ПАРИС 2024: Афганистан улс гурван эмэгтэй тамирчин олимпод оролцуулахаа мэдэгдлээ
Афганистан улс Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны шаардлагын дагуу "Парис 2024"-т хүйсийн тэгш байдлыг хангах болсноо зарлав. Тодруулбал, тус улсаас ирэх олимпод зургаан тамирчин оролцохоор болсны гурав нь эмэгтэйчүүд байх юм. Тус улсын тамирчид дугуй, хөнгөн атлетик, усанд сэлэлт, жүдогийн төрлөөр цагаан хуудсаар оролцох боломжтой аж.
ОУОХ-ноос Талибаны эрх баригчдын энэ шийдвэрийг хүйсийн тэгш эрхийг хангахад дэвшил болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Талибаны өмнөх хуулиар бол эмэгтэйчүүд спорт зааланд орохыг хориглосон байдаг.
Хэдийгээр нааштай шийдвэр гаргасан ч "Парис 2024" олимпын үйл ажиллагаанд Талибаны засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахгүй гэсэн өмнөх байр суурь хэвээр байгааг ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс онцолжээ.
ОУОХ өмнө нь 1999 онд Афганистаны Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны үйл ажиллагааг түдгэлзүүлж, 2000 оны олимпод оролцох эрхийг нь хасаж байв. Улмаар 2001 онд талибанчууд засгийн эрхээ алдсаны дараа дахин сэргээсэн билээ.
Талибанчууд 2021 оны наймдугаар сард тус улсын засгийн эрхийг дахин авсан юм. Үүний дараа охидын дунд сургуулийг хааж, эмэгтэйчүүдийн зорчих эрхийг хязгаарлаж, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал руу орохыг хориглосон. ОУОХ-ноос Афганистаны эрх баригчдад удаа дараа шаардлага хүргүүлсэн юм.
Эх сурвалж: Inside The Games
Сэтгэгдэл