Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг

Aдмин / Улстөр

Монгол төрийн сонгууль болох өдөр ойртсоор байна. Ердөө 20 гаруйхан хоногийн дараа бүгдээрээ саналаа өгнө. Энэ бол монголчуудын хувьд анхны сонгууль биш. Бид социализмд ч тэр, ардчилсан нийгэмд ч тэр сонгуулиа өгч ирсэн ард түмэн. Төр байгаа цагт сонгууль байж л таарна. Мэдээж социализмын үеийн сонгуулийн зорилго, үйл ажиллагаа нь ардчилсан нийгмийнхээс тэнгэр газар шиг ялгаатай. Тэр үед сонгуулиа яаж хийдэг байсан бэ гэхээр нэг тойрогт ганцхан хүнийг нэр дэвшүүлдэг байв. “Ардын Их Хурлын сонгуулийн энэ тойрогт нөхөр Доржийг дэвшүүлж байна. Сонгогчид бүгдээрээ заавал түүнд санал өгөх үүрэгтэй. Хэрэв сонгуульд санал өгөөгүй хүн байвал түүний ажил, албан тушаалтай нь хариуцлага тооцно” гэсэн даалгаврыг сонгогчид үг дуугүй биелүүлдэг байлаа. Нэг ёсондоо сонголтгүй сонгууль явуулдаг байсан гэсэн үг. Улс төрийн жүжиг бүхий ийм гажууд үзэгдэл социалист орнуудад хэдийнэ тогтсон байв. Захиргаадлын үеийн сонгуулийн тогтолцоо шүү дээ. Иргэд одоогийнх шиг олон нэр дэвшигчдийг харьцуулж сонголт хийх ямар ч боломжгүй.

“Нам ба нам бусчуулын эвслээс нэр дэвшүүлсэн тэрийг сонгогтун” гэсэн уриа лоозон бүхий А-4 хэмжээтэй хэвлэмэл гялгар фото цаас айл болгонд тараадаг байсан даа. Энэ зурагт цаас хаалгаар орж ирэхэд л “Аан, ийм хүн манайд нэр дэвшиж байгаа юм байна шүү” гэж хүмүүс хоорондоо ярьцгааж эхэлдэг байв. Монголчууд эртнээс “араваараа барьж, алагаараа харна” гэдэг сонин зантай улс. Аливаа зүйлийг нүдээрээ харж, гараараа барьж үзэж байж л итгэдэг. Тийм болохоор нэр дэвшигчийн сурталчилгааны зурагт хуудас авсан цагтаа сонгуулийн талаарх ойлголт нь илүү итгэл дүүрэн болдог гэх үү дээ.

Уг нь палкат тараагдахаас өмнө нэр дэвшигчид олныг хамруулсан уулзалт хийдэг л байсан. Одоогийнх шиг малчин болгон дээр очиж, “Надад санал өгөөрэй” гэж гуйх шаардлагагүй. Голдуу хот суурин газар том, том зааланд уулзалт хийнэ. Тэгсэн хэрнээ тэр үйл ажиллагааны итгэл үнэмшил нь тараагддаг хэвлэмэл хуудсыг гүйцэхгүй.

Ардчилал ялснаас хойш сонгуулийн тогтолцоо эрүүл, либерал болсон. Бодлогоороо өрсөлдөх олон нам, эвсэл, нэр дэвшигчдээс чөлөөтэй сонголтоо хийх боломж нээгдэв. Ардчилсан сонгуульд тогтсон нэг шинэ соёл бол нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл сонин хэвлэлд нийтлэгддэг болсон явдал. Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин гэрт орж ирэхэд л ард түмэн итгэж эхэлдэг юм. Сонинд нийтлэгдсэн мөрийн хөтөлбөр, бодлого шийдлийг нь хараад “Манай тойрогт ийм хүн нэр дэвшиж байгаа юм байна шүү.

Танай тойрогт хэн, хэн байна” гээд л ахан дүүс, айл сахалт, найз нөхдөөрөө хоорондоо ярьцгааж байх маягтай. Цаашлаад “Эрх баригч намын энэ нөхөр ийм бодлого дэвшүүлж байгаа юм байна. Сөрөг хүчин гарч ирвэл ийм шинэчлэл хийх юм байна. Бие даагч ийм амлалт өгсөн байна” гэдэг. Эндээс хэн ямар бодлого дэвшүүлэв, улс орныг хөгжүүлэх, бидний амьдралд нэмэр болох ямар ажлууд хийх юм гэхчлэн сонголтоо хийхэд нь итгэл үнэмшил болдог.

Сонины сурталчилгаан дотроо бас нэг тогтсон итгэл үнэмшил байдаг. Тэгвэл энэ дундаас “Өдрийн сонин” дээр нэр, зурагтайгаа орж ирсэн нэр дэвшигчид ард түмэн илүү их итгэдэг. Сонгууль албан ёсоор эхэллээ гэж үнэмшдэг. Ийм соёл ардчилсан чөлөөт сонгуулийн системд хэдийнэ нутагшжээ.

Яагаад заавал “Өдрийн сонин” дээр гэж үү. Монголд сүүлийн 30 жилд хариуцлагатай яс тас ажилладаг институци болж төлөвшсөн байгууллага ховор. Үргэлж удирдлагууд нь солигддог, нэрээ өөрчилдөг, үзэл бодол, үйл ажиллагааны чиглэл хувирч байдаг.

Мөн татан буугдаж, аль эсвэл анх байгуулагдаж байсан үзэл баримтлал нь 100 хувь эргэцэн байдаг. Ганцхан “Өдрийн сонин” л анх байгуулагдсан яг чигээрээ институци хэвээр үлдсэн юм. “Өдрийн сонин”-ны хамгийн том давуу тал бол мөнхийн сөрөг хүчин байсаар ирсэн. Улс төр дээр ч, амьдрал дээр ч тэр. Хэний эрх ашиг хаана зөрчигдөнө, түүнийг хамгаалахын тулд тэнд явж байдаг школтой бид. Тогтсон бат, бөх редакцитай институци хэвээрээ үлдсэн “Өдрийн сонин”-ы талаар таагүй үг ард түмний амнаас унадаггүй.

Бүгд элэгтэй, бас хүндэтгэдэг. Зөвхөн үнэнийг бичдэг болохоор үнэ цэнэтэйгээр оршин тогтнож чадаж байна. Яагаад гэвэл манай сонины удирдлагуудаас албан тушаал, авлигын хэрэгт холбогдож байсан удаагүй. Түүхэндээ шүү. Элдвийн урвасан няцсан зан байхгүй. Эрх нь зөрчигдсөн хүн байвал ямар ч нам, дарга, иргэн байсан ч хамаагүй буруутны нэрийг зарлаж байгаад л өмөөрдөг. Бурууд ташуур өгч, зөвийг дэмждэг, хүний эрхийн мэдрэмжтэй цорын ганц хэвлэл Монголд зөвхөн “Өдрийн сонин” л байна гэдгийг олон улсын болон судалгааны байгууллагууд үргэлж жишээ болгон ярьдаг. Ард түмний хүндэтгэж уншдаг төв хэвлэл нь “Өдрийн сонин” гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь “Өдрийн сонин”-д хэн ч дургүй биш. Иймд нэр дэвшигчид та бүхэн манай сониноор материалаа тараавал итгэл үнэмшил нэр хүндийн том баталгаа болно доо.

Орчин цагт нэр дэвшигчид мөнгөлөг чинээлэг болсны зовлон гялтгар, гоёмсог сэтгүүлүүд их гаргадаг болжээ. Нэг нэгэндээ зиндаархаж, зардлаа өсгөж өрсөлддөг сэтгүүлээр нь ядахдаа гал түлж болохгүй юм гээд уурлаад байх юм аа улсууд. Хэн их мөнгө зарж гоё сэтгүүл хийнэв тэр тусмаа хог болох, хүмүүсийн дургүй хүргэх бас тээр тойв болох нь их байна. Бараг тоосог шиг зузаан шохойтой цаастай, чулуу шиг хүнд сэтгүүл гар дээрээ тавиад уншина гээд бод доо. Хэцүү байх нь мэдээж юм.

Сонин бол хэдэн зууны түүхтэй соёл. Монголд гэхэд 111 жилийн өмнө анхны сонин уншигчдын гар дээр очиж байв. Харин Европт сонин үүссэн он тооллыг 1600 оноор бүртгэсэн байдаг. Сонингийн цаас зөөлөн байдаг учраас юу л бол юу хийж ирсэн. Эд зүйлээ бооно, галаа түлнэ, дамжуулаад уншчихна.

Сүүлд цэцгийн баглааны тансаг боолт хийж байна. Бүтээлч хүмүүс сонингийн цаасаар сагс, тавиур хүртэл урлаж байна. Энэ мэтчилэн сонинг ямар ч байдлаар дахин ашиглах боломжтой. Сонингоор дамжуулж сурталчилгаагаа хийх нь хамгийн зөв шийдэл. Дахин хэлэхэд, нэр дэвшигчдийн нэр, зураг сонин дээр зарлагдаад орж ирэхэд л ард түмэн сонгууль албан ёсоор эхэлсэн гэдэгт үнэмшиж, итгэдэг соёл тогтоод удаж байна. Үүнийг анзаарч, ухаалгаар ашиглаарай, нэр дэвшигчид ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [103.10.23.167] 2024-06-04 19:51:28

Жагсаалтаар ямар дэмий хүмүүсийг шахах бол гэж эмзэглэж бна даа

Л БАР [66.181.184.193] 2024-06-04 12:54:49

ЭНЭ ЖИЛ СОНГУУЛИЙН ИРЦИЙН БОСГО ГЭЖ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. МОНГОЛЧУУДЫН 1 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГСӨН Ч СОНГУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР. УЛНЫХАН ГЭДЭГ ҮГНИЙ УЧИР ЭНЭ ДЭЭ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.