Цоодолын Мягмарсүрэн: Эр хүн айл гэрийн алтан багана, эх хүн гэр бүлийн мөнгөн багана
Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням агсны гэргий, Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Ама Бямбадоржийн ээж Цоодолын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.
-Таны аав, ээж аль нутгийн хүмүүс билээ?
-Миний аав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Даваагийн Цоодол гэж хүн.Айлын таван хүүхдийн отгон нь. Аав, ээж нь ойрхон өнгөрөөд таван өнчин хүүхэд үлдэж, эгч нь байсан юм билээ. Аав маань тээврийн жолооч байсан. Бокс тоглодог, нэгдүгээр зэрэгтэй тамирчин байсан юм билээ. Өвчний улмаас спортоо орхисон байдаг. Эрүүлийг хамгаалах яамны сайд Тувааны үед аж ахуйг эрхэлж байж. Намайг гурван настай байхад миний төрсөн өдрийг Туваан сайд тэмдэглэх болж. Би их хөлсдөг хүүхэд байсан учраас төрсөн өдрийн баярыг тэмдэглэж чадаагүй гэж аав ээж хоёр минь ярьдаг байсан. Миний ээж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан эм зүйч, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Чулууны Анхүү гэж хүн байлаа. Нутаг усандаа сайхан хүүхэн хэмээн шагшигддаг хүн байсан юм билээ. Улаанбаатар хотын депутатаар олонтаа сонгогдож байсан. Сүүлд Хотын Аптекуудыг удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ээж маань дээд удамдаа язгууртан гаралтай улс юм байж.
-Ээж нь мөн сайхан хүн байж дээ. Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Би айлын ууган охин. Олон насны зөрүүтэй хоёр дүүтэй. Есөн нас хүртлээ ээж, аав хоёртоо эрхэлчихсэн хүн дээ. Аав, ээж хоёр маань бидэнд олон сайхан чанар өвлүүлж үлдээсэн. Бидний оюун бодол, үгийн санд “Атаархал” гэдэг үг огт байдаггүй. “Хүнд ерөөсөө атаархаж болохгүй. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй хүн хүнд атаархдаг юм. Тийм учраас хүнд талархаж явж бай” гэж сургаал хэлдэг байлаа, аав ээж минь. Тиймээс бидэнд атаархал гэдэг ойлголт сууж өгөөгүй. Миний хүүхдүүд ч энэ хүмүүжлээр өсөж торнисон.
-Шижир алт шиг мөн ч сайхан чанар юм даа. Хүнд бас авьяасын атаархал гэж нэг юм байх уу, үгүй юу?
-Чихэн дэх ээмэг, гар дахь бөгжийг нь харна гэдэг чинь атаархуу хүний л шинж юм шиг байна лээ ш дээ. Бидэнд ийм чанарыг манай ээж. аав хүүхэд байхаас суулгаж өгсөн. Тийм юм ёстой байх ёсгүй. Атаархал гэдэг юм ерөөс байж болохгүй. Авьяастай хүнд атаархах биш талархах хэрэгтэй.
-Таны ханийг монгол түмэн улсын заан Рэгжийбуугийн Давааням гэж сайн танина. Ханийнхаа тухай сайхан дурсамжаас хуваалцаач!
-Миний хань Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан, цагдаагийн хурандаа Рэгжийбуугийн Давааням гэж хүн байлаа. Бид анх 1976 онд оюутан ахуй насандаа танилцаж байсан. Хань маань Говь-Алтайн Анагаахын дунд сургууль төгссөн эх барих эмч хүн. Анагаахын дундаа онц төгсөөд Анагаахын дээд сургуульд урилгаар ирсэн юм билээ. Анагаахын дээддээ орох гээд явж байхад нь Монгол Бөхийн холбооны дэд тэргүүн байсан, Соёлын яамны сайд асан н.Даваасамбуу тааралдаад “Би чамайг бөх сонирхдог, бөхөд хайртай хүнтэй танилцуулъя” гээд МУИС-ийн Эдийн засгийн факультетийн н.Намжаа декантай уулзуултал сургуульдаа элсүүлж авсан юм билээ. Давааням тухайн үед аймгийн арслан цолтой бөх. Бид хоёр нэг факультетэд суралцаж байхдаа танилцаж байж дээ. Сургууль төгсөөд ууган хүүгээ төрүүлж, гэр барьж тусдаа гарсан даа, бид.
-Хаана гэр барьж туурга тусгаарлав?
-Дэнжийн мянгад манай аавын хашаанд тусдаа гарч байсан. Одоогийнхоор бол хурим юм, бидний үеийнхээр бол гэрийн цайллага хийж байж дээ. Манай өвгөн чинь аав ээжээсээ арвуулаа. Дээрээ нэг эгч, хоёр ахтай, айлын гурав дахь хүү. Ууган ах нь Чойдорж гэж Эх нялхсын эрүүл мэндийн эмнэлэгт рентгений мундаг эмч байсан. Р.Нямдорж ах маань МУИС-ийн физикийн факультетийг онц төгсөөд, сүүлд кринималстикийн чиглэлээр суралцаж төгссөн хуулийн чиглэлийн хүн шүү дээ. Дүү нар нь Р.Дашдорж, Р.Даваацэрэн, бурхан болооч эмэгтэй дүү нь, Р.Баярмаа нар байна. Бага дүү нь Р.Бурмаа гээд ёстой нэг толгойтой, арван жилийн сургуулийг алтан медальтай онц төгссөн охин байлаа. Ростовт Улс төр, эдийн засгийн сургуулийг улаан дипломтой төгсөж ирсэн. Отгон дүү нь Р.Отгонжаргал гээд ЦЕГ-ын бригадын генерал цолтой хүн байна. Манай өвгөний талынхан бүгд оюуны өндөр чадвартай хүмүүс байдаг. Аав Рэгжийбуу нь их мундаг хүн байсан юм билээ. Манай хадам ээж Янжмаа олон хүүхэд өсгөсөн, амьдралыг зөв чиглүүлдэг, хоол унд сайтай хатуу ч гэмээр чанга зарчимтай хүн байв. Нутгийн зон олон нь хадмынхаар их ирнэ. Манайх нэг хашаанд хэдэн жил айл байхдаа ээжээсээ маш их зүйл сурсан. Тухайн үедээ ажил сурч байгаагаа мэдээгүй ч өөрөө үр хүүхдүүд, ач зээтэй болоод ирэхээрээ “Хөөх, ээж нээрээ ингэдэг байсан ш дээ” гэж толгойд буудаг юм билээ. Амьдралын алсын ухаан гэж аугаа хүн байж дээ. Эр хүн бол айл гэрийг аваад явчих алсын ухаантай байдаг бол амьдралыг авч явах нарийн ухаан эмэгтэй хүнд л байдаг гэж би боддог. Ер нь би хоёр ээжээрээ маш их бахархаж, буянтай хоёроосоо одоо хүртэл суралцсаар л явна даа.
-Хайртай ханиа цаг бусаар алдахын хагацал гунигийг юутай ч зүйрлэхэд хэцүү еэ?
-Сайхан ханиа дурсах бүр сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нь тунарч үзэгддэг юм. 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны тэр нэг бараан өдөр үр хүүхэд бидэнд гунигтай дурсамж үлдэж, хань минь тэнгэрт дэвшсэн дээ. Миний хань улсын заан цолтой бөхөөс гадна шүлэг бичдэг найрагч хүн байсан. Өвгөн минь шүлэгтээ “Итгэл алдахыг үхсэнд тооц” гэж бичсэн байдаг. Энэ үг бол манай гэр бүлийн философи болсон. Тиймээс сайн ханийнхаа үгээр жигүүр хийж, амьдралын гуниг гутрал бүхнийг даван туулж явна даа.
-Та бол Монголдоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан сайхан үрсийн ээж. Эх үрсийн баяр болохоор хүүхдүүдийнхээ сайн сайхныг бахдан бодох нь эх хүний жаргал байж таараа даа?
-Монгол гэрээр зүйрлэн бодоход эр хүн айл гэрийн алтан багана, эх хүн өрх бүлийн мөнгөн багана гэж би боддог.
-Та ч бараг яруу найраг шиг янзтай сайхан зүйрлэн хэлж байх шив?
-Ерөнхийдөө л ийм юм. Миний өөрийн л бодол. Тиймээс би тэр мөнгөн баганыг гулзайлгах ёсгүй. Монголын маань бүх эмэгтэйчүүд ийм бодолтой яваад итгэж байна. Миний нэг жаахан харамсаад байгаа нэг зүйл бий.
-Юунд харамсаж байна, та?
-Сүүлийн үед монгол сайхан ахуй маань устаад байгаад. Айлд ороход “Цай уух уу, ус уух уу” гэж асууна. Ам нь цангасан хүн бол “Ус уучихъя” гэдэг. Монгол ёсонд хэзээ ч хүнд хар ус өгдөггүй шүү дээ. Манай ээжийн тал ч, аавын тал ч хар өнгийг цээрлэдэг. Бүр нэрийг нь хүртэл цээрлэж “бүгээн” гэдэг шүү дээ. Хар цай байлаа гэхэд “бор цай, жимбүүр” гэж ерөөсөө хар гэдэг үг оруулахгүй ярина.
-Мөн ч сайхан амны бэлгэшээл шүү?
-Энэ бол гайхамшигт монгол ухаан яваад байгаа юм. Өнөө цагт хүний, өөрийнгүй л сэнжтэй аяганд ус хийгээд өгч байна. Цай аягалахдаа нар зөв эргүүлэгтэй цайгаа аягалаад өгөхөд ирсэн зочдын үйлс бүтэж явах нь байна шүү дээ. Өнөө цагт суурин соёлд орсон ч сүүтэй цайгаа чанаж айлчин гийчнээ зочилно гэдэг нүүдлийн ахуй байхгүй ч гэсэн монгол эмэгтэй хүний мартаж болохгүй ардын соёл уламжлал гэж би боддог. Энэ сайхан ёсыг ээжээсээ би өвлөсөн. Үр хүүхдүүд минь ч үүнийг өвлөөсэй гэж боддог. Ээж аав маань биднийг зүйр цэцэн үгээр сургаж хүмүүжүүлсэн. Би хүүхдүүдээ бага байхад “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Эвтэй байгаарай. Эвт шаазгай буга барина” гэх жишээний хэлдэг байлаа. Энэ үгс маань хүүхдүүдийн маань чихэнд хоногшиж үлдсэн байх аа.
-Тэгнэ дээ…
-Орчин цагт ач нартаа хэлэх гэхээр ойлгохгүй юм.
-Амьдрал ахуй өөрчлөгдчихөөр арга ч үгүй юм байх аа даа?
-Орчин яах аргагүй өөрчлөгдчихөж. Ач нартаа уг нь ярьж л байгаа юм. Өнөө үед тэгш эрх гэж их ярих юм.Хог хаяхад тэгш эрх хэрэггүй шүү дээ. Монголчууд эр хүнээр хэзээ ч хог хаяулдаггүй. Заримдаа би орцонд хог хаяад явж байгаа эр хүнийг хараад жаахан эмзэглэдэг. Би хөвүүдээрээ, ач нараараа хог хаяулдаггүй.
-Таны орчин чинь монгол бөхийн ертөнц шүү дээ?
-Бөхийн орчин, миний өссөн орчин ч эр хүнийг хүндэлдэг байсан. Би тийм л халуун хайр халгисан гэр бүлд өссөн болохоор эр хүнийг хэзээд хүндэлнэ.Инээмсэглэхийн ид шид хэчнээн сайхан гэж бодно оо. Монгол ахуй соёл дутагдаж буй өнөө үед монгол хүн, монгол айл монголоороо л байгаасай гэж хүсдэг. Гэр бүл сайхан хүмүүжилтэй байхад нийгэм бухимдахгүй. Аливаа нэг бухимдал байлаа гэхэд хүн гэртээ орохдоо гүнзгий гурав сайхан амьсгалаад инээгээд орох ёстой. Би үүнийг өвгөндөө ч хэлдэг байсан. Айл бүхэн ийм сайхан уур амьсгалтай байвал нийгэм сайхан болно. Нийгэм гэдэг чинь бид өөрсдөө шүү дээ.
-Танай хөвгүүд бүгд удам дамжсан бөх болсон доо?
-Хүүхдүүдийн тухай асууж байна. Би ярилцлага өгөх энэ тэр дээр их хол байдаг. Өөрөө нэгэнт зориод ирсэн болохоор ярья. Давааням бид хоёр хүүхдүүдээ хүний зэрэгтэй зөв хүн болгоод өсгөчих юмсан гэж бодож явсан. Манай хүүхдүүд зөв явж л байна даа. Гэхдээ замын хүзүү урт, хийх юм маш их шүү дээ. Бөхчүүдийн гэрийн уур амьсгал дандаа бөхөөр амьсгалж, бөхийн мэх барилдаан ярьдаг нь хүүхдүүдэд нөлөөлж, ихэнх нь л бөх барилддаг, цолтой бөхчүүд ч олон төрөн гарсан. Бөхийн орчинд бөхийн барилдаан, мэх л ярина. Тэд маань багаасаа л аавыгаа дуурайж бөх болцгоосон. Гэрт хэн орж ирнэв бөхчүүд орж ирнэ. Орж ирээд дандаа бөхийн мэх ярина. Барилдаж ирээд бөхөө л ярина. Эрэгтэй хүүхдүүдийн өсвөр насанд энэ их нөлөөлсөн байх. Ийм л орчинд өссөн учраас манай хүүхдүүд өөрсдийн сонирхол авьяасаар барилдсан. Ууган хүү Д.Баасандорж маань Булган аймгийн начин цолтой, чөлөөт, жүдогоор ДИФ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэн. Удаахь хүү Д.Лхагвадорж улсын начин цолтон. Отгон хүү Бямбадорж Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болсон. Бөхийн удам яривал аавынхаа талаас мэдээж удамшсан байж таарна. Анх жүдогийн сургуульд шалгуулах гээд Японоос ирсэн багш нар дээр очтол сумогийнхон байсан юм гэсэн. Би анхандаа хүүгээ сумод явуулах дургүй байсан шүү. (Инээв. Л.Б) Монголчууд бөхийн удмыг ээж талаасаа, нагац талаасаа түлхүү гаралтай байдаг гэж ярилцдаг.
-Таны талд тэгэхээр бөхийн удам байна гэсэн үг үү?
-Хөвгүүдийн маань аав бөх хүн болохоор би юу ярихав. Миний хувьд ээжийн талаасаа ч бөх удамтай. Миний хөгшин аав Ү.Чулуун бол сумын заан цолтой хүн. Миний нагац ах Ч.Нямдорж гэж Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд байсан хүн сумын заан цолтой хүн байсан.Үеэл ах Ламжавын Мягмарсүрэн найрагчийн дүү Жаргалсайхан чөлөөт бөхөөр барилддаг, спортын мастер хүн ЦЕГ-т ажиллаж байгаад одоо АНУ-д амьдарч байна.
-Таны энэ сайхан нуруу биеийг харж байхад одоогийнх шиг самбо, жүдо, чөлөөт гээд бөхийн эмэгтэй төрөл байсан бол барилдах л байж дээ?
-Барилдах байсан байх аа. (Элгээ хөштөл инээв. Бодвол их гэнэн асуулт байв бололтой. Л.Б) Ер нь бол дээр үед тийм юм байгаагүй. Одоо тэгээд яахав. Манайх ээжийн талаасаа ийм бол аавын талаас ч бас бөхийн удамтай.Аав, ээж хоёр талаасаа удамтай. Тэгэхээр хөвгүүд маань бөх болдог юм болов уу даа.
-Та одоо юу хийж байна даа?
-Хүүхдүүдийнхээ ерөнхий зөвлөх.
-Ямар мэргэжилтэй хүн билээ, та?
-Эдийн засагч мэргэжилтэй хүн дээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.86.144] 2024-06-05 07:54:53
Сайхан гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал хүсье.
зочин [202.21.117.58] 2024-06-04 07:54:04
Сайхан эерэг энергитэй ярилцлага байна ийм мэдээ мэдээлэл ярилцлагууд их нийтлэгдэж байгаасай сайн сайхан эрүүл энхийг хүсье
Дашка-29 [66.181.161.209] 2024-06-03 22:03:52
САЙХАН БӨХИЙН УДАМ ГЭЖ ГОЁ ҮГ ЭР ХҮН АЙЛ ГЭРИЙН АЛТАН БАГАНА,ЭМЭГТЭЙ ХҮН ГЭР БҮЛИЙН МӨНГӨН БАГАНА ГЭЭД Ц.МЯГМАРСҮРЭН ГУАЙ ТАНД БАЯРЛАЛАА,ГЯЛАЙЛАА,БАЯРЛАЛАА ТАНЫ ТОМ ХҮҮГ БИ САЙН ТАНИНА ТАНД ЭРҮҮЛ ЭНХ, УРТ НАСЛАН, УДААН ЖАРГАХЫГ ЕРӨӨЕ.
Жамбал [202.9.40.44] 2024-06-03 16:44:28
Сайхааан сайхан. 10 р ангиа Нямдорж, Ходрой гээд физикийн багшийн анги би Аацан гээд химийн багшийн ангиийг Алтай хотод 1972 онд төгсцгөөж байлаа. Нямкаа ч арагагүй л физикийн талдаа гавал нь байсан даа. Тэр үед Давааням агсан том биетэй жаахан бор хүү гүйж байсан сан. Улаан хуаран 500 гээд автобус баазад шугаманд явж байхад Давааням тай байнга л таардаг нэхх том цүнх үүрцэн бэлтгэлдээ явж бн ах гээл урд хаалгаар ороод ирдэг их өөриймсөг сайхан хүү байсан даа Даанч наслаж чадаагүй нь тун харамсалтай муу дүү минь.Нямкаа маань бөхийн холбооны тэргүүнээр олон жил ажлласан даа найз минь. Нэг уулзахымсан даа
Зочин [66.181.185.121] 2024-06-03 16:16:01
бөхийн өргөөнд шунаж хэдэн хэрээнүүд л хорлосон
Л БАЯРДАЛАЙ [66.181.183.17] 2024-06-03 15:51:18
МАШ САЙХАН ЯРИЛЦЛАГА ЮМАА. ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ НЭВТ ШИНГЭСЭН ЯРИЛЦЛАГА ХАРАХ БҮРД ӨӨРИЙН ЗАМ МӨРИЙГ БОДОЖ, БУСДАД САЙН САЙХНЫГ ХҮСЭХ СЭТГЭЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРӨХ ЮМ