УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолсон юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, Ж.Ганбаатар нар уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржид амжилт хүслээ.

зураг

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 88.2 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүн:

  1. О.Батнайрамдал
  2. М.Бадамсүрэн
  3. Э.Батшугар
  4. М.Мандхай
  5. Л.Соронзонболд
  6. М.Энхцэцэг
  7. П.Батчимэг
  8. Б.Жаргалан
  9. Б.Мөнхсоёл
  10. А.Ундраа

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг; асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: ikon.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.