Хаврын өглөө...
Сумын төвийн хавар урин бөгөөд сонин. Далаад оны дундуур зурагт дэлгэрээгүй байсан тул радио хүлээн авагч айл бүрээс хангинан “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэсэн хүүхдийн дуу цовоо цолгин хангинах нь элбэг. Байсхийгээд л шороо шуурах ч цаагуураа урин салхи хонхорт тогтсон цасны усан тойромд жижиг давлагаа үүсгэн чийг ханх татуулна.
Иржигнэсэн жижиг давлагаа хойно хойноосоо хөөцөлдөн ирж эрэг хөвөө хавьцаагаа элдэв зомгол цаас зэргийг гаргаж хаялахын хамт банз хөрөөдөн хийсэн жижиг далбаат онгоцон тоглоомыг далбилзуулан хөдөлгөнө. Түүнийг жаалууд тоглож байгаад л орхисон бололтой. Нуурнаас хайлсан цас, усанд дэвтэж хөөн памбайсан ширэг ногооны үндэсний үнэрийг униар мэт суунаглуулан ханхлуулна. Өглөө нарны туяа тооноор эртлэн тусч бас сумын төвийн хэдэн дан байшингийн цонх алтан шаргал өнгөөр асан дүрэлзэж захиргаа,сургуулийн давхар байрны цагаан хана ногоон дээвэр нь сүрлэг ханхайн цаанаа л суурин газрын дүр төрхийг харуулна. Үхэртэй айлуудын ганц нэг үнээ хээл нь томорч хэзээ мөдгүй тугаллах дөхөж шинэ төлийн халуун чихийг нь мэнд атгаж авахын тулд хөөрхөн ажил өглөө бүр ундарна. “Даваадорж гуайгаа дууд, үнээгээ үзүүлье” гэсэн яриа гарч хэн нэгэн хүүхэд чавхны чулуу шиг нисэн одож тун удалгүй нөгөө үзмэрч нь залагдан ирнэ.
Нарийхан урт тамхи тамхины хэмээх нимгэхэн хөхөлбөр туяатай цагаан цаасанд ороон зууж хажуудах хүүхдэд “ороод шүдэнз аваад ир” гэж зандран үнээний бөгсийг анхааралтай барилан үзэх нь яг л хугархай мөч эвлүүлэн барих бариач, тэгэхдээ бүүр хэдэн үе дамжсан алдар цуу нь цуурайтсан маарамба мэт ихэмсэг.
“Өнөөдөр дагаад яв, хүнхрээ нь сэтэрчихсэн байна, үдээс хэтрэхгүй” хэмээн өөртөө тун ч итгэлтэйгээр хэлэн аман дахь тамхиа асаан гэр лүү орж хэдэн үг солихоор яарна. Яагаад гэвэл өглөө наймаас ажилдаа явах тул ийнхүү самбаачлан ойрд уулзаагүй найзтайгаа хов базах гэсэн нь тэр билээ. Сумын худалдагч хүнд ярих юм мундахгүй их байгаа. Хүүхдүүдийн түрүүч сургуульдаа явж, тоонон дээгүүр лам шувуу хосоороо “бааг” “бааг” хэмээн нөгөө тогтоол усны зүг шуурхай нисэн өнгөрч энд тэнд трактор асаах гэж туслах моторын дуу цуурай хадуулан тачигнаж амьдрал эхэлнэ.
Ж.САНДАГДОРЖ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.105] 2024-06-02 04:43:26
Хачин муухай санаа бодолтой хүмүүс олширсонд үнэн ой гутах юм. Зун цаг ирж байхад АРАГШ НЬ УХААН ХАВРЫН ӨГЛӨӨ ГАРЧИГ ӨГӨХ НЬ ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ САНАА БОДОЛД НЭГ ЦЭГ ТА ЛАЛ ТАВИХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГААН БОЛ ЗУН ЦАГ САЙХАН ЦАГ ИРЖ БУЙГ ГЭГААЛГЭЭР САЙХАН ААР ХҮРГЭХ СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ ИЙМ ХҮМҮҮС БАЙГААГАА НЬ ҮНЭХЭЭР ВИМПИРУУД ӨСӨН ӨНДИЙЖ ӨЛБӨЛЗӨН ГАНХАЖ НИгмийр БОХИРЛОЖ ӨӨРСДӨӨ ХООЛОО ОЛЖ ИДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД АНХААРАЛТАЙ БОЛГООМЖТОЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЦОГТОЙ ЗОЛБООТОЙ ХИЙМОРЬТОЙ УРШЛАХЫГ ЗОХ ОЛОН, ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ЗАХИХ МИНЬ. ВАНПИРУУДАД ХООЛ БОЛОХГҮЙ БАЙХ НЬ НЭН ЧУХАЛ.