СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ

Aдмин / Улстөр

Энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд 35 дахь удаагийн “Номын баяр” болж байна. Номыг шимтэн уншчдаг уншигч маш ихээр цугласан, өргөн дэлгэр болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан. Мөн энэ удаагийн “Номын баяр”-ын сонирхолтой, хүмүүс их очиж байгаа асруудын нгэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан асар байлаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар энэ жилийн УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдоно. Урьд өмнө болж байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байгаа учраас саналын хуудас ямар байх тухай олон таамаг явсан. Саналын хуудсыг хэрхэн бөглөх, сонгогч юун дээр анхаарах ёстойг тус асарт иргэдэд тайлбарлаж байлаа. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас хоёр ширхэг байх юм байна. Тодруулбал, нэг сонгогч хоёр саналын хуудас бөглөнө гэсэн үг. Тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрийн өмнөх дугуйг будах бөгөөд хэдэн мандаттай байхаас хамааран тэр тооны хүний нэрийг дугуйлна.

Мөн намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдох учраас жагсаан бичсэн өөр нэг саналын хуудаснаас нам, эвслээс зөвхөн нэгийг нь сонгон будах юм байна. Харин нэр дэвшигчдийн саналын хуудас нь тухайн тойрог хэдэн мандаттайгаас хамааран урт, богино байх аж. Тухайлбал, таван мандаттай тойрогт нэр дэвшигчид, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийг жагсаан бичсэн саналын хуудас өөр хэмжээтэй байна.

Гэсэн хэдий ч хамгийн уртдаа 79 см хэмжээтэй байхаар тооцож байгаа гэдгийг хэлж байв. Саналын хуудас уншигч машин ямар нэгэн асуудалгүйгээр уншина гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Санал өгөхдөө сонгогчид нэг зүйлийг онцгойлон анхаарах учиртай гэнэ. Тэр нь тухайн тойргийн мандатын тоотой ижил тэнцүү хүний нэрийн өмнөх дугуйг будна. Хэрэв илүү будсан бол төхөөрөмж буцаах бөгөөд саналын хуудсыг дахин нэг удаа шинээр авч болно. Мандатын тооноос дутуу будсан тохиолдолд ч төхөөрөмж уншихгүй. Гэхдээ саналын хуудас шинээр авалгүйгээр гүйцээн будаад уншуулахад төхөөрөмж ямар нэгэн асуудалгүйгээр унших юм байна. Үүнийг бүр жишээ болгон СЕХ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан төхөөрөмжид уншуулж үзүүлсэн юм. Мөн нэр дэвшигч, нам, эвслийн өмнөх дугуйн 30 хувийг будсан тохиолдолд л төхөөрөмж уншдаг аж. Бага зэрэг илүү гаргаж будсан ч асуудалгүй гэнэ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд багагүй бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Тэгвэл энэ жил санал авах байрууд орох болон гарах талдаа налуу шаттай байх аж. Мөн баррель үсгийн хавтас бүхий харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээгийг ч хийх юм байна. Үүнээс гадна бүхээг бүр дээр томруулдаг шилний үүрэг бүхий жижиг хавтас ч байрлуулахаар болжээ.

СЕХ-ноос иргэдэд мэдээлэл өгөх, сонгогчийн боловсролыг дэмжихээр ийнхүү асар байгуулсан нь маш чухал зүйл боллоо гэдгийг иргэд хэлж байсан юм. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнцөөр сонгуулиа хэрхэн өгөх, саналын хуудсыг яаж бөглөх тухай мэдээлэл явж байгаа ч мэргэжлийн хүмүүсээр нь тайлбарлуулахад илүү ойлголт авч байна гэдгээ ч хэлж байв.

Бид бүхэн энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

П.Дэлгэрнаран: Хяналтын тооллого буюу гар тооллогыг хэсгийн хлроодод 100 хувь хийнэ


-Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажлууд хэр хангагдаж байна вэ?

-СЕХ-ноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу бүх ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдээд явж байна. Яг одоогийн байдлаар нэр дэвших ажиллагааны сүүлийн өдрүүд явж байгаа. Маргааш (өнөөдөр) нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. Харин нөгөөдөр (маргааш) нэр дэвшигчийн материал хүлээж авч эхэлнэ. Мөн энэ жил “Номын баяр” болж буйтай холбоотойгоор сонгогчийн боловсролд зориулан асар ажиллуулж, өөрсдийнхөө үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчилж байна. Иргэд маань ч нэлээд сонирхож байна. Учир нь энэ жил хууль шинэчлэгдсэн. Мандатын тоо нэмэгдэж, тойрог томорсон болохоор хүмүүс анхаарал хандуулж байгаа бололтой.

-Нэр дэвшигчид материалаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарах ёстой вэ?

-Нэр дэвшигчид болон нам, эвслүүд хуульд заасан материалыг цаг хугацаанд нь манай байгууллагад өгөх үүрэгтэй. Тиймээс аль аль нь үүн дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэр дэвшигчдийн материалыг нийтдээ тав хоногийн хугацаанд хүлээн авах учраас яарч сандралгүйгээр хуульд заасны дагуу бэлдэх учиртай. Материал ирснээр бид төрийн холбогдох байгууллагуудаас лавлагаанудыг гаргуулж авна. Ингээд ирсэн материал, лавлагааг тулгаж байж бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

-СЕХ-нд хууль зөрчсөн талаарх гомдол, мэдээлэл хэр ирж байна. Хамгийн сүүлд хэвлэлээр Соёлын сайд Ч.Номинг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж мэдээлсэн?

-Манай байгууллагад гомдол, мэдээлэл ирж байгаа. Хууль бус сурталчилгаатай холбоотой гомдол ирж байна. Тэр дотроо хуульд заагаагүй хугацаанд, хууль бус аргаар сурталчилгаа явуулж байна гэх гомдлууд дийлэнх байна. Ер нь сонгуультай холбоотой гомдлыг найман төрлийн байгууллага шалгах учиртай. Тийм болохоор энэ байгууллагуудын чиг үүргийн дагуу хугацаа алдалгүйгээр шилжүүлэн шалгуулж байна. Харин тухайн байгууллага энэ асуудлыг шалгаад ингэж шийдвэрлэлээ гэдгээ бидэнд уг нь эргэж мэдэгдэх ёстой.

-Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбатыг хууль зөрчсөн гэсэн асуудал яваад байсан. Энэ юу болсон бэ?

-Тухайн хүний асуудал бол хэвлэл мэдээллээр хууль зөрчсөн гээд яваад байгаа. Гэвч тухайн үед манай холбогдох албаны мэргэжилтнүүд сэтгүүлчийн асуусан асуултад л хариулсан юм шүү дээ. Хэрэв энэ нь үнэн бол хууль зөрчиж байгаа хэрэг гэж л хэлсэн болохоос манайхаас шууд хууль зөрчсөн гээд тогтоочихдог юм гэж байхгүй. Дээрээс нь тухайн асуудалтай холбоотойгоор баримттай гомдол манайд ирээгүй.

-Энэ удаагийн сонгуулиар нийтдээ хэчнээн хүн ажиллах вэ?

-Улсын хэмжээнд нийтдээ 25700 гаруй төрийн албан хаагч ажиллахаар байна. Мөн цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагаас тодорхой хүмүүс ажиллана.

-Сайн дурын ажилтнуудыг оролцуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн сонгуулийн бас нэг онцлог бол бид сайн дурын хүмүүс ажилладаг эхлэлийг тавьж байгаа явдал юм. Ингэснээр манайд их сайн эерэг зүйл болж байна. Сайн дурынхан маань голцуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг санал өгөхөд нь туслах байдлаар ажиллана.

-Хяналтын тооллогыг яаж хийх вэ?

-Хяналтын тооллого буюу гар тооллогыг 100 хувь хийнэ. Бүх хэсгийн хороод дээр гараар тоолно гэсэн үг. Ингэхдээ хуульд зааснаар 22:00 цаг гээд хэсгийн хороод хаалгаа барина. Үүний дараа сонгуулийн автоматжуулсан системээр дүнгээ дамжуулна. Дүнгээ дамжуулчихаад нэн даруй гар тооллогыг эхлүүлнэ гэж хуульд заасан байгаа. Харин гараар тоолохдоо СЕХ-ноос баталсан журмыг баримтлан ажиллах учиртай.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [192.82.64.214] 2024-05-20 13:39:40

79 см урттай саналын хуудас гэнэ үү алд цэнхэр хадаг биш дээ ккк

Зочин [202.9.41.1] 2024-05-20 12:59:08

Бүдүүн даргаа зүгээр үү? Яах л гээд дальдчаад байгаа бол доо чи. Яавал ман аа гаргачихуу гээдл толгой чинь олгой болж байгаа биз дээ бүдүүнэээ айнннн. Сонгуулийн дараа тэр жилийнх шиг айхдар юм бол болчих совин татаад нэг л эвгүй мэдрэмж төрөөд л буглаад байгааг та мэдэж байгаа биз. Зөвхөн шудрага бүх порцесс яг үнэнээрээ шулуухан явагдах ёстой шүү бүдүүнкаа ойлгоооооооо!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.