хайнга, хэлэлцсэн дүр үзүүлж тэр дороо чуулганаар орууллаа. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн үед сонгогчдыг “хошигруулах”, “хулгайгаа мартагнуулах” хоёр чухал зорилго эрх баригчдад байгаа учраас тооцоо судалгаагүй, ирээдүйд улс орны эдийн засгийг самрах ийм нэгэн шийдвэр УИХ-аар “ногоон гэрэл”-ээр батлагдах нь тодорхой болжээ.
Оройхон олон телевиз, мэдээллийн хэрэгслээр гоё сайхан мэдээ цуурайтав. Мөнгө өгөх нь. Өнөөдрийн өгсөн 1072 хувьцааны ногдол ашгаас ч хэд дахин их. Ажил хийлгүй жаргах боломж нээгдэж байгаа бололтой. Байгалийн баялаг ард түмний мэдэлд бүрэн шилжиж, үр өгөөжийг нь одоо ба ирээдүй үеийнхэн тэгш хүртэх боломж бүрдэж гэнэ. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтэц бий боллоо. Хуримтлалын сангаас иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцынхаа хэрэгцээг хангаж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаажна... гэх мэтээр хэвлэл мэдээллийнхэн ам өрсөн мэдээлж эхлэв.
Тэгвэл арав гаруй жилийн өмнө өнөөгийн эрх баригчдын “ах нар” нь яг ийм “гайхамшиг” амлаж, ийм шийдвэр гаргаж байлаа. Энэ нь юунд хүргэснийг сануулж бяцхан түүх сөхье.
Манай улсын эдийн засаг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортоос нэн хамааралтай. Зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр, нефть зэрэг цөөн хэдэн ашигт малтмал голлох үүрэг гүйцэтгэнэ. Саяхныг хүртэл зэсийн баяжмал дангаараа экспортын орлогод хамгийн их нөлөө үзүүлдэг байв. Гэвч 2000 оны эхэн үеэс урд хөршийн эдийн засаг эрчимжихийн хэрээр нүүрс үнэд орж 2010 он гэхэд манай экспортын гол бүтээгдэхүүний нэг нь нүүрс боллоо. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн орлогын хос баганатай болов. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байвал манай ДНБ өсөж, унавал дагаад унадаг ийм л эмзэг, гадаадын зах зээлээс хараат эдийн засагтай орон.
Уул уурхайн баялагт тулгуурласан улсууд эрдэс баялгаас бий болсон орлогоо ирээдүй хойч үедээ үлдээх, урт хугацаанд баялгаа хуримтлуулах, арвижуулах бодлого хэрэгжүүлдэг. Анхны ийм зорилготой баялгийн санг Кувейт улсад 1953 онд байгуулагдаж байжээ. Өнөөдөр нэг их наяд ам.доллараас давсан хөрөнгөтэй Норвеги улсын баялгийн сан зөв менежментээрээ хуримтлалын үлгэр жишээ болж байна. Тус сан Норвегийн ард түмний 100 хувийн өмч бөгөөд мэдээлэл технологийн өнөө цагийн “аварга”-ууд болох “Facebook” “Apple” “Microsoft” компанийн хувьцааг эзэмшиж цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн “AirBus”, уул уурхайн “RioTinto” зэрэг үндэстэн дамнасан олон зуун корпорациудад хөрөнгө оруулалт хийж хөрөнгө нь цаг тутам арвижиж байдаг аж.
Одоо арваад жилийн өмнөх түүх рүүгээ нэг өнгийе. Монгол улс уул уурхайгаас боломжийн хэмжээний хөрөнгө олох хэрээр улс төр “булингартаж” эхэлсэн байдаг. Энэ үеэс л мөнгө олох зорилготой хүмүүс улс төр рүү хошуурцгаах болсон юм. 2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон намууд сонгогчдын санал татах зорилгоор улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгөн амлалтаар бөмбөгдөж байсныг санах хүмүүс бишгүй байгаа биз ээ. МАХН (Одоогийн МАН) бусад намуудаас хавьгүй ихийг буюу иргэн бүрт 1.5 сая төгрөг амлав. Ам.доллар 1100 орчим төгрөгийн ханштай байсан тэр үед ийм сайхан амлалт гэж юу байхав. Сонгогч олонд ийм хэмжээний мөнгө хаанаас олох нь бүү хэл эдийн засгийн ямар урхаг учруулах нь ч огтын сонин биш байсан юм. Ийнхүү МАН парламентад олонх болсон түүхтэй. Чухам энэ үеэс эдийн засгийн өнөөгийн хямралын суурь тавигдаж эхэлсэн бөгөөд харин үүнийг хэн ч анзаарсангүй.
Тухайн үеийн сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх хөрөнгийг байгалийн баялгаасаа гаргахаас өөр арга зам байхгүй. Ийнхүү тэр үеэс эхлэн баялгийн сангийн үлгэр эхэлжээ. 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг баталжээ. Залгаад, 2010 онд “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол ч гарав. Амлалтын 1.5 сая төгрөгөөс 500.0 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэж, иргэн бүрд 2010 онд 120.0 мянган төгрөг, 2011 онд сар бүр 21.0 мянган төгрөг буюу нийт 252.0 мянган төгрөг, 2012 оны эхний 6 сард нэмж 128.0 мянган төгрөгийг олгожээ. Ийнхүү 2010-2012 онуудад Монгол улсын иргэн бүрт 500.0 төгрөгийг бэлнээр олгов. Үлдсэн 1.0 сая төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний гэх сонголттой олгох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв. 2012 онд манай улсын хүн ам 2 сая 867 мянга гэж тоологджээ. Монголын төр хэлсэн амандаа хүрч иргэддээ 1 их наяд 433 тэрбум төгрөг буюу нэг тэрбум ам.доллараас илүү бэлэн мөнгө тараажээ.
Ийм их бэлэн мөнгө иргэддээ тарааж байсан түүх Монголын төрд байсангүй. Тэгвэл үүнийг хэрхэн яаж санхүүжүүлсэн тухай асуудал анхаарал татна. Энэ үйл явц уул уурхайн бүтээгдэхүүний супер циклтэй давхацдаг. 2011 онд Австралид олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж ихэнх уурхайнуудын ажил зогсов. Индонезод цалин хөлсөө нэмүүлэх зорилготой уурхайчдын жагсаал цуглаан ажил хаялт ид өрнөж байсан үе. Ийнхүү Хятадад хамгийн их хэмжээний нүүрс нийлүүлэгч хоёр улсын экспорт зогссоноор зах зээл дээр нүүрсний нийлүүлэлт багасч эрэлт нэмэгдсэнээр үнэ нь өсөв.
Чухам энэ үед Монгол улс урд өмнө олж байгаагүй их хэмжээний орлого олсон бөгөөд 2008 онд нүүрсний экспортын борлуулалтын нийт орлого 184 сая ам.доллар байсан бол 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч 12 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын хувьд 2009 онд 500 орчим сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2011 онд бараг тэрбум ам.долларт хүрч 2 дахин өссөн. Зөвхөн нүүрснээс гэхэд л гурван жилийн өмнөх орлогоосоо 2 тэрбум ам.доллароор илүүг оллоо. Удтал талцан хүлээгдсэн Оюутолгойн уурхайн ажил жигдэрч гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Ийнхүү улсын төсөвт тооцоолоогүй их хэмжээний мөнгө гэнэт цутгаж орсон тэр үед ямаанд хүртэл мөнгө өгөх шийдвэр УИХ гаргаж байсан юм.
Хэрэв тухайн үед улс орны жолоог эдийн засаг, санхүүгийн наад захын мэдлэгтэй мэдлэгтэй хүмүүс залж байсан бол өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээ бодсон шийдвэр гаргаж чадсан сан бол Монгол улс өдгөө уул уурхайгаас хараат бус бие даасан эдийн засагтай болчих алтан боломж байсан юм. Солонгос шиг гар утас хийдэггүй юм аа гэхэд эд анги, чип хийдэг үйлдвэрүүд байгуулагдаж болохоор байлаа. Япон шиг машин хийдэггүй юм гэхэд элдэв төрлийн сэлбэгээс нь авахуулаад зарим нэгэн хөдлөх ангиуд үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэр босгох хөрөнгийг ийнхүү нүд ирмэх зуур “баас” болгож орхив. Хамгийн харамсалтай нь Монгол улсын эдийн засаг хямрах үүд хаалгыг ийнхүү төрийн харалган шийдвэрээрээ нээж өглөө. Валютын ханш энэ үеэс эхлэн өсөж, инфляц нэмэгдэж монгол төгрөг үнэгүйдэж өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх суурь тавигдлаа. Гадаад өр өсөж тасралтгүй нэмэгдэх эхлэл ч тавигдсан юм.
Тухайн үеийн тооцоо судалгаагүй амлалтаа биелүүлэх зорилгоор төсвөө “сэгсэрч, гөвчихөөд” гаднаас зээл авлаа. Монгол улсын Засгийн газар түүхэндээ анх удаа бонд босгов. 2012 оны 3 дугаар сард Сү.Батболдын Засгийн газар Евро бондыг “эх барьж” авчээ. Тэдний, эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс зээлсэн атал өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өссөөр байна. Хятадын Чалко компаниас авсан зээлийг бүтэн 7 жилийн турш төлж барагдуулсан. Уул уурхайн бүтээгдэхүүний супер циклийн үед хэдэн улс төрчдийг “дураар нь дургиулах” зорилгоор амласан тооцоо судалгаагүй амлалт Монгол улсын эдийн засгийг тэлэхийн оронд эрсдэлд оруулсан гунигт түүхийг сөхвөл ийм байна.
Манай улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд Монгол улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан-гууд байгуулагдаж УИХ-ын сонгуулийн амлалт биелүүлэх хэрэгсэл болж байгаа. Бидний загварыг нь дуурайдаг Норвеги улс 1996 онд сан байгуулснаас хойш Засгийн газар нь хэд хэдэн удаа солигдсон ч сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Үүний гол учир нь засаглалдаа байгаа юм. Энэхүү сан нь төрийн сайд бүү хэл үе үеийн Ерөнхий сайдын мэдлээс хол байсан юм. Баялгийн сан руу улс төрч нэртэй мангасууд хуруугаа бүү хэл “хошуугаа” оруулах завсаргүй байх учиртай. Зөвхөн ийм тохиолдолд “Баялгийн сан” өсөж арвижаад зогсохгүй иргэд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд багтдаг ажээ. Харин манай улсын хувьд байдал 100 хувь эсрэг.. Үүнийг батлах ганц жишээ дурдъя. Тавантолгойн 1072 хувьцаа тухайн үеийн нэг сая төгрөгийн үнэтэй буюу 909 ам.долларын ханштай байж. Тэгвэл одоо 3 дахин ханшаа алдаж 300 ам.долларт хүрэхгүй болжээ. Ийнхүү хуримтлагдаж арвижах ёстой “Баялгийн сан” Засгийн газрын мэдэлд байснаараа “Балгийн сан” болж хувирчээ. Зөвхөн 2024 онд тусгай 20 сангаар дамжуулж 10 135 800 000 000 (10.1 их наяд) төгрөг тараана. Засгийн газрын бүхий л санд хулгай, дээрэм нүүрлэсэнийг ЖДҮ, Боловсрол, Тариалан эрхлэлтийн... гээд олон сангуудын түүх өгүүлдэг. Ирээдүйн өв сан гэхэд л сүүлийн жил бүр, 2 их наяд гаруй төгрөгийг өмнө хуримтлуулсан хөрөнгөнөөсөө хуулиа өөрчилж байгаад зарцуулчихсан. Энэ олон сангуудын хулгай, дээрмийг цэгцлээгүй мөртөө бас дахин "Балгийн(Баялгийн) сан" нэрийн дор гурван ч сан нэмж сайд нартаа хариуцуулахаар яарч байгаа ажээ.
Ядуу иргэдтэй орны улс төрчид “эх орончийн дүр бүтээх” гэж улс орноо сүйдэлсэн жишээ маш олон байдаг. Манайх ч ялгаагүй байдаг жишээг дурдлаа. Эрх барьж буй улс төрчдөд улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил дэвшил ердөө сонин биш. Харин яаж ийгээд УИХ-д сонгогдчихвол өмнө хийсэн “хулгай, дээрэм” нь сөхөгдөхгүй, бас “Балгийн сан”-гаас баяжих сайхан боломж нээгднэ.
2024 оны 4 сарын 5
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-04 13:39:05
ЧИН ҮНЭНИЙГ ТОВ ТОДОРХОЙ, ЗӨВ САЙХАН БИЧЖЭЭ. ТОВЧХОНДОО ЭНЭ МАН-д ХУЛГАЙ, ЛУЙВАР ХИЙХ САНГАА ЭРТНЭЭС БЭЛДЭЖ АВЛАА. СҮҮЛИЙН 8 ЖИЛД МАН, ЭРХ БАРИГЧИД НЬ ХООСОН АМЛАЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ МЭХЛЭХ ЗАМААР ХУЛГАЙ, ЛУЙВАР ХИЙЖ АВИЛГАДАХААС ӨӨР ХИЙСЭН ТОЙМТОЙ ЮМ АЛГА ДАА. ЭДНУУС ХООСОН АМЛАНА, ХУЛГАЙ Л ХИЙНЭ. ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ ЭНЭ.
Зочин [66.181.177.54] 2024-05-03 16:48:47
Ер нь сан ман ....янз бүрийн хэрэгт хэрэгүй юм байгуулж яах юм вэ? Сонгогодохын тулд юу ч хийж,амлаж магадгүй,Насан туршид чинь тэжээнэ гэх нь холгүй МАН засгийн эрхэнд гараад таг чиг болдогийг олон түмэн ойлгосон биз ээ!
Иргэн [139.5.216.34] 2024-05-03 15:56:05
Энэ маш зөв сануулга шү,урьдах төрөл бүрийн сангууд бараг 100 % бэлгийн сан болсон шүү дээ,одоо үнийг энэ хуулиндаа таслан зүгсоож чадсан боловуу?
Зочин [202.21.109.35] 2024-05-03 14:44:11
Цөлмөж хоослохдоо уургын морь шиг болжээ Ман сан самрахдаа гаргууд гаршжээ
ЗОЧИН [202.126.90.174] 2024-05-03 09:14:48
САН БАЙГУУЛАХ НЬ САЙХАН САНАА БИШ СААХ Л САНАА ДАА ӨМНӨХӨӨ ЯААЯ ГЭЖ БАЙХАД
зочин [202.9.46.247] 2024-05-03 09:07:25
2016 оноос өмнө аж ахуй нэгжүүдэд ажилдаг бид нилээд хоолны газарт 7 хоногт 2 удаа хоолонд орж хамт олноороо сайхан уур амьсгалтай байдаг байлаа 2016 хойш хармаандаа таван цаас ч үгүй амьдрал мэдэгдэм муудсан амьд жишээ л ийм байна
Зочин [66.181.183.187] 2024-05-02 22:09:31
АН засагласан жилүүдэд улс орон өрөнд орж эдийн засаг сүйрч ард олны амьдрал доройтож байсаныг бид мартаагүй. Толгойлогч нар нь бүгд шоронгийн хаалга татаж гадагш зугтаасан. Энэ талаар энэ эдийн засагч ягаад дугарахгүй байна
Зочин [66.181.177.54] 2024-05-03 16:19:42
АН төр барьж байгаагүй шүү дээ!
Зочин [202.126.89.175] 2024-05-02 16:39:48
Санг сайдууд удирдвал нохойн замаар орноо. Үнэндээ мэдлэг боловсролтой, удирлагч хүнийг сайдаар тавьмаар байнаа. 3 сая байж яасан ч их шунал вэ. Үе удмаараа төлөх вий дээ
z [202.55.191.130] 2024-05-02 15:53:20
Yamar hetsuu um be. Uls ornoo boddog boloosoi. Ur huuhed chini amidarna