М.Дагва: Зохистой харьцааг хүчтэй ярихгүй бол бүхнийг төрд гэдэг давалгаа явах гээд байна
ШУТИС-ийн багш, QMC компанийн ерөнхий захирал М.Дагватай ярилцав.
-Баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Мөн УИХ-ын дарга хайгуулын лиценз олгоход орон нутгийн саналыг заавал харгалзаж шийдвэр гаргадаг асуудлыг хуульчилна гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ бүгдээс анзаарвал уул уурхайн салбарын бизнесийг төр булааж авах нь гэсэн айдас, эргэлзээ төрөөд эхэлж. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Таны сая онцолсон айдас дотоод болон гадаад орчинд үүсэж байгаа нь үнэн. “Орон нутгийнхан уул уурхайг дэмжихгүй. Төслүүдийг гацаах нь. Хуулийг ашиглаад уул уурхайнхныг шантааж байдал газар авах нь. Ингэснээр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин муудах нь” гэсэн эрсдэл, айдас хүчтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд либералчилсан заалтууд тусгана гэсэн амлалтыг Уул уурхайн сайд хэлж байсан. Гэвч энэ хууль УИХ-д очсонгүй. Ингэхээр уул уурхайн салбарыг либералчлах, хөгжлийг нь дэмжсэн бодлого хэрэгжихгүй нь гэсэн болгоомжлол олон хүнд төрсөн нь ажиглагдаж байна. Өнгөрсөн жил уул уурхайн орлого 12.13 тэрбум болсны 8.9 тэрбум нь нүүрсний орлого байв. Үүний цаана хүчтэй PR явж байна. Таван толгой дахь хулгайг зогсоолоо, төр юмаа мэдээд сайн ажиллаад байвал уул уурхайн орлого сайжрах нь ээ гэдэг мессэж далдуур түгээд эхэлчихсэн. Үүнийг үгүйсгэхэд хэцүү.
Том зургаар нь харвал уул уурхай тойрсон улс төрийн том акцууд ашиглалтад орсон уурхайнуудыг онилоод яваад байна. Уул уурхайн салбарт төр, хувийн хэвшлийн хийсэн аль ч хөрөнгө оруулалт өнгөрсөн 60 орчим жилд хайгуул хийж илрүүлсэн ордууд дээр түшиглэсэн. Тодруулбал, эдгээр ордод бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг нь дэмжсэн хөрөнгө оруулалтыг дотоод, гадаадын хувийн компаниуд хийж, үр өгөөжийг нь улсаараа хүртсээр ирсэн. Гагцхүү одоо ашиглаж байгаа уурхайнуудын нөөц алсдаа дуусах, шавхагдах, зах зээл нь хумигдвал яах вэ гэдгийг бодож, тэр эрсдлүүдийг сөрсөн ажлуудыг тасралтгүй хийж явах ёстой. “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Таван толгой” болон бусад нүүрсний уурхай аль нь ч бай бүгдийг нь төр мэдэлдээ аваад байвал болох юм байна гэсэн ойрын бодлоор явбал урт хугацаанд нөөц бүрдүүлдэг тогтолцоог эвдэх эрсдэл үүснэ. Дараагийн Эрдэнэт, дараагийн Оюу толгойг хайж илрүүлэх, үр ач нартаа ажлын байр, орлогыг нь бэлтгэж үлдээх ажлыг бид хийх үүрэгтэй. Уул уурхайн бизнес санхүүгийн эрсдэлээ үүрч, бүтдэг ажил. Өөрөөр хэлбэл, эрсдэл рүү хийдэг хөрөнгө оруулалтын системийг таслах аюул байна.
-Хайгуулын хөрөнгө оруулалт тасарчихвал Монголын эдийн засаг томрох, тэлэх гэсэн ойлголт үгүй болж энэ янзаараа олон эрсдэлтэй нүүр тулах байх даа?
-Тэгнэ. Олон эрсдэлтэй нүүр тулна. Наад зах нь уул уурхайгаас олох орлого одоогийн байгаа 10, 12 тэрбум төгрөг дээрээ гацна, хатна, борцлогдоно. Бүр муугаар төсөөлбөл энэ хэмжээнээсээ ч уруудаж мэдэх. Тав, зургаан тэрбумын уул уурхай руугаа буцаж очих эрсдэлтэй. Бүр алсын хор хөнөөлийг нь анзаарвал 10 жилийн дараа яах бол гэж харвал орлого хоёр, гуравхан тэрбумаас илүү гардаггүй, 2010 оноос өмнөх тарчиг байдал руугаа буцна гэсэн үг. Хөгжлөө 2050 он хүртэл тодорхойлж, зарлачихсан бидний хувьд одоо ашиглаж буй хэдэн уурхай тойрсон улс төрдөө хэт хөтлөгдөх нь тун харалган шийдвэр болно. Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй.
-10, 20 жилийн дараа уул уурхайн салбартаа түшиглээд эдийн засаг нь хүчирхэгжсэн улс байхын тулд бид цаашид яах ёстой юм бол?
-Эрдэс баялгийн үр шимийг хүртэх бодлого урт хугацаанд огцом савлагаагүй байх нь их чухал. Ахмадуудын зүтгэлээр бидэнд бүтээж өгсөн уул уурхайн өнөөгийн дүр төрхийг харъя. Либерал байж, хөрөнгө оруулагч болон хувийнхан ажлаа чөлөөтэй хийдэг бодлого хэсэг хэрэгжсэн. Тэр бодлогын сайн тал ч саар тал ч бидэнд тодорхой харагдсан. Гэвч сүүлийн жилүүдэд харамсалтай нь “...гадныхан уул уурхайг цөлмөдөг юм байна. Дотоодын олигархиуд уул уурхайн мөнгөөр төрийг зайдагнахыг оролддог юм байна, төрийн уурхайтай болъё гэсэн буруу тал руу савласан савалгаа явж эхэллээ. Яг энэ чигээрээ явбал ойрын 4-5 жилийн хугацаанд бүх уурхайг төрд авъя гэсэн урсгал нь дийлж магадгүй. Гэхдээ удалгүй энэ савалгааны алдаа, согог болохгүй бүхэн нь ил гараад ирнэ л дээ.Тэгээд 2030 оны хавьцаа бүх уурхайгаа хувьчилна гэсэн савлах орчин үүсэх ч юм билүү. Ингээд 10 орчим жилийн мөчлөгтэй савлаад байх нь Баялгийн сангийн орлого бүрдүүлэлтдээ ч муу, улсын төсөвтөө сайнгүй, улс төрийн тогтвортой байдалдаа ч таагүй гэх мэт олон сөрөг нөлөөтэй.
-Төрийн өмчит уул уурхай нь төчнөөн хувь, хувийнх нь тэдэн хувь гэх мэтээр зохистой харьцаа тогтоовол энэ салбар хөгжих, эдийн засаг тэлэх боломж бүрдэх юм биш үү?
-Тийм боломж бий. Гэхдээ одоогоор төрийн өмчит уул уурхайгаас татгалзах уур амьсгал алга. Тэгэхээр төрийн өмчит уул уурхай гэсэн ойлголт оршсоор байх нь ойлгомжтой. Зохистой харьцаатай байх учиртай. Төрийн өмчит болон төрийн оролцоотой уул уурхай нийт уул уурхайнхаа 30,40 хувиас хэтэрдэггүй байх хэрэгтэй. Гэвч одоогийн нөхцөл байдлаар бол төрийн өмчийн уул уурхай давамгайлж байна. 2023 онд уул уурхайгаас олсон 13,14 тэрбум ам.долларын 10 орчим тэрбум нь ямар нэг байдлаар төрийн оролцоотой уул уурхайгаас орж ирсэн байх. Нийт уул уурхайн 20, 30 хувийг дотоодын хувийн компаниуд эзлээсэй гэж боддог. Үлдсэн 30,40 хувьд нь олон улсын том компаниуд үйл ажиллагаа явуулаасай. Ингэж тэнцвэржвэл зүгээр. Монголд хамгийн сайн тохирох жор байж ч мэдэх юм. Магадгүй ийм харьцаагаар 2030 он хүртэл хөгжүүлбэл нөгөө жилийн 20-30 тэрбум ам.долларын орлого бүхий уул уурхайн салбартай болгох зорилт нь хангагдахад ойртоно.
-Ингэж тэнцвэржүүлснээр гарах эхний үр дүн нь юу байх бол?
-Бүх эрсдэлээ үүрч хайгуул хийдэг гадаадын компаниудад эерэг мессэж болж очно. Гадаадын гуравдагч хөршийн уул уурхай орж ирснээр сайн туршлага, эдийн засгийн аюулгүй байдал зэргээр олон өгөөж бидэнд ирнэ.
“Оюу толгой”-н гэрээ бидэнд олон зүйлийг ойлгуулсан. Том алдаа гаргахгүйгээр гэрээ хэлэлцээр хийх чадамж хувийн болон төрийн институцид бий болсон. Товчхондоо, өнгөрсөн рүүгээ харж алдаанаасаа айх биш, алдаагаа засаад урагшилж яваагаа бодитоор үнэлэх хэрэгтэй. Төр, гадаад дотоодын хувийн уул уурхайн зохистой харьцааг одоо л хүчтэй ярьж эхлэхгүй бол бүхнийг төрд гэдэг давалгааг зогсоож дийлэхгүйд хүрэх вий. Бүх уурхай төрийнх болсон цагт Монгол Улсад улсын төсвөөрөө эрсдэл хийж дараагийн орд газруудаа илрүүлэх шаардлага тулгарна. Энэ бол дэлхийн ихэнх улс орны хувьд хүсэх зүйл биш.
-Баялгийн сангийн хуульд хувийн хэвшлийнхэн нэлээд болгоомжтой хандаж байх шиг байна. Үнэхээр анзаарч, эргэлзмээр зүйл, заалт байна уу?
-Монголын ашигт малтмалын салбарын өгөөж өнөө болон ирээдүй үеийнхэнд хүрэх, Монгол Улсыг хөгжүүлэх дэд бүтцийн том тулгамдсан асуудлуудыг шийдэх гэх мэт асуудлын балансыг хадгалсан аятайхан гэмээр хууль болсон гэж харж байгаа. Баялгийн санд байж болох гол хувилбаруудыг зөвшөөрсөн дажгүй хууль. Нэг л эмзэглэл, айдас бий. Энэ нь Баялгийн сандаа мөнгө бүрдүүлэхийн тулд стратегийн ордын тоог дахин нэмчих вий гэсэн болгоомжлол. Стратегийн ордын талаарх 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр заалтын хувьд тогтоол гарах үед байсан ордуудыг стратегийн ордод авахыг онцолсон байдаг юм. Гурав дахь заалт нь тун эвгүй. Үүнээс хойш, ирээдүйд нээгдэх ордуудыг мөн ийм маягаар шийдэж байсугай гэсэн утгатай. Энэ заалтыг бариад, төрийн уул уурхай гэдэг PR-аар ард түмэнд таалагдъя, сонгуульд ялъя, өрсөлдөгчөө намная гэсэн чиглэлд улайраад явчихвал маш эвгүй нөхцөл үүснэ.
-Стратегийн орд гэсэн ойлголт байх ёстой, ёсгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Стратегийн орд гэсэн ойлголт анх гарч байх үедээ ч шүүмжлэл дагуулж байсан. Өнөөдөр олон улсад критикал минерал гэх маш өөр ирээдүй, тэс ондоо зах зээл, өмнө нь төсөөлж яваагүй геополитик бий болчихлоо. Монгол Улс критикал минералын ханган нийлүүлэлтийн шинээр бий болох сүлжээнд идэвхтэй оролцох, критикал минералыг онилсон хөрөнгө оруулалт татах, критикал минералд тулгуурласан аж үйлдвэрийн кластер үүсгэх боломжуудыг тодорхой хэмжээнд боомилж байж мэдэх Стратегийн орд хэмээх энэ ойлголт нэр томъёо түүнд тулгуурлан өдрөөс өдөрт бэхжиж буй тогтолцоог зоригтойгоор ухаалгаар эргэн харах ёстой. Асуудал байгаа гэдгийг хөшигний ард хүлээн зөвшөөрдөг ч үүнийг нийгэмд ил тодоор ярьж, галыг нь өөртөө татах улстөрч, улс төрийн институц гарч ирэхгүй байгаа нь харамсалтай.
-Популизм моодноос гараагүй цагт стратегийн орд гэсэн ойлголт оршсоор байх юм байна даа?
-Шуудхан хэлэхэд тийм. Стратегийн орд гэсэн ойлголтоо борцлох маягтай болгож 10 гаруй жил явсаар ирсэн ч буцаад сэдэрч эхэллээ. Эцэст нь онцлоход критикал минералын геополитик дээр Монгол Улсыг зөв байршуулах, Монголын уул уурхайг хутганы ирэн дээр дэнжигнүүлэх биш хөгжлийн замд нь оруулж 20, 30 тэрбум ам. долларын эдийн засаг болгоход анхаарах учиртай. Гэвч өнөөдөр гаргаж буй шийдвэрүүд энэ бүх зорилготой уялдахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл