Д.Энхжаргал: Шалгуулагч нэг удаа дахин шалгалтын хуудас авах эрхтэй
Элсэлтийн шалгалт маргааш эхлэхтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.
-Элсэлтийн шалгалт маргааш эхлэх гэж байна. Энэ жил хэчнээн сурагч шалгалтад оролцохоор бүртгүүлсэн бэ?
-Энэ жилийн элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны хооронд болно. Улсын хэмжээнд нийт 46 шалгалтын байранд 2500 гаруй зохион байгуулагч комиссын гишүүд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Өмнөх оны төгсөгч зургаа мянга орчим шалгуулагч бий.
Сэдэв даалгавар зохиож буй хүмүүс маань вакумжсан, утасны сүлжээ, интернэтгүй орчинд цагдаагийн болон тагнуулын ерөнхий газрын хамгаалалтад нэг сарын хугацаанд ажилласан. Шалгалтын байр бэлэн. Шалгалтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байна.
Долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монголын түүхийн хичээлээр шалгалт эхэлнэ.
-Өнгөрсөн жилүүдэд шалгалтад оролцогчид ямар алдаа гаргаж байсан бол. Энэ жил юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Алдаа дутагдал гэхээсээ илүү бичиг баримтын бүрдэл дутуу авчрах, цагаасаа хоцрох, цагаа хэт тулгаж ирэх тохиолдлууд байдаг. Шалгалт өгч буй хүүхдүүддээ хэлэхэд, шалгалт өгөх байрны гадаа 30 минутын өмнө ирэх, шалгалт өгөх анги танхимдаа 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой.
Бүрдүүлэх бичиг баримт нь иргэний үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас юм. Энэ дөрвөн бичиг баримтыг авчирч байж шалгалтад орох эрхтэй болно. Магадгүй иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд “E-Mongolia”-гийн лавлагаа, гадаад паспорт, жолооны үнэмлэхээ үзүүлж шалгалтад орох боломжтой. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь байхгүй шалгуулагч “E-Mongolia”-гийн лавлагааг мөн авчирч орж болно.
-Тухайн шалгуулагч танхимд орохдоо юу, юу авч орох ёсгүй вэ?
-Танхимд орохдоо дээр дурдсан дөрвөн бичиг баримтыг шалгуулж орно. Өөр ямар нэгэн үзэг, харандаа, томьёоны хураангуй, гар утас, сурах бичиг, ноорог цаас гэх зүйлүүдийг авч орохгүй. Үүнийг шалгалтын журмаар хориглосон байдаг.
Үнэлгээний төвөөс балын харандаа, баллуур, харандаа үзүүрлэгч өгдөг. Шалгалтын дэвтрийнхээ ар, өвөр дээр нь ноороглох боломжтой.
-Хүүхдүүд шалгалт өгөхөөр ямар хичээлийг түлхүү баталгаажуулсан байгаа вэ?
-10 хичээлээс сонгож хүүхдүүд шалгалтаа өгдөг. Жил бүр хамгийн өндөр тоогоор сонгодог хичээл бол математик, нийгэм судлал, англи хэлний хичээлүүд юм. Математикийн хичээл дээр гэхэд 26 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Дунджаар нэг хүүхэд 4-5 хичээл сонгосон байдаг.
-Элсэлтийн шалгалтын дүнгээ хэзээ сонсох боломжтой вэ?
-Шалгуулагч шалгалтаа өгсний дараа шууд засалтын анги танхимд орж, 100 онооноос хэдэн оноо авсан бол гэх анхны оноогоо мэдээд гарах боломжтой. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын оноогоо мэддэг байсан бол шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлснээр хүүхдүүд шалгалтаа өгсөн даруйдаа өөрийнхөө гүйцэтгэлийн оноог мэдэх боломжтой болсон. Улсын хэмжээнд 24 цагийн дотор 800-гаас хэдэн оноо авсан гэдгийг хэмжээсжүүлээд элсэлтийн шалгалтын сайтдаа байршуулна.
Алдаатай будсан тохиолдолд дахин шалгалтын хуудас авах боломжтой юу?
-Магадгүй санаатай, санаандгүй байдлаар хариултын хуудсаа урах, хэтэрхий их баллуурдаж байгаад цоолох, нэг хариултан дээр хоёр хариулт дугуйлах зэрэг тохиолдолд нөөцийн хариултын хуудаснаас нэг хүүхдэд нэг удаа боломж олгож өгдөг. Дахин шалгалтын хуудсыг бөглөж амжих хугацаа бий юу гэдгийг харгалзан үзнэ.
Батламжаа долдугаар сарын 9-нөөс элсэлтийн шалгалтын цахим хуудсанд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, хэвлэж авах боломжтой.
-Монгол хэл, бичгийн шалгалтдаа хангалтгүй дүн авсан ч элсэлтийн шалгалтдаа орох эрхтэй гэж сонссон?
Монгол хэл, бичгийн эрхийн шалгалтыг Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авдаг болсон. Энэ шалгалт нь босго оноотой. Босго онооны болзол хангасан хүүхдүүд Их, дээд сургуульд орох эрхтэй. Босго онооны болзол хангаагүй таван мянга гаруй хүүхэд бий. Дахин боломж олгох үүднээс наймдугаар сарын 17-нд дахин шалгалтыг зарласан байгаа. Энэ хүүхдүүд маань босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалт өгөх боломжтой. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо аваад дахин шалгалтдаа босго оноогоо давчихвал наймдугаар сарын сүүлээр Их, дээд сургуулиудын нэмэлт элсэлтэд хамрагдах боломжтой
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл