Хүүхдийн баярын хөтөч

Aдмин / Нүүр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.

Энэ өдөр бяцхан үрсээ хэрхэн баярлуулахаа ярилцаж байгаа биз. Маргааш нийслэлийн дүүрэг бүр Эх, үрсийн баярыг тодорхой хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ. Маргааш зохион байгуулагдах зарим өдөрлөг, тоглолтын мэдээллийг хүргэе.

Сүхбаатарын талбай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын өдөрлөгийг энэ жил “Дэлхийн монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ үеэр Сүхбаатарын талбайд олон төрлийн тэмцээн уралдаан, үзэсгэлэн, тоглолт 08:00-20:00 цагийн хооронд болно.

Монголын хүүхдийн ордон

Монголын хүүхдийн ордон 08:00-17:00 цагийн хооронд урд талбайдаа 400 метр авто замыг хааж, хүүхэд багачууддаа зориулсан, авто машингүй баярын гудамж болгоно. Энэ хүрээнд сурагчдын урлагийн тоглолт болон алиалагч хүүхдүүд, аниме дүрүүд, хүүхэлдэйн баатруудаас бүрдсэн парад болно.

Ид шидийн орон

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн утга учрыг таниулах зорилготой олон сонирхолтой өртөө, хөтөлбөрийг бэлджээ. “Чихрийн үнэтэй дурсамж” нэртэй хөтөлбөрөөр зоосоо цуглуулаад, өртөөгөөр аялаад энэ өдөр хамтдаа гайхалтай дурсамжийг бүтээхийг уриаллаа. Ид шидийн оронд 12 өртөө ажиллана. Тэдгээрт тайзны хөтөлбөр, загварын шоу, Ид шидийн орон төвүүдийн тайлан тоглолт, Open mic гээд зэрэг сонирхолтой хөтөлбөр багтжээ

Хүннү молл

Хүүхэд багачууд та бүхэн маргааш Палентологийн хүрээлэнгийн сонирхолтой ертөнцөөр үнэ төлбөргүй аялах боломжтой. Эндээс Юрийн галаваар аялж аварга биет үлэг гүрвэлүүдийг харж болно. Мөн өнөөдөр, маргааш хүүхдийн бүжгэн жүжиг, галт тэрэг, хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулахаас гадна мэргэжлийн шүдний эмчээс зөвлөгөө авах боломж олгох аж.

Монгол Улсын хүүхэлдэйн театр

Улсын Хүүхэлдэйн театр, Авилгатай тэмцэх газартай хамтран Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол “Хаалган хадны нууц” хүүхэлдэйн жүжгийг маргааш, нөгөөдөр 11:00 цагт толилуулна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн

Хүүхдийн баярыг угтан паркт их тайзны долоо хоног эхэлжээ. Зургадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус эвентийн үеэр циркийн үзүүлбэр, хүүхэлдэйн жүжиг, хамтлаг, дуучдын тоглолт, хөгжөөнт тоглоомоор тоглоно. Мөн гэнэтийн бэлгийн эзэн ч болох боломжтой аж.

Зайсан хилл

Хүүхэд бүр өөрийн гараар “Dinos Art Zone”-д комикоо будаад “Зайсан Хилл”-ийн анхны комик номыг бэлгэнд авч Диногийн ертөнцөөр аялаарай. Мөн хүүхдийн баяраар энтертаймент хөтөлбөртэй.

Түүнчлэн өмнө харж байгаагүй гайхамшигт илбийн үзүүлбэрүүдийг олон улсын шилдэг илбэчид хүүхэд багачууддаа толилуулах юм байна. Тоглолтод БНСУ, Япон, Монголын илбэчид шилдэг, шинэ илбүүдээ үзүүлнэ.

Хүй долоон худаг

“Монгол наадам цогцолбор”-ын хамт олон “Монгол хүү 2024” хүүхдийн баярын үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын тоглолт болох юм. “Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

Төв цэнгэлдэх хүрээлэн

Хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг дэмжин хөгжүүлэх, зорилготой “Kids Art Festival”-ийг зохион байгуулахаар болжээ. Уг фестивальд оролцсоноор та бүхэн хүүхэдтэйгээ хамт зурж, будаж, хайчилж, урлах боломжтойгоос гадна урлагийн боловсрол олгох төрөл бүрийн байгууллагуудтай танилцах боломжтой. Мөн хотын хамгийн том зургийн хичээл, дүрслэх урлагийн хэсгүүдэд оролцон, гэр бүлээрээ хөгжилдөн амрах энэхүү цогц хөтөлбөртэй урлагийн өдөрлөгт нэгдэхийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олон урилаа.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-06-03 07:56:34

Баярлалаа. Сайхан арга хэмжээ зохион байгуулжээ.

Зочин [203.91.115.48] 2024-06-01 19:21:21

Huuhed buriig uu dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.