Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг наймдугаар сарын 12-ноос бүртгэнэ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлүүлэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулах юм.
Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан.
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна. Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоожээ.
Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой аж. Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандахыг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл