Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн нарыг байнгын хорооны даргад дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 06 цаг 28 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, тус Байнгын хорооны даргад Г.Тэмүүлэн гишүүнийг нэр дэвшүүлж буйгаа танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын Американ их сургуулийг олон улсын харилцааны бакалавраар төгсөж, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2015 оноос Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж.
Г.Тэмүүлэн гишүүний төрд ажилласан туршлагын үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав. Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асуух, түүнд хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжих томьёоллыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар улсын их хурлын гишүүн Ж.Бат-эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн нарыг томиллоо" хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл